sonin.mn
МЕХИКО. /Anadolu/. Нийслэл Мехико хотын ойролцоогоос олдсон арслан зааны чулуужсан ясыг малтаж гаргах ажил дуусч байна гэж Мексикийн шинжээчид мэдэгдлээ. Мехико хотоос холгүй орших Тултепек тосгонд ус зайлуулах хоолой суурилуулж байх үеэр арслан зааны чулуужсан яснуудыг олж илрүүлжээ.
 
Чулуужсан яснууд 14 мянга орчим жилийн настай бөгөөд яснууд нь энд тэндгүй тарж бутарсан байгааг харвал, мах болон арьс үсийг нь авахын тулд арслан зааныг хүмүүс нядалсан байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
 
Мөн гүехэн нуур байсан газраас арслан зааны өөр яснууд олдсон аж. Хүнд жинтэй арслан заанууд энэ нуурын шалбааганд шигдсэн бололтой.
 
Мексикийн Антропологи ба түүхийн үндэсний хүрээлэнгийн археологич Луис Кордова хэлэхдээ “нийслэл Мехико хотоос холгүй орших газраас 50 гаруй арслан зааны яс өмнө нь олдож байсан” гэжээ.
 
Тултепекийн тосгонд олдсон арслан зааны яс 2м-ийн гүнд байжээ. Энэ амьтан 20-25 насалсан бололтой. Судлаачид чулуужсан яснуудыг эвлүүлж, олон нийтэд дэлгэн үзүүлэх аж. Мексикийн хэд хэдэн мужид арслан зааны чулуужсан яс олдож байжээ.
 
Г.Доржханд 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг