sonin.mn
Монсудар хэвлэлийн газар болон "Интерном" номын их дэлгүүртэй хамтран өнөөдөр хүмүүст амралтаараа ном унших, сонсох хэвшил олгох зорилгоор "Зуныг номтой өнгөрүүлцгээе" өдөрлөг зохион байгууллаа.
 
Энэ үеэр Давид Лагеркрандын "Аалзны торонд орооцолдсон охин", Мүраками Харүкигийн "Өнгөгүй Тазаки Цүкүри ба түүний эргэлтийн он жилүүд", Ричард Докинс "Бодит байдлын ид шид" зэрэг шинэ номын нээлт болов. Мөн "Дэлхийн бестселлер", "Хээрийн гал тогоонд", "Хөтөч, орчуулагч нарт", "Залуусын ширээнд" гэх мэт багц номыг нас, сэтгэхүйн онцлог, зориулалтаар нь ангилан уншигчдад санал болгосон юм. Эдгээр багцалсан номуудыг 10-30 хувийн хөнгөлөлттэй худалдан авах боломжтой.
 
Энэ сарын 18-нд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг үр дүнтэй, хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулсан Үлгэрийн майхан, Гүйцээж зурцгаая, Ажиглалт хийцгээе, Хөгжим тоглоё зэрэг сонирхолтой үйл ажиллагаа Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болохоос гадна “Зургаар хүүхдийг хэрхэн хөгжүүлэх вэ?”, “Хамтдаа уншъя” зэрэг эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж сургалт явагдах юм.
 
Долдугаар сард Англи хэлний анхан шатнаас гүнзгий шатны хүртэлх мэдлэг олгох найман цуврал номын нээлт болно. Номын нээлтэд оролцохоор Английн зохиолч Монголд ирэх төлөвлөгөөтэй байгаа аж.
 
Өдөрлөгийн үеэр зохион байгуулагчдын зүгээс зуны амралтыг зугаатай өнгөрөөх үйл ажиллагаанд уншигчдыг идэвхтэй оролцохыг уриалав.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг