sonin.mn
МОСКВА. /TASS/. Оросын мэргэжлийн боксчид Бразилийн Рио-де-Жанейро хотод болох “Рио-2016” Зуны Олимпын наадамд оролцохгүй байх шийдвэр гаргалаа хэмээн Оросын боксын  шигшээ багийн дасгалжуулагч Александр Лебзяк мэдэгджээ.
 
7 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд Венесуэл улсын Варгас хотод мэргэжлийн боксчдын дунд "Рио-2016" Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн болох гэж байна. Пүрэв гарагт тус тэмцээнд оролцох тамирчдын нэрсийг ОУБХ-нд /AIBA/ явуулах эцсийн хугацаа дуусчээ.
 
Гэсэн хэдий ч Лебзяк Оросын мэргэжлийн боксчид үндэсний шигшээ багт нэмэгдэж орох уу гэсэн асуултад “бид Олимпт оролцох тамирчдын нэрсийн жагсаалтад өөр хүмүүсийн нэрсийг нэмж оруулахгүй” гэж хариулсан байна. 6 дугаар сарын 1-нд ОУБХ-ноос мэргэжлийн боксчдыг Олимпт оролцохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан билээ.
 
ОУБХ-ны 2013 онд батлагдсан дүрэм ёсоор бол мэргэжлийн боксчид 15-аас дээшгүй удаа мэргэжлийн боксын тулаанд оролцож мөнгөн шагнал хүртсэн бол, эсвэл ОУБХ-той богино хугацааны гэрээ байгуулсан бол Олимпт орох эрхтэй болсон юм.
 
Харин 6 дугаар сарын 1-нд гаргасан ОУБХ /AIBA/-ны шийдвэрийн дагуу мэргэжлийн боксчид ямар нэгэн болзолд баригдалгүйгээр 8 дугаар сарын 5-21-ний хооронд Бразилийн Рио-де-Жанейрод болох 2016 оны Зуны Олимпын наадамд оролцож болох ажээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг