sonin.mn
МАНАУС. /ВВС/. Бразилын Манаус хотод Олимпын бамбарыг буухиалахад оролцуулан ашиглаж байсан шар цоохор ирвэсийг буудан хөнөөсөн гэж армийнхан мэдэгдлээ.
 
Энэ долоо хоногийн даваа гарагт болсон Олимпын бамбарыг буухиалан дамжуулах ёслолын дараа эм ирвэс гинжнээсээ гэнэт мултарч, нэгэн цэрэг рүү дайрсан гэж Бразилын армийн хэвлэлийн төлөөлөгч хэлэв.
 
Цэрэг рүү дайрах үед нойрсуулагч эм тариа бүхий дөрвөн ширхэг дартс шидсэн хэдий ч ирвэсийг зогсоож чадаагүй учир нэгэн цэрэг түүнийг буудсан байна.
 
Олимпын бамбарыг буухиалан дамжуулах ёслолд гинжтэй араатан ашигласан нь алдаа байсан гэдгийг Риогийн Олимпыг зохион байгуулагчид хүлээн зөвшөөрчээ.
 
Харин ирвэсийг хөнөөсөн явдлыг амьтдыг хамгаалах байгууллагууд буруушаагаад “ийм арга хэмжээнд зэрлэг амьтныг анхнаас нь оролцуулах шаардлагагүй байсан юм” гэв.
 
“Жума” нэрт энэ ирвэс төрсөн цагаасаа хойш Амазоны амьтны хүрээлэнд амьдарч байжээ.
 
Олимпын бамбарыг наймдугаар сард болох нээлтийн ёслол хүртэл Бразил даяар аялуулах юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг