sonin.mn
“Идэвхтэй хөдөлгөөн Зохистой хооллолтыг дэмжие” аяны хүрээнд Баянхонгор аймагт идэрчүүдийн явган аяллын тэмцээн зохион явууллаа. Өмнө нь Өсвөрийн аварга шалгаруулах явган алхалтын тэмцээний мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл энэ тэмцээн нас насны ангилалд болох бөгөөд явган алхалтын хөтөлбөрүүд зуны турш үргэлжлэх юм байна.
 
Энэ удаад шилжин явах тугийг аймгийн Прокурорын газар хүлээн авч, Эрүүл мэндийн газартай хамтран "Спорт явган аялал"-ын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулсан. Тэмцээнд зургаан багийн 30 гаруй тамирчин 5 км зайд алхаж хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан 4 төрлөөр өрсөлджээ.
 
Тэмцээнд аймгийн Цагдаагийн хэлтсийн баг тамирчид түрүүлж, Спорт явган аялалын "Хонгор нутаг" клуб, Прокурорын газрын баг тамирчид тус тус удаалсан байна. Мөн тэмцээний шилдэг эрэгтэй тамирчин "Нэгдсэн эмнэлэг"-ийн багаас шалгарч, шилдэг эмэгтэй тамирчин Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн багаас шалгарчээ.
 
Аяны үйл ажиллагаа хоёр дахь жилдээ амжилттай үргэлжилж байгаа бол энэ жилээс ийнхүү уралдаант тэмцээнтэй болон өргөжиж байгаа аж.
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг