sonin.mn
БНСУ-ын Зэвсэгт хүчний дугаар ангийн буун дарга, түрүүч ЛИМ ДАНИЕЛ. Орчин үед даяарчлагдсан үндэстэнийг л хамгийн хүчирхэг үндэстэнд тооцож байна. Даяарчлагдан буй үйл явцад Монгол Улс ч гэсэн өөрийн гэсэн үүрэг, ролийг гүйцэтгэн оролцож байгаа билээ. 
 
Тэгвэл саяхан 10 дахь жилдээ явагдсан “Хааны эрэлд” олон улсын сургалт, дадлагад гадны Зэвсэгт хүчинд алба хааж буй цөөнгүй монголчууд байсан. Монголд төрж, өссөн ч нутагтаа өөрийн хүсэлтээр цэргийн албанд татагдсан солонгос залуутай хэсэг хором ярилцлаа.
 
- Өөрийнхөө талаар манай уншигчдад товч танилцуулаач?
 
-Намайг Лим Даниел гэдэг. 1995 онд Монгол Улсад төрж, 19 жил амьдарсан. Солонгосын армийн цэргийн алба хаагч, жирийн нэгэн залуу.
 
-Монголд төрж, олон жил амьдарсан залуу, яаж яваад Солонгост очоод цэргийн алба хаачав?
 
-Миний хувьд монголд төрж, өссөн ч багаасаа солонгос цэцэрлэг, сургуулиар хүмүүжсэн. Тийм болохоор миний монгол хэл, тэр тусмаа бичгийн хэлдээ муу учраас Монголд дээд боловсрол эзэмших хүндрэлтэй. Ийм ч учраас эцэг эхтэйгээ ярьж, зөвлөлдөж байсанаараа Солонгосын их сургуульд техникийн инженер чиглэлээр суралцахаар очсон. Нэгдүгээр курсээ төгсөөд цэргийн албанд татагдсан.
 
-Гэрийнхэн чинь цэрэгт явахыг чинь яаж хүлээж авсан бэ?
 
-Аав минь цэргийн алба хаасан, тийм болохоор намайг явахад харин ч дэмжсэн. Гол нь би өөрөө иргэн хүнийхээ хувьд улсынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж үзсэн болохоор цэрэгт явсан.
 
- Монголд төрсөн солонгос хүн. Хамт алба хааж байгаа, залуус чинь чамд яаж хандаж байна?
 
-Бусад хүмүүст яаж ханддаг шигээ л байдаг. Яагаад гэхээр Солонгос Улсад хуулийнхаа дагуу бүх эрчүүд цэргийн албыг заавал биеэр хаах ёстой. Тийм болохоор Америк, Япон, Европын орнуудад төрж, өссөн ч Солонгосын иргэн л бол нутагтаа ирж цэргийн алба хааж байгаа олон залуучууд бий. Би тэдэнтэй адилхан зарчмын дагуу л яваа. Тийм болохоор бусдаас ялгараад, онцгойрох хандлага байдаггүй.
 
-Тэгвэл Монголд өссөн хүний хувьд хамт алба хааж байгаа залуусаасаа ялгарах давуу тал байдаг уу?
 
-Байлгүй яахав. Монгол эрс тэс уур амьсгалтай учраас зундаа халж, өвөлдөө маш их хүйтэрч, хавар, намартаа хүчтэй салхитай байдаг. Ийм нөхцөлд өссөн хүн чинь хэр баргийн нөхцөлд дасаад явдаг нь өөрт анзаарагдсан.
 
- Монгол Улсад явагдаж буй “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад оролцож байна?
 
-2 жил хаадаг цэргийн албаны хугацаандаа олон улсад нэр хүндтэй сургалт, дадлагад хамрагдана гэдэг миний амьдралын сайхан дурсамжуудын нэг болно. Энэ сургалтад оролцоход нөлөөлсөн том түлхэц бол монгол хэлийг мэддэгт байсан гэж хувьдаа үзэж байна.
 
- Монголд амьдарч байхдаа Солонгос руу очдог байсан уу?
 
-Солонгост эмээ, өвөө гээд садан төрөл минь байдаг болохоор гэр бүлээрээ жилд нэг удаа солонгос руу явдаг. Гэхдээ тэнд удаан байж үзээгүй. Сая л сургуульд сурах гэж явахдаа хамгийн удсан. Цэрэгт татагдаад монгол руу хоёр жил явахгүй нь гэж бодож байсан ч ирэх ёстой газраа хүн ирдэг л юм байна.
 
- Солонгос Улсын Зэвсэгт хүчний нэгэн нүүр царай болон ирэх ямар санагдаж байна?
 
-Энэ тухай яг ийм тийм гэж хэлэх маш хэцүү. Өмнө нь зөндөө удаа ирж, явж байсан. Харин цэргийн алба хаагч болоод Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буухад өмнө ирж байсан шигээ байж чадахгүй байсан. Урьд нь аав, ээж рүүгээ очоод үнсүүлээд л гэртээ харьдаг байсан бол сая гараараа даллаж мэндлээд, уулзаж ч чадсангүй. Таван толгойд байх үед гэрийнхэн минь ирээд явсан. Одоо өдөр болгон утсаар ярьж байна.
 
-Монгол Улсад зохиогдсон Олон улсын сургалт, дадлагад оролцсон сэтгэгдэл ?
 
-Би өмнө нь энхийг сахиулах ажиллагааны талаар тийм ч өргөн ойлголттой байгаагүй. Бусдын л адил Монголын цэргийн алба хаагчид дэлхийн халуун цэгт үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ гэсэн мэдээг зурагтаар үздэг байсан. Харин яг ийм сургалтад ороод ирэхээр монголчууд чинь зүгээр нэг оролцоод зогсохгүй, бусдад зааж сургах хэмжээнд хүрсэн арвин туршлагатай болсныг харлаа. 
 
Мөн Энхийг сахиулах гэдэг цэргийн алба хаагчаас маш олон чадвар, дадлага шаардахаас гадна цагийн байдалд тааруулж шийдвэр гаргах, нөхөддөө тусламж үзүүлэх гээд үүрэг хариуцлагыг давхар үүрүүлдэг хүндхэн алба гэдгийг биеэрээ мэдэрлээ.
 
Нэг зүйлийг нэмээд хэлэхэд Монгол Улсад уг сургалт, дадлага зохиогдоно гэхээр хээр талд майхан бариад л явуулах байх гэж бодсон. Тэгсэн чинь миний бодсоноос шал өөр нөхцөлд уг сургалт, дадлага явагдсан. Энэ олон орны цэргийн алба хаагчдыг бүгдийг нь байрлуулах байр, хооллох, сургалт явуулах, тэмцээн уралдаан зохиох гээд бүх зүйлд манай улсын цэргийн алба хаагчдад сэтгэл хангалуун байгаа.
 
-Хэрвээ чамд энхийг сахиулах боломж олдвол явах уу?
 
-Явна. Хугацаат цэргийн алба хааж байх үед минь тийм боломж гарвал би мэдээж дуртай хүлээж авна. Харин албыг минь сунгаад явуулна гэвэл эцэг эхтэйгээ зөвлөлдөж байж шийднэ. Гэхдээ бараг л явна, ийм боломжийг алдахгүй. Би гэлтгүй надтай уг сургалтад хамрагдсан залуус бүгд л явна гэж дуу нэгтэй хэлэх байх.
 
-Чи цэргийн албаа хаагаад сургуульдаа үргэлжлүүлж сурах уу?
 
-БНСУ-ын Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн албыг хоёр жил хаадаг. Миний хувьд дахиад нэг жилийн хугацаа дутуу байна. Албаа сайн хаагаад, үргэлжлүүлж сургуульдаа сурна.
 
- Монголд төрөөд олон жил амьдарсан солонгос залуу төрсөн нутгаа хэр санаж байна?
 
-Хичнээн солонгос хүн ч гэсэн төрсөн нутаг, өссөн газраа санана. Улаанбаатарт миний гэр бүл, найзууд гээд намайг таньдаг олон хүмүүс байгаа.
 
-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
 
-Эцэг эх хоёр маань хоёулаа солонгос хүмүүс. Аав минь 1993 онд Монгол Улсад ирж МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Одоо энэ чиглэлээрээ Монгол Улсад ажиллаж байгаа. Ээжийн минь хувьд хэдэн хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарал тавьсан сайхан эмэгтэй байдаг. Би өөрөө айлын том хоёр дүүтэй. Дүү нар минь Улаанбаатар хотод миний сурч байсан солонгос сургуульд сурч байгаа.
 
-Танай гэрийнхэн чинь бүгд чамтай адилхан монголоор сайн ярьдаг уу?
 
-Манай гэрт монголоор хамгийн сайн ярьдаг хүн бол аав. Аавыг минь ярьж байхыг сонссон хүн хэзээ ч гадаад хүн гэж хэлэхгүй. Маш цэвэрхэн ярьдаг. Харин ээж болон дүү нар минь нэлээд тааруу.
 
-Дүү нар чинь чамтай адилхан монголд төрж, өссөн үү?
 
-Тийм.
 
-Тэгээд монголоор яагаад муу ярьдаг билээ?
 
-Намайг анх монголд сургуульд явуулсан юм. Гэвч солонгос хүүхэд гэх үүднээс хүүхдүүд намайг гадуурхдаг байсан. Тэгээд аав, ээж хоёр минь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг, зөвхөн солонгос хүүхдүүд сурдаг сургуульд явуулсан. Дүү нар минь ч гэсэн уг сургуульд суралцаж байгаа.
 
-Та нарын суралцсан сургуульд чинь монгол хүүхдүүд сурдаггүй гэж үү?
 
-Яг монгол хүүхэд гэж хэлэхэд хэцүү л дээ. Учир нь тус сургуульд эцэг, эхийнх нь аль нэг нь заавал солонгос байж авдаг. Бүх хичээлийг солонгос багш нар солонгос хэл дээр заадаг болохоор дүү нар минь монголоор их муу ярьдаг. Мөн хичээлээ хийхгүй гээд аав минь зурагт бараг үзүүлдэггүй, энэ ч бас нөлөөлдөг байх.
 
Ээжийн хувьд гэртээ байдаг болохоор монгол хэлийг сурах боломж гараагүй. Гэхдээ ярихдаа муу болохоос ярьсныг сайн ойлгоно.
 
- Их сургуулиа төгсөөд хаана ажиллах төлөвлөгөөтэй байна?
 
-Монголд ирж аавынхаа ажилд тусална. Бас дахин суралцах төлөвлөгөөтэй байна. Хүний аливаа зүйлийг хурдан сурдаг үе бол бага нас байдаг. Уг чадвар нь аажмаар буурсаар алга болдог. Тиймээс залуу байгаа дээрээ сурах хэрэгтэй гэж боддог. Монголчуудын “сурахад хэзээ ч оройтохгүй ээ” гэдэг зүйр үгтэй санал нийлдэггүй. Харин нас явах тусмаа туршлага л суудаг биз.
 
-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлж байна?
 
-Цэргийн албанд татагдахаасаа өмнө найз нөхөдтэйгээ хамтдаа гадуур зугаалж, кино үзэх гээд чөлөөт цагаа сайхан өнгөрүүлдэг байсан. Харин цэрэгт татагдаж ирээд чөлөөт цаг гэдэг зүйлийг мартсан. Бидний бүх зүйлийг цагийн хуваарьтайгаар нарийн зохицуулсан байдаг.
 
-Энэ сургалт, дадлагаа дуусгаад гэрийнхэнтэйгээ уулзах уу?
 
-Хүслээр болдог бол гэртээ нэг хоноод явмаар л байна. Даанч хаалтын орой манай цэргийн багийн нислэгийг тохируулсан. Надаас өөр монголд гэртэй хүн байхгүй болохоор илүү хоновол байр, хоолноос эхлээд хүндрэл үүснэ. Мөн бид чинь цэргийн алба хаагчид болохоос аялж яваа жуулчид биш шүү дээ. Тиймээс нисэхээсээ өмнө онгоцны буудал дээр гэрийнхэнтэйгээ тухтай уулзаад л явна. Уг нь цэрэгт алба хааж байгаа хүнийг гэр бүл нь эргэж ирдэг байхад би цэрэгт татагдчихаад гэр бүлээ эргэж ирж байгаа юм шиг санагдаад байгаа.
 
-Монголд олон жил амьдарч байсан залуу хүний хувьд монгол залуусын талаар юу хэлмээр байна ?
 
-Монголын залуучууд их соёлтой, мэдлэгтэй. Энэ хааны эрэлд сургуульд монголын талаас оролцож байгаа залуучууд бүгд л англиар сайн ярьж байна ш дээ. Би өөрөө солонгос гэхээсээ илүүтэйгээр монгол тал нь давамгайлсан хүн. Над шиг бууз, хуушуурт дуртай солонгос хүн байхгүй байх.
 
-Ярилцсанд баярлалаа. Сүүлчийн асуултыг танд нээлттэй үлдээе.
 
-Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт цэргийн алба хаагчидад ажлын амжилт хүсье. Дахиад хэлэхэд би монгол хэл мэддэггүй байсан бол ирэхгүй байсан байх гэж хэлсэнчлэн, монгол хэл мэддэг болохоор танай сонинд ярилцлага өгөх сайхан боломж гарлаа. Иймээс дахиад л монгол хэл мэддэгээрээ гайхуулмаар санагдлаа.
 
Дэслэгч Э.Очхүү
Эа сурвалж: "Соёмбо" сонин