sonin.mn
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ-аас 2016 оныг “Залуучуудын хөгжил, оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд Арвайхээрийн залуучуудын дунд “Урлаг, спортын анхдугаар бага наадам”-ыг амжилттай зохион байгуулж дүнгээ гаргасан  юм.
 
Спортын тэмцээнийг гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, зуун буудалт даам, олс таталт, үндэсний бөхийн барилдаан, ажлын байрны дасгал хөдөлгөөн гэсэн төрлөөр явуулж, давхарсан тоогоор 11 баг, байгууллагын 700 орчим тамирчин оролцсон бол урлагийн төрөлд 11 баг, 5 байгууллагын 165 оролцогч оролцож, ур чадвар, авьяас билгээ дайчлан өрсөлдсөн байна.
 
Бага наадмын эхний гурван байрыг багуудаас Арвайхээрийн 5, Дэлгэрэхийн 3, Рашаантын 8 дугаар багууд, байгууллагын дүнгээр ЕБ-ын 1, ЕБ-ын 2 дугаар сургуулиуд, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв эзлэсэн бөгөөд 205 залуучууд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
 
Арвайхээр суманд 18-35 насны 11577 залуу иргэн байдгаас 1038 нь “Урлаг, спортын анхдугаар бага наадам"-д оролцож, чөлөөт цагаа зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлжээ.
 
Өвөрхангай Б.Батчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг