sonin.mn
Монголын уран бүтээлчид, гадаадын жазз хамтлагуудын урт хугацааны хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлэх зорилготой “Их талын жазз” олон улсын X их наадам Улаанбаатар хотноо ирэх сарын 12-14-нд болно.
 
Энэ жилийн наадмыг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монгол улс дахь Швейцарийн хөгжлийн агентлаг, Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ дэмжин ажиллаж байна.  
 
Тус наадамд БНТУ, ХБНГУ, ОХУ болон Япон зэрэг улсын мэргэжлийн жазз хамтлаг, уран бүтээлчдээс гадна Монгол Улсын филармонийн дэргэдэх Баян Монгол жазз найрал хөгжим, “Пауз” хамтлаг болон дуучин Э.Хишгээ нар оролцоно.
 
Наадамд БНТУ-ын нэрт жазз гитарчин, хөгжмийн зохиолч, Истанбулын алдарт “Нардис” жазз клубыг үүсгэн байгуулагч  Өндэр Фожан болон түүний квартет хамтлаг өөрсдийн Турк ардын уламжлалт хөгжмөөс гадна Монголын олонд түгсэн хөгжмийн бүтээлүүдийг  “Стандарт А Ла Турка” жазз найруулгаар тоглох бол ОХУ-ын шинэ үеийн мэргэжлийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчид болох саксафонч-хөгжмийн зохиолч Павел Скорняков, төгөлдөр хуурч-хөгжмийн зохиолч Юлия Перминова, бөмбөрчин Александр Зингер, ХБНГУ-ын басс гитарчин Мартин Зинкер нарын дөрвөл стандарт, уламжлалт жазз хөгжмийн уран сэтгэмжийг олон нийтэд толилуулах юм.
 
Мөн Токио хотоос гаралтай “Хача” хамтлаг нь Нью Орлеанс, Американо, фанки жазз төрлийн эрч хүчийг Монголын сонсогч, үзэгчдэд мэдрүүлэх аж. Наадмын нээлтийн концерт-жазз сэшн тоглолт ирэх сарын 12-нд “УБ жазз” клубт , 13-нд Цэрэндоржийн гудамжинд олон нийтэд зориулсан задгай талбайн тоглолтоор үргэлжилж, 14-нд Чингисийн талбайд “Jazz Swing Night” олон нийтэд зориулсан задгай талбайн тоглолтоор өндөрлөнө.
 
Дашрамд дурдахад, энэхүү наадмыг анх 2004 онд гадаад болон дотоодын олон байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад төдийлөн дэлгэрээгүй мэргэжлийн жазз хөгжмийн төрлийг түгээн дэлгэрүүлэх, улмаар өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш нийт 9 удаа зохион байгуулахад дотоод, гадаадын нийт 20 гаруй хамтлаг, уран бүтээлчдийн амьд тоглолтыг Монголын олон нийтэд танилцуулж байв.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг