sonin.mn
Улсын баяр наадам, хурдан морины томоохон уралдаануудад баруун хязгаар нутаг, Хөвсгөл аймгаасаа уригдан ирж шүүгчээр ажилладаг хүндтэй эрхэм бол Эмнэг хангал сургалтын спортын мастер, Монгол Улсын манлай хүлэгч, Улсын морь баригч, хурдан морины уралдааны улсын шүүгч Ш.Пүрэвхүү гуай билээ.
 
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн наадамд  урилгаар ажилласан түүнийг “Амьдралын тойрог” булан онцолсон юм. Манай сурвалжлах баг наадам эхлэхээс өмнө “Энэ жилийн наадамд  Пүрэвхүү гуай ирэх болов уу” хэмээн  Хөвсгөл рүү утас цохиж байв. “Ирэх нь ирнэ, харин их л яаруу буцах байх” гэсэн хариу сонссон.
 
Наадмын завсар чөлөөгөөр уулзах завшаан тохиосон нь энэ. Биднийг зорьж очиход тэрээр Морь бариачдын гал дээр байв. Наадамд ирж ажиллах бүртээ энэ гал дээр байж, молор эрдэнэ шүтээнээс эхлээд мэргэжил, сонирхол нэгт нөхөдтэйгөө сонин сайхныг хуучилж, туршлага солилцдог гэнэ.
 
ЭРЧИМ БАГИЙН ЭРЧИЛСЭН СУР ШИГ ЭРЭМГИЙ БҮСГҮЙ
 
 
Хүний төрж өссөн газар, тээж төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн аав, ээж ямар байхаас хувь заяа нь ихээхэн хамааралтай  байх нь бий. Төрсөн газрын нэр, байц гээд шинжвэл бас л сонин хариултууд гардаг. Тэгвэл, манай нийтлэлийн баатар Ш.Пүрэвхүү гуай Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох  сумын нутаг Эрчим багийн Тултын тохой гэдэг газар төрж өссөн нэгэн ажээ.
 
Ээжийгээ 40, аавыгаа  43 настай байхад төрсөн айлын ганц охин.  Дээрээ ганц ахтай. Аав, ээж, ах гурвынхаа мөрнөөс буулгүй эрхэлж, хожим морины нуруунаас  буулгүй эрчилсэн сур шиг эрэмгий бүсгүй болж  өсчээ. Аав Шантав нь  Хөвсгөл нутагтаа нэртэй Асга чулуутын 11 баяны Пааний гэдэг хүний ганц хүү бол ээж Бадамгарав нь Ноосонжуужаа хэмээх ядуу айлын тав дахь охин байсан гэнэ.
 
Бас нэг онцлог бол түүний ээж  Монголын анхны эмэгтэй  барилгачдын нэг бол аав нь ээжийнх нь гар дээр эрхэлж өссөн хүү шиг нь хайр халамжинд умбаж явсан, үг дуу цөөнтэй эгэл жирийн эр хүн байсныг нутгийнхан нь хуучилдаг юм байна.
 
НОМЫН ХҮНИЙГ МОРЬ РУУ ЮУ ЧАНГААВ?      
 
 
“Амьдралын тойрог”-ийн  маань зочин, манай нийтлэлийн баатар дунд сургууль төгсөөд, Архангай аймгийн Багшийн сургуульд сурч, хожим УБДС-ийг монгол хэл-уран зохиолын багш мэргэжлээр төгсчээ.
 
Сургуулиа төгсөөд нутагтаа очиж багшилжээ. Багш нар зун удаан хугацаагаар амардаг учраас зуны хэдэн  сарыг айраг исгэж,  адуутай “ноцолдож” өнгөрүүлдэг байж. Тухайн үед амины мал бараг байхгүй. Зуныхаа амралтаар нэгдлийн адууг  сургаж саана. Ингээд 1972-1992 он хүртэл нэгдлийнхээ адуутай “ноцолджээ”.
 
Сүүлдээ хүүхдүүд нь идээ, цагаагаа авдаг, өөрөө адуун дээрээ салхи исгэрүүлж явдаг болж. Багш хүний хувьд шавь нараа дагуулан “Хөдөлмөр” зуслангийн бодит жишгийг үзүүлж, адуу маллана.
 
Адуутай нөхөрлөсөн он жилүүдэд Эмнэг хангал сургалтын  спортын мастер, Монгол Улсын манлай хүлэгч, Улсын морь баригч, улсын шүүгч  зэрэг алдар цолыг авч ажиллаж ирсэн  байна. Гэхдээ тухайн үеийн  Эмнэг хангал сургалтын спортын мастерын болзол одоогийнхтой адилгүй  хатуу байсан нь мэдээж. 
 
Ш.Пүрэвхүү гуай бас шинийг  санаачлагч, анхдагч нэгэн. Хөвсгөл нутгаас молор эрдэнэтэй нөхөрлөж, эмнэг хангал сургаж нэр цуугаа бадраасан анхны эмэгтэй. Улсын хэмжээнд дөрөвхөн Манлай хүлэгч эмэгтэй байгаагийн нэг нь. Энэ мэтээр Ш.Пүрэвхүү гуай олон зүйлд аймагтаа төдийгүй улсад анхдагч юм.
 
Мөн 1978 онд улсын хэмжээнд отор-саалийн нөхөрлөлийн анхны шавыг тавьсан байдаг. Түүний хувьд өөрөө морьтой нөхөрлөж, морь сургаж,  уургалж, бугуйлдаж  энэ  төрлөөр  хичээллэсээр эмнэг хангал сургалтын  спортын  мастер болоод зогсохгүй бусдыг араасаа дагуулсан гэж болно.
 
Учир нь Хөвсгөл аймгийн уяачдын холбооны хамт олноосоо 11 спортын мастер, аймгаасаа улсын алдарт уяач   найм, улсын цоллооч хоёр, улсын морь бариач тавыг  төрүүлжээ. Мөн  Уургач, бугуйлчийн улсын аварга шалгаруулах  тэмцээн, Морь цоллогооны тэмцээнийг олон жил  зохион байгуулж, шүүгчээр ажилласан.
 
Олон шавьтай, улсын аварга хоёр ч баг төрүүлсэн гавьяатан. Өвлийн бооцоот морин уралдааныг санаачилж  38 жил зохиож ирсэн. Мөн 38 жил морь баригчаар ажилласан. Аймагтаа “Морины тухай дууны наадам”-ыг Хүүхдийн “Яргуй наадам руу оруулж 19 жил тасралтгүй  зохиож ирсэн, “Хэний морь түрүүлэх вэ” таавар уралдаан гээд дурьдаад байвал шинээр санаачилж, уламжлал болгосон ажил олон юм.
 
“АДУУТАЙ “НОЦОЛДОЖ” ЯВСААР АМЬДРАЛАА АЛДЧИХСАН ХҮН БИШ”
 
 Түүнтэй ярилцаж суух зуур  “Зарим хүн намайг адуутай “ноцолдож” явсаар амьдралаа алдсан байх вий” гэж боддог бололтой байсан. Гэхдээ надад хэлдэггүй л дээ. Тэдний бодсон шиг биш ээ  хэмээн инээж суусан.
 
 Түүний хувьд ажил, амьдралаа нэг сугандаа, адуу мал дагасан сонирхол, хүслээ нөгөө сугандаа хавчуулж ирсэн болов уу гэмээр санагдана. Ш.Пүрэвхүү гуай бол боловсролын салбарт олон жил багшилж, түмний хүүхдүүдэд ном эрдэм заасан багш.  
 
Хань Төмөр нь жолооч хүн. Өдгөө 42 жил амьдарч байгаа энэ гэр бүл зургаан хүүхдийн аав, ээж. Тэгэхээр нийтлэлийн баатар маань олон хүүхэд   өсгөж хүмүүжүүлсэн  ачит ээж, арав гаруй ач зээгээ эрхлүүлж яваа  эмээ юм.  Нөр их ажлын хажуугаар хүүхдүүдээ бүгдийг  нь их, дээд сургууль төгсгөсөн бол дөрвөн охин нь дөрвүүлээ магистр хамгаалсан  байна.
 
 Хоёр хүүгийн нэг нь сумын алдарт уяач, сумын мэргэн. Нөгөө нь байгууллагынхаа хөдөлмөрийн аварга гээд өөр өөрсдийн ажиллаж буй салбарт амжилттай явдаг юм байна.
 
Спортын мастер ээжийн дэргэд өссөн хүүхдүүд нь дор бүрдээ спортоор хичээллэдэг, тэр дотроо шатар, даам, спорт тоглоомуудад гаргуун бол баяр наадмын үеэр нэг ач нь олон улсын даамын   аварга шалгаруулах  тэмцээнд орохоор бэлтгэж байгаа баяртай мэдээг дуулгаж байв.
 
“ЯМАР МОРЬ ТҮРҮҮЛЭХ НЬ НҮД, ТАРХИНД ШУУД Л ТУСДАГ”
 
Олон жил шүүгч, морь баригч хийсэн хүний хувьд та хэний морь түрүүлэхийг бараг л багцаалдана биз гэсэн асуултанд нийтлэлийн баатар маань  “Морь таних ганц эрэгтэй хүний ажил биш. Олон жил адуутай нөхөрлөсөн хүний хувьд дотроо тэр тийм давхих юм байна даа, тэр түрүүлнэ дээ гэж бодоход яг л байдаг юм.
 
Гэвч ил хэлж болохгүй шүү дээ. Тийм эрх ч байхгүй. Уяач болгон морио түрүүлнэ гээд уралдуулж байхад тэгж хэлж болохгүй. Өөрийн нүд, өөрийн толгойд  бол түрүүлэх морь тусдаг л юм”  хэмээн хариулсан.   Түүнийг 38 жил морь баригч хийхэд  эмэгтэй хүнээр морио бариулахгүй гэх уяач таарч байсан болов уу гэдэг бас л асуумаар зүйлийн нэг байсан.
 
Харин Ш.Пүрэвхүү гуай инээгээд “Эмэгтэй хүн барихын байна гээд морь нь хурдлахгүй, хоцроод байсан тохиолдол байхгүй. Бас эмэгтэй хүн барихын байна гээд морио уралдуулахгүй, эсвэл уурлаад байсан уяач нэг ч таараагүй. Ямар ч хүн эхээс төрдөг, ямар ч ажнай  хурдан хүлэг гүүнээс гардаг шүү дээ” гэж ярьсан.
 
Харин жил бүрийн наадмаас ямар олзтой буцдаг вэ, морь бариачидтайгаа их ойр байх юм. Туршлага солилцдог уу гэсэн асуултад тэрээр “Би эднээсээ шинэ юм сурч нутагтаа очдог юм шүү дээ. Түүнийгээ шавь нартаа заана. Наадам болгон туршлага өгдөг.
 
Эгч нь аймагтаа морь баригчдаа бэлдэнэ, цоллоочдыг зааж сургана, наадмын нээлтэд хэчнээн морь орох вэ гээд зохион байгуулалтын ажилд ч оролцоно шүү дээ” гэж байна.
 
Энэ жил тэрээр аймгийнхаа наадмыг зохион байгуулж, шүүгчээр ажиллаад зогсохгүй Уургач, бугуйлчдын улсын наадамд долоо дахь удаагаа өөрийн нэрэмжит шагналыг өгөхөөр бэлдэж бас догдлон хүлээж  байгаа. Харин улсын баяр наадмын хөтөлбөрт “Адуучин” тэмцээнийг оруулдаг байснаа больсонд сэтгэл дундуур буйгаа яриад наадам дөнгөж дуусгаад  Хөвсгөл нутгийнхаа  зүг яаран одсон юм.
 
Хэн юу хэлэв?
 
“Манай манлай моринд хайртай, бидэндээ ээлтэй хүн байгаа юм”
 
Баруун гар талаас Улсын морь баригч Б.Чимэддорж, Н.Ганбаатар, Ч.Чулуунбат, Улсын манлайлагч Д.Самандбальдар, Эмнэг хангал сургалтын спортын мастер, Монгол Улсын манлай хүлэгч, Улсын морь баригч, хурдан морины уралдааны улсын шүүгч Ш.Пүрэвхүү.
 
Монгол Улсын манлай хүлэгч, морин спортын мастер Ш.Пүрэвхүү гуай  Морь баригчдын гал дээр байгаа морь баригчдаа ихэд хүндэтгэж, насаар залуу хэдий ч тэднийгээ “Дээшээ суу, би яах вэ,  эд маань харин  том хүмүүс шүү”  хэмээн гүн хүндэтгэлтэй танилцуулж байсан юм.
 
Түүний хувьд  “Өөрт байгаагаа, чаддаг мэддэг бүхнээ морин спортод   зориулж ирсэн. Цаашид ч тийм л байна даа” хэмээн ярьсан нь хоосон үг биш, бодит ажил болсон, биелсэн, биелэх боломжтой зүйлүүд байдаг юм билээ.
 
Тухайлбал, энэ жилийн баяр наадмаар  морь бариачид таван цэнхэр дээлээр ижилссэн нь Ш.Пүрэвхүү гуайн сэтгэлийн бэлэг болохыг Морь бариачдын галаар очихдоо мэдсэн. Мөн өнгөрсөн жил морь бариачид шар хантаазаар гангарсан нь ч мөн түүний өгсөн бэлэг ажээ.
 
Энэ хувцаснуудыг Ш.Пүрэвхүү гуай  охидоороо хийлгэсэн гэнэ. Одоо хоёр хүүдээ  Морь бариачдын галын гэрийг шинэчлэн тохижуулах  үүрэг өгөөд байгааг  нь мөн л мэргэжил нэгт нөхөд нь хуучлаад “Манай манлай моринд хайртай,  уяачдаа их  хүндэлдэг, бидэндээ ээлтэй хүн дээ”  хэмээн тодорхойлж байсан.
 
Нийтлэлийн баатрын маань  нэг галынхан буюу  хурдан морины уралдааны эхний таван морийг барианд орж ирэхэд нь барих хүндтэй бөгөөд эрхэм үүргийг гүйцэтгэдэг хийморийн эзэд, бас морьдыг уралдааны замд гаргахад манлайд нь тугаа барин хийморь даллаж байдаг манлайлагч-тугчийг  танилцуулж, бас сэтгэгдлийг нь сонирхуулъя.
 
Б.Чимэддорж /Морин спортын мастер, улсын морь баригч/:
 
МОРЬ БАРИАНД ОРЖ ИРЭХЭД СЭТГЭЛ ДОГДОЛДОГ
 
-Та энэ жил ямар морь барив. Сэтгэгдлээ хуваалцана уу?
 
- Би энэ жил түрүү морьдыг  барьсан. Морин спорттой нөхөрлөөд 50 гаруй жил болж байна. Анх морин тойруулгад хурдан морь унаж байсан. 14 настайгаасаа морин спортоор хичээллэсэн.
 
Спартакиадын аварга болж, улсын рекордыг хоёр удаа шинэчлэн  тогтоож, уран уургач, бугуйлчийн тэмцээнд оролцож, шүүгчээр ажиллаж  адууны тоосонд бараг хагас зуун жил амьдарч байна даа.
 
Эр хүний хийморь бол морь. Багадаа хурдан морь унаж байсан болохоор морь барианд орж ирэхэд   сэтгэл ч,  унасан морь маань ч  их  хөөрдөг. Морь уяна  гэдэг тухайн хүний бүтэн жилийн хөдөлмөр учраас зөв барьж, тавих ёстой. Үүнд л их анхаарч, болгоомжтой ханддаг.
 
Н.Ганбаатар /Морин спортын мастер, улсын морь баригч/:
 
МОРЬ БАРИХ ХИЙМОРЬТОЙ АЖИЛ
 
-Та энэ жил хэд дугаарын морийг барив.  Улсын морь баригчаар хэдэн жил ажиллаж байна?
 
-Энэ жил аман хүзүүний морийг барилаа. Наадам тоос шороо багатай сайхан боллоо. Миний хувьд улсын морь баригчаар  16 жил ажиллаж байна. Багадаа морин спортын секцэнд орж, 16 настайдаа спортын мастер, хотын аварга болж байлаа. Хийморьтой энэ ажлыг хийж яваадаа баяртай байдаг. Хүмүүст хандаж морио молор эрдэнэ мэт хайрлаж яваарай гэж захъя.
 
Ч.Чулуунбат:
 
ЭЭЛТЭЙ ТОО УЧРААС ГУРВЫН МОРИЙГ ТОГТМОЛ БАРЬДАГ
 
 
-Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул. Батлан хамгаалах морин спорт сургалтын төвд 2002  оноос эхлэн Монгол Улсын манлай уяач Т.Даваадорж багшийн удирдлагад ажилласан. 2007 оноос улсын морь баригчаар ажиллах болсон.
 
Морь барих хугацаандаа дандаа айргийн гуравт ирж буй хурдан хүлгүүдийг барьж ирлээ. Гурав, зургаа, есийн тоо надад ээлтэй байдаг юм. Тиймээс байнга гурвын морийг барьдаг.
 
Д.Самандбальдар /Улсын тугч, манлайлагч/:
 
УНААЧ ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ХАМТ ГИЙНГООЛОХ САЙХАН
 
-Улсын манлайлагчийн онцлог юу вэ?
 
-Тугч, манлайлагчаар ажиллаад таван жил болж байна. Уралдааны морьд гаргахад урам зоригийг нь өргөн мандуулж, унаач хүүхдүүдээ гийнгоолуулж, хамтдаа гийнгоолж  тугаа өргөж явдаг сайхан ажил байгаа юм. Энэ жил аймгуудын наадмын тов зөрж байгаа учраас нэг насанд л гэхэд олон морьд уралдсан онцлог жил байлаа. Монголчууддаа хийморьтой байхыг хүсэн ерөөе.
 
 
Ч.ЗОТОЛ, Д.БАТБААТАР
Эх сурвалж: