sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /АР/. Удахгүй болох гэж байгаа Олимпын наадмын үеэр ажиллах Рио-де-Жанейрогийн сэргээшийн эсрэг лабораторийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснээ Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ мэдэгдлээ.
 
Сэргээшийн шинжилгээний лабораториудад тавьдаг олон улсын стандартыг “хангахгүй” байсан учир Бразилын лабораторид олгосон тусгай зөвшөөрлийг хураасан гэж WADA мэдэгдээд, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
 
Рио-де-Жанейро дахь уг лаборатори нь Өмнөд Америк дахь сэргээшийн шинжилгээ хийдэг цорын ганц лаборатори гэнэ. “Рио-2016” Олимпын наадам эхлэхэд ердөө 40-өөд хоног үлдээд байна. Тус лабораторид 6 сарын хугацаанд шээс болон цусны дээж авч шинжлэхийг хоригложээ.
 
Энэ хугацаанд тамирчдаас авсан дээжийг өөр улсад явуулан шинжлүүлнэ гэж WADA мэдэгдсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг