sonin.mn
Монгол Улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч хөгжсөний 13 жилийн ойд зориулсан тус байгууллагын түүхэн замнал, анхдагч, гавьяат үйлстнүүдтэй холбоотой баримт сэлтүүд, цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгсэл, багажууд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, улсын нөөцөд хадгалдаг бараа материалын дээж зэрэг 500 гаруй эд, өлгийн үнэт зүйлсийн үзэмэртэй музей нээлтээ хийв.
 
ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбаяр музейн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Онцгой байдал үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 33 мянган осол бүртгэж, 13 мянгаан хүнийг осол аваараас аварчээ.
 
Бид музейтэй болсноор манай байгууллагынхаа үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгий, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх,  хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх,  олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэхэд  чухал алхам болох юм".
 
Онцгой байдлыг Иргэний хамгаалах газар байхаас нь ажиллаж байсан Б.Жанчив сэтгэгдлээ хуваалцлаа, "Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Монгол УИХ-аас Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталснаар орчин цагийн Онцгой байдлын алба үүсч байгуулагдсан үндэс суурь тавигдсан гэж үздэг.
 
Ахмад үеийнхнийхээ ажил үйлсийг залуу хойчдоо таниулан сурталчлах, ОБЕГ гэж чухам ямар ажил үйлс бүтээж явдаг улс юм бэ гэдгийг бодитоор харуулсан Музейтэй болж байгаад баяртай байна" гэлээ.
 
Г.Уранчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг