sonin.mn

Орос, Зөвлөлтийн нэрт дуучин, ая зохиогч, театр киноны нэрт жүжигчин Владимир Семёнович Высоцкий сэрүүн тунгалаг байсан бол өнөөдөр 78 насны ойгоо тэмдэглээд  ануухан сууж байх байсан юм.

Москва хотын Куйбышевийн нэрэмжит барилгын дээд сургуульд /МИСИ/ ердөө ганцхан улирал суралцсан Володя шалгалтын өмнөхөн арай ядан зурсан шугам зургийн даалгавар дээрээ санаандгүй хар бэхээ татаад асгачихсан гэдэг.
Яаж ч зураад амжихгүйгээ мэдэн гутарсан, дээр нь цааш суралцах сонирхолгүй Высоцкий нэг мөсөн сургуулиа орхин урлагт хүчээ сорихоор шийджээ.

Ийнхүү тэрээр ирэх намраас нь /1956-1960/ Москвагийн театр урлагийн дээд сургуульд элсэн орсноор насан туршдаа аугаа их урлагаас алхам ч холдоогүй юм.

Володя нэгдүгээр дамжааны оюутан байхдаа Иза Жуковатай танилцан дотносож улмаар 1960 онд гэр бүл болжээ. Гэвч тэдний хамтын амьдрал төдийлөн удаан үргэлжилсэнгүй. 1961 онд “713-р галт тэрэг суудлаа эзлэхийг хүсэж байна” киноны зураг авалтын үеэр Людмила Абрамоватай танилцан хоёр дахь амьдралаа зохиожээ. Тэд 1965 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан байдаг. Людмила Высоцкийд хүү Аркадий /1962/, Никита /1964/ нарыг төрүүлж өгчээ.

1967 оны Москвагийн кино фестивалийн өдрүүдэд тэрээр насан туршийн жинхэнэ хайраа олж танилцан Орос гаралтай Францын алдарт жүжигчин Марина Владитай /Марина Владмировна Полякова/ жинхэнэ мөнхийн хайрын галыг ноцоожээ.

Тэр үед “Увидасч эм” киноны гол дүрд нь тоглосон Францын жүжигчин Марина Влади  Зөвлөлт орны олон мянган эрчүүдийн  зүрх сэтгэлийг  байлдан дагуулж байлаа. Харин Маринаг баргил бүдүүн, сөөнгө дуутай хүдэр чийрэг Высоцкий жинхэнэ утгаар бүрэн эзэмдэж чадсан юм. Марина Влади одоо өөрийн эр нөхөр Высоцкийтэй хамт өнгөрүүлсэн он жилүүдийнхээ тухай  “Владимир ба тасалдсан нислэг” намтарчилсан роман бичиж байгаа бөгөөд энэхүү номын Орос хэлний орчуулагчаар түүний Орос дахь албан ёсны төлөөлөгч  Юлия Абдулова ажиллаж байгаа юм.

Владимир Высоцкийн бичсэн хамгийн анхны шүлэг сонирхолтой түүхтэй байдаг. 1953 оны 3 сарын 8-нд тэрээр 8-р ангийн сурагч байхдаа аугаа их жолоодогч Сталинг таалал төгссөнд улс хотлоороо эмгэнэн гашуудаж байхад балчирхан насны нулимс дуссан харууслын шүлгээ зохиож байжээ.

Түүний уран бүтээлийг 1964 оноос тасралтгүй ажилласан Москвагийн алдарт Таганкийн театраас салган ойлгох аргагүй юм. Эндээс Владимир Семёнович “Чанх дээшээ” /1968/ кинонд дуулсан анхны дууны хуурцгаа хэвлүүлснээр алдрын гараагаа эхэлсэн. Удалгүй нэлээд хэдэн хуурцгаа  гаргаж амжсан тэрээр Ленинград /Санкт-Петербург/ хотын “Восток” дууны клубын урилгаар анхны тайлан тоглолтоо хийснээс хойш их, дээд сургуулиуд, албан байгууллагуудад урилгаар зочлон усан онгоц, нисэх экипажийн хөлгийн бүхээгт ч ая дуугаа өргөсөөр байв. Высоцкий Оросын бараг бүх хот, тосгодоор болон  Унгар, Болгар, Франц, Канад, ХБНГУ, АНУ зэрэг дэлхийн олон орноор зочлон тогложээ.

Владимир Высоцкий амьдралынхаа туршид нийт 600 гаруй дуу, шүлэг зохиож, театрын тайзнаа 20 гаруй, телевизийн болон уран сайхны киноны 30 орчим, радио жүжгийн найман дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээж чадсан нэгэн билээ. Владимир Высоцкий өөрийн үг, аяыг нь зохиосон дуугаа өөрөө гитар хөгжмөөр амилуулан дуулдгаараа түүхэнд  алтан үсгээр бичигддэг билээ. 2010 онд ОХУ-д явагдсан “XX зууны шүтээн хэн бэ” нэртэй социологийн нэгэн томоохон судалгааны дүнд Высоцкий 2-р байр эзэлсэн байдаг. Сонирхолтой нь санал асуулгын жагсаалтын тэргүүн байрыг анхны сансрын нисгэгч Юрий Гагарин эзэлсэн байна.

Владимир Высоцкий амьдралынхаа сүүлийн жилүүдэд архийг хэтрүүлэн хэрэглэх болсноор эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх болжээ. Архины эсрэг олон талын тууштай эмчилгээ хийгдэж байсан ч сайжралыг ололгүй сүүлдээ мансууруулах төрлийн эм морфины доозыг ч нэмэн хэрэглэх болжээ. 1970-аад оны дундуур Марина Влади Парисаас архинаас гаргах үйлчилгээтэй “эспераль” эм авчран Высоцкий болон түүний журмын нөхөр Олег Даль нарт уулгаж байсан баримт байдаг. Олег Даль архинаас цөөн хэдэн жил гараад эргэн орсон байна. Харин Владимир Высоцкий биеэ татан авч дийлээгүй гэдэг юм.  

1979 оноос мансуурах бодист  хэт автан үндсэндээ клиник үхэлд хүрсэн байсан талаар хожим ойр дотныхон нь дурссан байдаг. 1980 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Калинградад хийсэн тоглолтын үеэр түүний бие гэнэт мууджээ. Долоодугаар сарын 3-ны өдөр Москва хотын салбар Люберцийн соёлын ордонд бие нь ядруу муу байсан ч цоглог өөдрөгөөр дуулан хөгжимдөж  тоглолтын хугацааг сунган тайзан дээр тасралтгүй бүтэн хоёр цаг тоглож чадсан юм. Долоодугаар сарын 14-ний өдөр Москвагийн тайзан дээр тэрээр хамгийн сүүлчийн удаа “Уйтгар минь, гуниг минь... Цыган сэдвийн хувилбар” дуугаа өргөжээ.

Тэрээр тайз дэлгэцнээ олон сайхан дүрийг амилуулж чадсанаас Шекспирийн “Гамлет” жүжгийн Гамлетийн дүр бүтээлийнх нь ноён оргил юм. Долоодугаар сарын 18-ны өдөр Владимир Семёнович Высоцкий төрөлх Таганкийн театртаа домогт “Гамлет”-ийн дүрээрээ сүүлчийн удаа мэндчиллээ. Тэрээр энэ гайхамшигт дүрийг гадаад, дотоодын алтан тайзан дээр 217 удаа тоглосон байх юм. Владимир Семёнович Высоцкий 1980 оны долоодугаар сарын 25-ны Москвагийн олимпийн тоглолтын өдрүүдэд ертөнцийг орхин одсон билээ. Түүнийг мансууруулах бодис үхлийн доозоор хэрэглэсэн гэж Марина Влади одоо хэр нь харамсан ярьдаг юм.

“Нөхрийг бүү хай. Олдсоноо хайрла”

                                                 Орос ардын зүйр цэцэн үг

Жинхэнэ Орос хүн гэгддэг алдарт кино найруулагч, жүжигчин Василий Шукшиныг 1974 онд таалал төгсөхөд хамгийн их гашуудаж, харууслын шүлэг найраглалаа ч Высоцкий түүнд зориулж байжээ. Хувь заяаны тайлагдашгүй сонин учралаар хожим тэрээр Василий Макаровичийн төрсөн өдрөөр хорвоогоос буцсан байдаг.

Высоцкийн шарилыг хүндэтгэн түүний алдар суугаа мандуулсан Таганкийн театрт нь хэд хоног салах ёс гүйцэтгэхэд Москва хотод Таганий талбайд зүү орох зайгүй хүмүүс дүүрэн байлаа. Алдарт жүжигчний дахин тоглож амжаагүй жүжгийн тасалбарыг нэг ч үзэгч театрын кассанд буцаагаагүй гэдэг. Хаа ч явсан түүнийг эгэл жирийн хүмүүс, найз нөхөд нь хүрээлэн бүчдэг байсан юм. Түүний ангийн анд ирээдүйн нэрт яруу найрагч Игорь Кохановский, кино зохиолч Владимир Акимов нар Москвагийн “Большая Каретная переулка”-д хамтдаа амьдарч байжээ.
Яагаав түүний  дуунд гардаг “Их сүйх тэрэгний гудманд өнгөрсөн 17 нас минь чи хаана байна” гэдэг алдарт гудамж шүү дээ. Уг нь энэ байрны эзэн нь яруу найрагч Левон Кочарян санж. Гэтэл тэднийд 1960-аад оны шилдэг залуус цугларан халуун яриа өрнүүлдэг байжээ. Тэдний дотор алдарт кино найруулагч Андрей Тарковский, Василий Шукшин, зохиолч Артур Макаров, кино зохиолч Владимир Акимов, Анатолий Утевский нар байнгын зочид байсан юм. Тэд уулзахад ширээний ард ганц лонх юм байсныг энд нуугаад хэрэггүй биз.
Энэ үеийг Высоцкий хожим дурсахдаа “Бид ердөө тал үгээрээ л ойлголцдог байсан юм. Бие биенээ харцаараа, зөвхөн хөдөлгөөнөөрөө мэдэрч чаддаг байсан” гэж бахдалтайгаар дурссан байдаг. Мэдээж түүний үе, үеийн болон театрын найз нар Всеволод Абдулов, Иван Бортник, Иван Дыховичный, Борис Хмельницкий, Валерий Золотухин, Валерий Янклович, Давид Карапетян, Даниэль Ольбрыхский, Вадим Туманов, Виктор Туров, Михаил Барышников, Сергей Параджанов нарыг өнөөдөр дурдахгүй  өнгөрч болохгүй юм.
Парист танилцсан Михаил Шемякин түүний олон шүлгийн чимэг зургийг хийсэн төдийгүй Самарт гэрэлт хөшөөг нь босгожээ. Михаил Михаилович мөн нөхрийн дурсгалд зориулан 1975-1980 онд шилдэг дуунуудыг нь пянзанд бичүүлсэн байдаг.

Володягийн дуучин гитарууд

Высоцкийн хамгийн үнэнч туслагч нь гитар хөгжим нь билээ. Энэ гайхамшигт хөгжмийн зэмсэггүйгээр түүний ертөнцийг төсөөлөх ч аргагүй билээ. Владимир 1966 онд Алексей Дикогоос нэгэн гитар худалдан авчээ. Тэр нь 150 жилийн түүхтэй байжээ. Австрийн уран дарханы хийсэн хөгжмийг анх Гагарин ван худалдан авсан нь жүжигчин Блюменталь-Тамаринд шилжжээ.

Тамарин нь Дикод бэлэглэсэн ажээ. Нэрт мастер Александр Шуляков 1975 оноос эхлэн түүнд 4-5 гитар урлаж өгсөн байдаг. Мөн түүнд хоёр бариултай гитар ч байсан бөгөөд хэзээ ч хэрэглэлгүй нандигнан хадгалсан хөгжмийнхөө зургийг “Владимир Высоцкийн концертууд” цуврал 9-р пянзны хавтасны арын зохиомжинд ашигласан байна. Высоцкий 1979 онд Достоевскийн “Гэм зэм” жүжигт амжилттай тоглосонд талархаад кино найруулагч Владимир Алеников цагтаа Петербургийн дархан Ягодкиний урлаж байсан ховор гитарыг бэлэглэсэн байна.
Найрагчийг нас барсны дараа Алеников гитараа сураглан хайсан боловч хэн ч авахын аргагүй болсон эвдэрхий сэг олджээ. Улмаар тэрээр гитараа АНУ руу авч очин Энэтхэг дархан Рик Тернерээр шинэчлэн засуулж “Acoustic Guitar” сэтгүүлд зургийг нь “Высоцкий” нэрээр хэвлүүлжээ.


Высоцкийн “алдарт” төмөр хүлгүүд

Владимир Высоцкийн найз нарын дурсамжийг үзвэл, тэрээр 200 км/цаг хүртэл хурдлах дуртай байсан бөгөөд нэлээд хэдэн удаа машинаа онхолдуулсан байна. Анх Володя Высоцкий 1967 онд саарал өнгийн “Волга ГАЗ-21” машин худалдан авсан боловч тун удалгүй “техникийн шалтгаан”-аар жагсаалаас гарчээ.

1971 онд 16-55 МКЛ хувийн дугаартай ЗХУ-даа цөөхөн “ВАЗ-2102” маркийн машинаа эвдэртэл нь түр унаж байжээ. Марина Влади түүнд Парисаас “Renault 16” маркийн машин авчирч өгсөн юм. Хачирхалтай нь унасан өдрөө мөргөлдчихжээ. Түүнд сайн найз олон хойно дор нь засаад өгчээ. Тэр ч бүү хэл, алдарт дуучинд ЗЦГ-ынхан ч найрсаг хандаж Парисын дугаартай машиныг зөвхөн Москва хот дотор 100 км хүртэл зорчих үнэмлэхүй давуу эрх олгосон байдаг. Яг энэ дугаартай төмөр хүлгээрээ 1973 онд Высоцкий, Марина Влади нар Москвагаас Франц хүртэл чөлөөтэй аялсан түүх бий /Социализмын үед шүү дээ/.  
Жилийн дараа Высоцкий Германаас тоглолт хийгээд ирэхдээ хул, саарал өнгийн хоёр “BMW” оруулж иржээ. Гэтэл хул өнгийн машин нь “буруу зам”-ын эд болохыг замын цагдаагийн танилаасаа мэдэн нэг дугаараа ээлжлэн сольж зүүдэг байсан сонирхолтой баримт байх юм. “Олон хавар нэгэндээ” гэгчээр Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан “хул хонгор”-оо Герман руу нутаг буцаан, саарлыг нь Парист “аргалжээ”.

1976 онд Марина дахин эр нөхрөө “эрхлүүлж” цоо шинэ загварын, дөрвөн хаалгатай мөнгөлөг хөх өнгөтэй “Мерседес” /модель 450SEL 6.9 тавцантай W 116/ машиныг гоёмсог чамин хийцийн 10 машинаас сонгосон нь тухай үедээ ЗХУ-даа анхдагч нь болжээ. Энэ машин нь түүний Москвад албан ёсоор бүртгэгдсэн улсын дугаартай гадаад маркийн  анхны машин гэдэг. Шинэхэн загварын энэ машиныг ЗХУКН-ы “генсек” Леонид Брежнев унаж байсан бол сарын дараа Сергей Михалков нэгийг олоод авчээ.

1979 онд Владимир мөн Германаас буцаж ирэхдээ хоёр хүний суудалтай спорт загварын шаргал хүрэндүү “Мерседес-350”-тай ирэхдээ Москвагийн олимпийн авто замын бүтээн байгуулалт  ид явагдаж байсан тул “хөлөөр” нь нийслэлд хүргэж чадаагүй өөрөө онгоцоор  нисэж ирсэн гэдэг.

Өнөөдөр Оросын сонин хэвлэл, мэдээллийн сайтууд Высоцкийн мэдээллээр дүүрчээ. Түүний амьдарч байсан байшин, дуулж байсан театр, концертоо тоглож байсан хотуудад үзэсгэлэн нээсэн баярт мэдээ шил, шилээ даран нэмэгдсээр байна.

Эхнэр Мари Владийн хамт

Уралын нийслэл Екатеринбург хотноо яг гурван жилийн өмнө /хуучнаар Свердловск/  Владимир Высоцкийн музей нээгдлээ. Нээлтийн ёслолд театр киноны жүжигчин, Высоцкийн  хүү Никита болон ОХУ-ын Уралын холбооны  тойргийн Ерөнхийлөгч Игорь Холманский, тус мужийн Засгийн газрын тэргүүн Денис Паслер нар оролцсон байдаг.


 
хүү Никита Высоцкий

Мөн хүндэт зочдын дотор Екатеринбург хотын менежер Александр Якоб, хотын Думын тэргүүн Евгений Порунов нар болон албаны бусад хүмүүс байлцав. Энэхүү музейг үүсгэн байгуулахад түүний хүү Никита Высоцкийн гавьяа асар их  бөгөөд алдарт дуучны эдэлж хэрэглэж байсан олон сонирхолтой зүйлийг үзмэр болгон тавьжээ. Эдгээрийн дотор түүний унаж байсан дэлхийд ховорхон “Mercedes 350 W 116” маркийн авто машин,  музейн захиалгаар Александр Сильницкийн бүтээсэн Высоцкийн цорын ганц лаан баримлыг үзүүлж байна. Мөн музейн танхимд Высоцкийн 1962 онд тус хотод аялан тоглолт хийхдээ байрлаж байсан “Большой Урал” зочид буудлын өрөөг дууриалган босгосон байдаг.

“Уйтгар минь, гуниг минь 78 хавар чамтай золгох байлаа...”

 

Шог зураач Л.Мөнхбат