sonin.mn
“Рио-2016" олимпийн наадамд оролцох жүдо бөх, боксын шигшээ багийн тамирчдын бэлтгэлтэй танилцахаар Биеийн тамир, спортын хөгжлийн төв /БТСХТ/-ийн дарга Д.Жаргалсайхан өнөөдөр Хандгайтыг зорин очлоо.
 
Тэрбээр Хандгайтад байрлах “Монголын үндэсний олимп” цогцолборт очиж жүдо бөхийн тамирчидтай уулзахдаа “Mizuno” брэндийн цагаан, цэнхэр өнгийн жүдогийн өмсгөл гардуулсан байна.
 
Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн  дасгалжуулагч, Ардын багш О.Балжиннямаар ахлуулсан 60 гаруй тамирчид “Рио-2016” олимпийн бэлтгэлийг тус төвд базааж байгаа юм. Хандгайт цанын бааз нь далайн түвшнээс дээш 1450 метрийн өндөрт байрладаг бөгөөд тамирчдын хувьд өндөр газар бэлтгэл хийж байгаад нам дор газар бэлтгэл хийхэд бие хөнгөрөх сайн талтай байдаг гэдгийг багш дасгалжуулагчид онцолж байлаа.
 
 
Тамирчдын бэлтгэлийн явцын талаар  дасгалжууулагч О.Балжинням: ”Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан энэ удаагийн олимпийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох гэж байгаа.
 
“Рио-2016”-д оролцох шигшээгийн 13 тамирчин бэлтгэлээ маш сайн базааж байна. 2012 оны Лондонгийн олимп дуусаад, бид дараагийн олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүдэд оролцож, эрхээ амжилттай авч чадлаа. Одоо сүүлийн 14 хоногийн бэлтгэл явагдаж байна. Манайхан олимпоос давхардсан тоогоор 20 гаруй эрх авсан.
 
Үүнээс эрэгтэй, эмэгтэй 14 жинд тамирчид оролцохоос 13 жинд нь оролцож байна. Дэлхийд ингэж оролцож байгаа 5-хан орон бий. Энэ дөрвөн жилийн хугацаанд төр засгаас болон БТСХТ, холбогдох яам, холбооны дэмжлэгээр олимпийн эрх авах бүх тэмцээнд амжилттай оролцож, оноогоо цуглуулсан. Нэг тэмцээн өнжих юм бол олимпийн эрх авах магадлал багасдаг хэмээн онцолж байв.
 
Энэ үеэр эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдөх ОУХМ Ц.Цогтбаатар “Бид одоо олимпийн өндөр ачаалал авах бэлтгэлдээ орсон. Миний хувьд Олон улсын жүдо бөхийн холбооны сайт дээрээс олимпийн дэвжээнд хүч үзэх 31 тамирчныхаа бичлэгийг судалж, багш нартайгаа ярилцаж байгаа. Би хамгийн сүүлд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Үүнээс хойш тэмцээнд оролцоогүй олимпийн бэлтгэлдээ орсон” хэмээн ярьж байв.
 
“Рио-2016” олимпийг зорих тамирчид ёслолын, бэлтгэлийн, тэмцээний гэсэн гурван төрлийн хувцастай явах бөгөөд жүдочид тэмцээний үеэр өмсөх, шинэхэн өмсгөлөө хүлээн авлаа. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн  тамирчид эх орондоо гол бэлтгэлээ хийж дуусаад долдугаар сарын 28-ны өдөр Бразил улсыг зорино.
 
“Рио-2016” олимпийн эхний өдөр эмэгтэй 48 кг, эрэгтэй 60 кг, дараагийн өдөр эмэгтэй 52 кг, эрэгтэй 66 кг гэсэн дарааллаар барилдана. “Рио-2016” олимпод оролцох Монголын 42 тамирчин Төв, Орхон, Булган аймаг болон Хандгайт зэрэг газруудад байрлаж, олимпийн бэлтгэлээ базааж байгаа юм.
 
Жүдочдын бэлтгэлтэй танилцсаны дараа Д.Жаргалсайхан Хандгайт дахь Монголын үндэсний олимпийн цогцолборт байрлан бэлтгэлээ хийж буй Монголын боксын шигшээ багийн тамирчдын бэлтгэлтэй танилцлаа.
 
“Рио-2016” олимпийн наадмын боксын 52 кг-д Х.Энх-Амар, Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Цэндбаатар /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар өрсөлдөх юм. Өмнөх олимпод дөрвөн эрх авч байсан боксын шигшээ багийн хувьд олимпийн наадмаас хос медаль авсан спортын төрөл гэдгийг багш дасгалжуулагч нар нь онцлон дурдаж байв.
 
Монголын боксын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэн “Олимпийн бэлтгэл сургуулилтаа Хандгайтад хийж байна. Энэ газар нь далайн түвшнээс дээш 1450 метрийн өндөрт байрладаг. Бэлтгэл сургуулилтаа маш амжилттай хийж байна. Эхний ээлжээр энэ сарын 24-нд Бразил улсыг зорих болно. Ерөнхийдөө олимпийг зорих тамирчдын бэлтгэл хангах зорилгоор энэ сарын 20, 22-нд тэмцээн зохион байгуулна. Одоогоор хурдны эрчимтэй бэлтгэлд ороод байна. Мөн бусад орны өрсөлдөгч тамирчдын талаар судалгаа хийж байгаа” гэлээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг