sonin.mn
Зуурдын хорвоотой эвлэрч, зул-үг хэлэхээс юутай элэг эмтрэм! Үрэгдэгчийн араас, үлдэгсдийн өмнөөс нулимстай үг цувуулах л боллоо доо...
1990-ээд оны эхээр хүн бүхэн хот суурин зүг хөврөн нүүж байхад, нийслэлээс хөдөөг тэр дундаа говь зорьсон хоёр гуравхан том сэхээтэн бий. Тэднийг “Өдрийн сонин”-д “Бульдозерууд хөдөөллөө" гэж магтан бичиж байсансан. Тийм хөдөө амьтай, хөдөлгөх хүчтэй, эх оронч сэхээтний манлай аварга нь Лувсангийн Одончимэд байлаа. 
 
Нударга урт дээл өмссөн ч нуруугаар намхан харагдахгүй, аясам ухаант мэргэд лүгээ ном хаялцахад амаан хэнд ч үдүүлэхээргүй эрдэм, авьяас тэгширмэл, инээд наргиа сацармал, итгэл хайр ундармал Л.Одончимэд байлаа.
 
Дэлхийн хэмжээний соён гэгээрүүлэгч, Дорнын авьяас билгийн сод төлөөлөгч ноён хутагт Данзанравжааг дахин амилуулж, Равжаа судлалыг дэлхийд таниулж тэр их суут хүний оюуны шүншгээр уудам говио төдийгүй улс Монголоо аравнайлсан унтаршгүй буянтны нэг нь: эрдэм бүхий тархитай, эх оронч зүрхтэй, энх, мөнх цагийг холбох ухаантай Л.Одончимэд байв шүү!
 
Тэрбээр төр түшилцсэн тулхтай түшээ, засаг засалцсан цагаан мөртэй сайд байсныг түүх мартахгүй. Монголын “Улаан загалмай” нийгэмлэгийг толгойлж байхдаа 2000 онд Монголд өвөл биш, өмнөд туйл болсныг даян дэлхийд таниулж чадсаны ачаар олон улсын “Улаан Загалмай” нийгэмлэг хэмээх дэлхийн хэмжээний буяны байгууллагаас урьд дуулдаагүй их тусламж авч, хот нь хар болсон малчдыг ахин малжуулж, хохирлыг хожлоор төгсгөснийг мартамхай манайхан мартахгүй дурссаар...
 
Тэрбээр “Нарны хэлтэрхий”, “Гурван бөхтэй тэмээ”, “Ээжтэй орчлонгийн наран”, “Хоржоонтой дурсамж” зэрэг найман боть ном ард түмнийхээ алган дээр тавьсан авьяас билигт зохиолч байлаа.
 
Уран бүтээлээ монгол хүүхдийн өхөөрдөм яриа цуглуулах, чимхлүүр ажлаар эхэлж, “Монгол Корней Чуковский” болсон билээ. Хүжийн анхи гэрээс нь татардаггүй хүн сэтгэл өөрөөс нь тасардаггүй тийм нэг сайхан гэр улс: Өрхийн тэргүүнгүй боллоо гэхэд ирэхийн аргагүй эрдэнэтэй уул хүртэл ухагдаад дуусдаг хорвоогоос эрдэмт хүмүүн буцсаныг итгэхээс, элэг эмтрэн халаглахаас өөр аргагүй.
 
70 жил наадмын хойморлосон тэр сайхан бүтэн эр энэ мичин жилийн наадам, Хөх Монголд хөвчин дэлхий цугласан их чуулганыг үзэж чадсангүй нь юутай эмгэнэлтэй, юутай
өрөвдөлтэй.
 
Л.Одончимэдийнх гэж өглөө болгон ижийнхээ хөлийг үнсэж сэргээд ажилдаа явдаг, үдэш болгон ижийдээ данхар толгойгоо үнсүүлээд инээж суудаг сайхан айл байсансан. Ерэн тавтайдаа бурханы оронд заларсан ижийдээ очиж золгохоор, өглөө болгон хөлийг нь үнсэхээр, үдэш бүр данхар тэргүүнээ үнсүүлэхээр Л. Одончимэд хүү дээр тэнгэрийн орныг зорьж дээ. 
 
Одооноос эхлээд манай говийнхан манай цаг үеийнхэн Л.Одончимэдээр дутах болж дээ. Юутай их гарз! Их говийн сэтгэл, Их Монголын зүтгэл, эх орончийн итгэл чуулсан Л.Одончимэд эрдэнэт хүмүүн төрлөөн, түргэн олох болтугай!
 
Ум мани бад ми хум!
 
Өвгөн багш Тангадын ГАЛСАН