sonin.mn
Испанийн Мадрид хотноо энэ сарын 9-10-нд чөлөөт бөхийн Гран при тэмцээнд манай бөхчүүд хүчээ сорино. Тус тэмцээний дараа таван өдрийн олон улсын хамтарсан бэлтгэл хийнэ.
 
Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид Орхон аймгийн “Олимп” баазад олимпийн үндсэн бэлтгэл, сургуулилтаа базааж байгаа юм. Энэ тэмцээн нь олимпийн “Рио-2016” наадамд оролцох эрх авсан манай бөхчүүдийн хувьд олимпийн наадмын өмнөх сүүлийн сорилт тэмцээн гэдгээрээ онцлогтой.
 
Испанийн Гран при-д манай бөхчүүд хамгийн сүүлд 2013 онд оролцож, эмэгтэй 55 кг-д С.Бямбацэрэн, 72 кг-д О.Бурмаа нар хүрэл медаль хүртэж байсан юм.
 
Энэ удаагийн тэмцээнд оролцох тамирчдыг танилцуулахад, 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 96 кг-д Д.Хүдэрбулга барилдах бол дасгалжуулагчаар Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Ц.Баярсайхан нар ажиллана. Харин уг тэмцээнд манай улсаас Б.Алтангадас шүүгчээр ажиллахаар болжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг