sonin.mn
Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа манай энхийг сахиулагчид үндсэн үүргийнхээ хажуугаар орон нутагт хүмүүнлэгийн бүтээлч санал санаачлагыг хэрэгжүүлэн ажилласаар байна. Монголын Зэвсэгт хүчний 5 дугаар ээлжийн мотобуудлагын батальон иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Парианг суурингийн хуучирч эвдэрсэн дунд сургуулийн барилгыг шинээр барьж өгсөн сайн мэдээ ирүүллээ.
 
Сургуулийн барилгын ажлыг хагас сарын хугацаанд гүйцэтгэжээ. Мото буудлагын батальоны инженерийн салааны бүрэлдэхүүн хичээлийн байрны хана, тааз, хаалга, танхимын ширээ, сандал, шалнаас эхлээд гадна орчны тохижилт, хайс, зүлэг мод суулгах, бие засах газар гээд олон төрлийн ажлыг цогцоор нь хийсэн байна.
 
Монгол цэргийн сэтгэл шингэсэн сургуулийн байрыг багш сурагчдад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Юнити муж дахь "UNMISS" ажиллагааны Зохицуулагч хатагтай Хироко Хирахара болон Монголын батальоны захирагч, хурандаа Б.Баатар, орон нутгийн болон сургуулийн удирдлага, бусад хүмүүнлэгийн байгууллагууд, холбогдох албан тушаалтнууд, иргэд оролцжээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг