sonin.mn
“Барин ламын намтар бүтээл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулах талаар Монголын бурхан шашны дээд сургууль /МБШДС/-ийн багш, МБШТ, Гандантэгчэнлин хийдийн лам нар мэдээлэл хийв.
 
МБШТ, ШДС-ийн багш Б.Соронзонболд "Брагри Ёнзин Дамцагдорж ламтан Түвдэд ном эрдэм сурч ирээд 40 гаруй жил Монгол нутагтаа олон шавь нарыг боловсруулж сүм хийдүүд байгуулан Монголын бурханы шашны хөгжилд их тус нэмэр оруулсан.
 
Барин ламын 4 дүгээр дүрийг 2011 онд Дээрхийн гэгээн Далай лам, 9-р Богд нар Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас тодруулж, одоо Энэтхэгийн Сэра дацанд суралцаж байгаа.
 
Наймдугаар сарын 11-нд Барин ламын 4 дүгээр дүрд Бат-Оршил өргөнө. Энэ ёслолыг угтаж олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь “Барин ламын намтар бүтээл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал юм. Хурал энэ сарын 20-ны өдөр 10 цагаас МБШДС-ийн хурлын зааланд эхэлнэ" гэлээ.
 
Барин лам буюу Брагри Ёнзин Дамцагдорж ламтан 1781 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг улаан хошуу гэдэг газар Цэвээндашийн гэрт мэндэлжээ.
 
Тэрбээр нийт 23 боть сүнбүм 763 ном зохиол туурвисан нь Буддын гүн ухаан, анагаах ухаан, түүх намтар, бурхадыг бясалган бүтээх арга, хурлын зан үйл, сүм хийдийн жаяг дэглэм, уул овооны сан тахилга, хурлын уншлагын зан үйл, тарнийн гүн ухаан, олон бурхадыг бясалган бүтээх арга, тарнийн номын хөтөлбөрүүд, Дамдин янсан бурханы номын аймаг зэрэг чиглэлээр ном бүтээлээ туурвижээ.
 
Түүний ном эрдмийг биширч Түвдийн 4-р Банчин Богдын багш Лувсанданзан тэргүүтэй Түвдийн ихэс дээдэс лам нар шавь орж байснаас Монголын 5, 6 дугаар Богдууд болон хүрээний ихэс дээдэс лам нар догшин ноён хутагт Данзанравжаа шавь орж номын багш нь болж байв.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг