sonin.mn
Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо /МГЗНХ/-ны гишүүн 10 гэрэл зурагчин БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хэвлэл мэдээллийн албаны урилгаар энэ сарын 22-27-нд тус улсын 10 гаруй аймаг, хот, тосгоноор  хамтарсан сурвалжлага хийж, туршлага солицох зураг авалтад оролцоод ирлээ. 
 
Тус холбооноос томилон явуулсан энэхүү баг нь хоёр улсын гэрэл зургийн сурвалжлагчдын анхны томоохон хэмжээний уулзалт бөгөөд мэргэжил нэгт нөхдийн ур чадвараа сорин өрсөлдөх, хамтын бүтээл гаргах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой.
 
Гэрэл зурагчид хоёр хэсэгт хуваагдан ажилласан бөгөөд баруун хэсгээр Хөх хот, Ордос, Бугат хотын чиглэл, зүүн хойд нутгаар  Хайлаар, Хөлөнбуйрын байгалийн үзэсгэлэнт газрууд, түүхийн дурсгалууд, өнөөгийн хөгжил цэцэглэлтийг харуулсан бүтээлүүдээр гэрэл зургийн үзэсгэлэн, цомог бэлтгэх юм.
 
Гэрэл зурагчдын багт Монголын талаас ахмад фото сэтгүүлч Л.Санжмятав, багш, фото мастер В.Баттулга, С.Бадамханд нарын туршлагатай зурагчид, БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ы Гэрэл зургийн нийгэмлэгийн дарга Эв, "Гэрэл зураг" сэтгүүлийн эрхлэгч Баянбулаг, фото сэтгүүлч Оюундалай, Шинь Эн Чау, Ван Юу нарын уран бүтээлчид багтжээ.
 
Ирэх жил тохиох ӨМӨЗО-ы 70 жилийн ойд зориулсан хоёр орныг сурталчлах ажлын хүрээнд уран бүтээлчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ажилд ийнхүү томоохон ахиц гарлаа.  Хоёр орны уран бүтээлчдийн гэрэл зургийн бүтээлийн хамтарсан үзэсгэлэн ирэх наймдугаар сарын эхээр Монгол Улсад нээлтээ хийх юм.
 
Мөн энэ үеэр МГЗНХ-ныхон ӨМӨЗО-ы гэрэл зурагчдыг Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулж, уламжлалт монгол ахуй, түүх дурсгалын зураг авах боломжоор хангахаар ажиллаж байгаа аж.     
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг