sonin.mn
“Хөршийн хяналтын хөтөлбөр”, “Хөршийн хяналтын журам”-ын хүрээнд ухаалаг гар утас ашиглан “Би цагдаа” программыг нэвтрүүлж эхэллээ.
 
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагын алба хаагч, хорооны ажилтан, хөршийн хяналтын бүлгийн ахлагч, гишүүд хоорондоо мэдээлэл солилцох, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөх, шийдвэрлэлтийг шалгах юм.
 
Иргэд ухаалаг гар утсан дахь "Би цагдаа" программаар дамжуулан гэмт хэрэг, зөрчил, хөршийн хяналтын хөтөлбөр, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой мэдээллүүдийг илгээж, шийдвэрлэлтийн явц, үр дүнг шалгах боломж бүрджээ.
 
"Би цагдаа" аппликэйшн нь Хөршийн хяналтын цахим хуудас,  Гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл өгөх хэсэг, нэвтрэх хэсэг гэсэн 3 үндсэн хэсэгтэй. Хөршийн хяналтын цахим хуудаст нэвтэрснээр цахим хуудсанд нийтлэгдсэн хөршийн хяналттай холбоотой мэдээ мэдээлэл /видео, фото/, холбогдох хууль тогтоомж, тогтоол, журам, хөтөлбөр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зохион байгуулсан арга хэмжээний талаарх мэдээллийг хүлээн авах юм байна.
 
Харин гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл өгөх хэсэгт хандаж хөршийн хяналтын бүлгийн ахлагч, гишүүд өөрийн эрхээр, иргэд овог, нэр, е-мэйл хаягаараа бүртгүүлэн гэмт хэрэг, зөрчил, хөршийн хяналтын хөтөлбөр, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой мэдээллүүдийг өгөх боломжтой гэнэ.
 
Нэвтрэх хэсэгт иргэд бүртгүүлсэн эрхээрээ нэвтрэн орж цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийн шийдвэрлэлтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг харах боломжтой гэдгийг албаныхан хэллээ.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг