sonin.mn
Завхан аймгийн Цэцэн уул сум эртнээсээ бурхан шашны өлгий нутаг байжээ. Тэгшийн болон Галуутай хоёр хүрээтэй, энд нэг, нэг мянган лам шавилан суудаг байсан гэдэг. Энэ хүрээний хамба лам, дээдэс мяндагтнууд Цэцэн уул нутагт маани, мэгзмийн дуу тасрахгүй гэж зөн совингоороо мэдэж захиж ирсэн түүхтэй.
 
Ийм билиг увдисийг ухаан орсон цагаасаа мэдэрсэн хүн бол Мондооны Дэлгэр авай. Тэрбээр тав, зургаан наснаасаа л хийморь лундаа өөдлүүлэх ном судар уншчихдаг, үдэгсдийн араас маани уншиж, хөгжөөдөг байсан аж. 
 
Гэтэл өөрийнх нь оюун бодолд бага насанд нь байгалиас гэх үү дээ “Ум аюур солор маани суухаа” гэдэг тарни бууж ирсэн гэдэг. Тэнгэрийн эрхшээлээр өөрийнх нь сэтгэлд илгээсэн энэ тарнийг нь үргэлж уншиж явжээ. Хийсвэр хийгээд оюун санааг Тэнгэрээс илгээдэг хойно нэгэн учраар Мондооны Дэлгэр хүүд уг тарнийг хишиглэсэн биз.
 
Ингээд нэг мянга есөн зуун наян хоёр онд сумынхаа бага сургуулийн босго алхаж, эгэл жирийн сурч, урлаг спортоор хичээллэж, зун нь аав ээжийнхээ ажил төрлөөс хамжилцаж ирэх цаг хугацааг угтаж, явах cap жилийг үдсээр 1992 онд Ардчиллын салхи Монгол Улсад сэвэлзэж байх тэр урин хавар аравдугаар ангиа дүүргэжээ. 
 
Тэрбээр хөдөөгийн цээж уужирсан тэнүүн, хүсэл оргилсон алсад амьдарч ирсэн малчин удамтай нэгэн учраас аав, ээжийгээ даган малчин болжээ. Аав нь Мондоон, ээж Ичинноров нь маллах арга ухааныг бараг эрдмийн цол хамгаалтлаа эзэмшсэн учраас тэднийгээ дагаж отор нүүдэл хийнэ, ойр ойрхон нүүнэ, сууна энэ бүхэн явдал суудалд Дэлгэр бурхан шашны номоо бясалгасаар явна. 
 
Дэлгэр бурхан багшийн ном сурах их хүсал тээсээр, өөрт байгаа тарни тэргүүтнээ хэрхэн дэлгэрүүлэх хүлээсээ тайлж чадахгүй явсаар байв. Гэтэл нутаг нугадаа чамгүй судар номтой лам гэгдэж явсан ээжийнх нь аав бие барж, сүнс одов. 
 
Энэ явдлын дараа ээж нь “Өвөөгийнхөө эрдэм ухааныг нэг нь ч өвлөөд авахгүй яав даа” хэмээн халагаангуй хэлжээ. Уг яриа Дэлгэрийн бурхны ном дэлгэрүүлэн сурах хүлээсийг нь татаж Цэцэн уул сумынхаа Донжий Ладдү цаной мойдэ Магсарт шавь ороод анхны “Га” буюу кирилл үсгээр бол цагаан толгой заалгажээ.
 
Мондооных мал ихтэй, сумаасаа зайдуу учраас лам Магсарын дэргэд үргэлж шавилан суухад бага зэрэг бэрхшээл учрав.Тэдний ойролцоо Гэндэн гэдэг шаггүй номтой лам байх тул түүнд шавилан номоо уйгагүй үргэлжлүүлэн заалгаж сурсаар ажээ. Гэтэл налгар сайхан намар цагаар “Дархан хотын Хараагийн дарь эх ламын хийдийн хамба лам Донжи лодой цоной модой гэж Хашхүү морилон ирж хүүхэд залуучуудыг шавилуулж, ном хурж байна, Майдар хурах юм гэнэ” гэсэн яриа снор мялаав. Энэ бол 1995 оны арван нэгэн cap.
 
Ингээд сумын төвд очиж лам Хашхүүд мэдсэн сурснаа тарнидаж, уншиж өгчээ. Хамба Дэлгэрийг их таашааж унших бүрийд инээвхийлэн толгой дохиж хүлээн авсан байна. Ингээд Дэлгэрийн аав, ээжид нь “Номтой болох шинж бүрэлдсэн хүү байна. Дархан хотод очиж Хараагийн дарь эх ламын Гэцогдаржаалан хийдэд хүргэ. Шалгаж үзнэ” гэжээ. 
 
Бурхан багшийн эрдэм сурах ямар нэгэн билэг увдис байгааг эрдэм ухааны төгөлдөр гэгээтэй лам Хашхүү таньснаас ийм шийд өгсөн нь эргэлзээгүй байсан биз. Лам болох хүсэлтэй хүүд энэ шийдвэр сайхан санагдсан ч аав нь Улаанбаатарт мал тууж оччихоод тракторын курст сурахаар байж байдаг, ээж нь олон дүү наргай нь мал маллана. Эднийгээ орхиод явахад хэцүү байжээ. Гэвч бурхнаас өгсөн авьяас билэгтэйг хөгжүүлэх өөрийн хүсэл хойно явахаас аргагүйд хүргэв.
 
Ингээд хамгийн бага дүү Цэрэннадмидтайгаа морин дээр сундлан Галуутайн гол гатлаад бурхны ном сурах холын аяндаа морджээ. Сумын төвд дүүгээрээ хүргүүлээд өвлийн тэргүүн сард шаггүй хүйтэн болчихсон цагт ГАЗ-66 машины кузов дээр суугаад эрдмийн аяны замаа үргэлжлүүлэн Улаанбаатарт ирсэн аж. 
 
Аян замын бодол нь Хараагийн дарь эх ламын Гэцогдаржаалин хийдэд очиж сураад сайн лам болох тухай байсан гэдэг. Ийнхүү явсаар Улаанбаатарт ирж нийслэлийнхээ сонин сайхныг үзэж нүд тайлах эхээ тавьж аавтайгаа найрамдлын хэмээн овоглосон Дархан хотыг зорилоо. Хурдан машины ард суусан учраас хангай нутгийн уул толгод жирэлзэн өнгөрч өвсний өндөр ургасан, ой модны ихийг хүү Дэлгэр бишрэн явав. Хүний газар эрдэм сурах хүслийн замдаа үзсэн сонин содон зүйл олон, олон. 
 
Дархан хотод ирээд тэр хоёр Орломжав гэх хамаатныдаа буулаа. Монголын хоёр дахь Нийслэл гэгддэг Дархан хот Улаанбаатарыг бодвол дуу чимээ багатай, цэвэрхэн сайхан хот аж. Хотын соёл, хүмүүүсийн иргэншил зэрэгтэй бага зэрэг танилцлаа. Хөдөөгийн хүүд үзэж харсан бүхэн сонин содон байлгүй яахав.
 
Ингээд зорьсон гол хэрэг болох олон түмний авгайлгаар Адиа буюу Хараагийн дарь ламын Гэцогдаржаалин хийдийн хамба лам Хашхүү гуайнд очлоо. Мэнд усаа мэдэлцээд, нутаг нутийн сонин сайхныг хөөрөлдсөний дараа Ламын Чодов хэмээх номыг Дэлгэр уншиж өгөв. Номыг хамба сонсоод нэг юм хэлсэнгүй. Гэвч дотроо их тайшааж байгаа нь нүүр агаад мэлмийд нь илэрхий. 
 
Тэрбээр жаахан бодолхийлснээ “Өвлийн тэргүүн сарын шинийн найманд хийдэд хүрээд оч” гэж их шийдэмгийгээр хэллээ. Шийдэмгий хэлсэн нь Мондооны хүү Дэлгэрийг эрдэмтэй лам болох ирээдүйг нь хараад төрсөн аж. Ийм үйлстэй хүүгийн хэрэг зорилго нь амархан бүтэлгүй яахав. 
 
Нутгийн лам Базаррагчаа өнгө, хэмжээ, учир утгыг нь бодолхийлэн тааруулж нэг дээл хийлгэн, орхимж нөмрүүлэн монгол гутал өшиглөн 1995 оны өвлийн тэргүүн сарын шинийн наймны билиг төгөлдөр сайн өдөр Хараагийн дарь эх ламын Гэцогдаржаалин хийдэд хутагтын нутгийн хүү шавиар орсон түүхтэй.
 
Мөнх хөх тэнгэрийг билэгдсэн хадган дээр мөнгөн аягатай сүү барьж багшдаа хийгээд хийддээ шавь орсон ажээ. Хараагийн дарь эх ламын Гэцогдаржаалин хийд бурхны дэг жаягаар урлал хийц, өнгө жавхаа, утга учраар бүрэлдсэн олон бурхан залж, мөн идээ ундааны билэгдэлээр дүүрэн байх юм. 
 
Лам хуврагууд болоод сүсэгтэн олон хийдээр дүүрэн. Хийдийг чимгэлсэн хээ хуар, арц хүжний үнэр, цэвэр цэмцгэр орчин Дэлгэрийн гайхширал, бишрэлийг улам, улам төрүүлөх авай. Гэсэхүйн заавраар лам нарт ном судар түгээх, арц рашаан шүншиглүүлэх, залуу лам нарыг Дэлгэр хараад “Би ийм үйлийг удахгүй хийнэ, ном их сурна даа” гэж зорилгоо чандлахын сацуу ээж Ичинноровынхоо захисныг бодолхийлэн гэрээ жаахан санаатхав. 
 
Хүүхдийн гэнэн цагаан бодол хойно “Намайг хаана суулгах бол. Багш их таалж байгаа юм чинь дээхнүүр суулгах байх гэж тэр олон лам нарын завсар зайтай суудал байна уу?” гэж харж зогсчээ. Гэтэл Дэлгэрийг шавь орох үйл үйлдсэний дараа хамгийн доод талд суулгав.
 
Дээд талд нь дүү лам банди нар залрах аж. Аравдугаар анги төгсөөд хоёр жил болсон залуу, дөнгөж арваад настай хүүхдүүдийн доод талд суухад ямар харагдахав. Энэ бол багшийн нь эрдэм номондоо түргэн сурч зэрэг суудал дээшлэхийг сануулсан холч мэргэн ухаан аж. Гэвч холч ухаан, насны эрэмбийг ялгадаг зөн совинтой сүсэгтэн ард түмэн ихэвчлэн Дэлгэрээс ирж адис авдаг байсан аж.
 
Аугаа их хүсэл зорилготой ирсэн Дэлгэр өдөр нь хийддээ сууж шашны ном ухаандаа суралцаад орой нь Орломжав гуайндаа очоод нэг номыг нь цээжлээд, нэгийг нь уншаад эрдмийнхээ үйл хэрэгт нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсээр ажээ. Ингэж уйгагүй гурван жил сурсны дараа арван хүүхдийг Дэлгэрт шавилуулан өгөв.
 
Энэ цагт түүнийг лам нар хийгээд сүсэгтэн олон “Лам”, “Та”, “Ламтан” гэж дуудна. Бишрэлтэн түмэн гэртээ зална. Бузар хийгээд муу муухайг зайлуулсан учир талархлын үгээ хэлнэ. Түүнд мөргөж сүсэглэдэг болжээ. Тэрбээр өөрөө эрдмийн үйл хэрэгтээ зүтгэхийн зэрэгцээ Хамба лам Хашхүү болон дэд хамба Базаррагчаа, гэсхүй нарынхаа итгэл хүлээлгэж шавь оруулсан арван ламыг эрдэм ном, шашины үйлд сургаад одоо ихэнх нь лам болчихсон багштайгаа мөр зэрэгцэн түмэн олондоо буяны үйл бүтээж явна.
 
Эрдмийн үйл гүнзгийрэх тусмаа зэрэг дэв дээшлэх нь бий. Хараагийн дарь эх ламын хийдийн лам Дэлгэр хийддээ Гэсэхүй боллоо. Унзад боллоо. Ингээд таван жил сүсэгтэн олноор хүрээлүүлсэн номын авшигтай хийддээ суусны эцэст хийдээсээ гарахаар шийджээ. Бурхны шашны номыг сурчихаад, биеэ тоогоод хийдээ орхин явж байгаа хэрэг огт биш байсан. 
 
Сурч мэдсэнээ алс хязгаар байгаа сүсэгтэн түмэнд хүргэе. Ижий болсон байгалиа аргадаж “Бишрэе” гэсэн уужим дэлгэр бодлын учиртай ажээ. Ээжийн аав нь уул усаа тахидаг, хүн ардад байгаль дэлхийгээ хайрлаж явахыг сургадаг ийм лам байсны үйл хэргийг үргэлжлүүлэхээр шийдсэний үр энэ ажээ.
 
Эх орны умард зүгийн сүрлэг уулсын нэг Сэлэнгэ аймгийн Дулаан ханаас уулсаан тахих бурхан шашны ёс, зан үйлийг эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш Сэлэнгэ аймгийн Хүдэрийн Буурал, Энх тал, Хэншр гээд Дархан, Сэлэнгийн нутгийн овоог тахих ёс зан үйлийг үйлджээ. 
 
Ийнхүү цаашаа Булганы Таван тайжийн овоо, Бөөрөлжтийн овоо гэж Монгол Улсын Ерөнхий сайд Амарын удмынхны тахидаг байсан овоо, Булганы Бугатын, мөн Архангай аймгийн Батцэнгэлийн овоо, Говь-Алтай аймгийн Алтай сумын Алтанхайрхан, Баянхайрхан, Цээл сумын Бүрэнхайрхан, Дэлгэр, Гуулин, Бугат, Завханы Цэцэн уул, Баянхонгорын Буудагаан, Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын Давст хайрхан, Сүхбаатар аймгийн Алтанхайрхан, Төв аймгийн Батсүмбэр, Хэнтийн Биндэр гээд нутгийн түмний шүтээн болсон олон овоо, уулыг тахиж явна. 
 
Энэ ёс зан үйлийг бүтээхэд уул овоо тахих уламжлал болоод бурхны ном судрыг уйгагүй судалж мэдсэний үндсэн дээр хийж гүйцэтгэдэг юмаа. Гэцэл лам Дэлгэрээр уул овоогоо тахиулах хүсэл дуудлагатай нутгийн зон олон жилээс жилд нэмэгдсээр байдаг. Учир нь улаан ган болсон нутагт очоод уул овоог нь тахихад л бороо намиран зүсрэн ордог эрдэм чадалтай нь холбоотой.
 
Овоог тахихдаа байр байцыг нь ажиглаж, овоо болон уултай хэрхэн холбогдон аргадаж тахих вэ гэдэг нарийн дэг жаягийг үндэслэн тахидаг юм байна. Хүн байгальтай зөв уялдаа хэлхээтэй явбал хур бороогоо хайрлаж, цэцэг ногоо, ой модоо дэвжээн дэлгэрүүлдэг увдистайг лам Дэлгэр батлаж явнам. 
 
Хүн бол байгалиас эхтэй учраас байгалиа л шүтэж явбал бүх үйлс бүтэмжтэй сайхан оршино гэж Гэцэл лам Дэлгэр хэллээ. Тэрбээр уул овоогоо тахихаас гадна учир утгагүй уясан олон хадаг, тойруулан хаясан архи болон пивоны шил, элдэв янзын таяг, эд зүйлс зэргийг цэврлэн устгах ажлыг хийж байгалиа хамгаалж байдаг.
 
Тэрбээр Энэтхэг, Шанхай, Япон, Бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улсын Буриад улс, Солонгос зэрэг олон орноор явж уул усаа аргаддаг лам хуврагуудтай уулзаж, ном хэлэлцэж, эдгээр улсын соёл иргэншилтэй танилцаж явсан. Тэгэхэд Монголын уул ус шиг бишрэд сүсгийг хүлээж авдаг, хүний оюун санаатай холбогддог ийм тийм газар нутгийг мэдэрсэнгүй гэж бишрэн ярьсан. 
 
Энэ бол нүүдэлчин Монгол түмэн олон зуун жил говь хангай, асар тэнгэрээ шүтэж ирсний ухаан хүчтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. Энэ уламжлалыг алдагдуулах ёсгүй гэж тэр эрхэмлэн хэллээ. 
 
Эрдэнэт хүмүүн бол энэ эх дэлхийгээс үүссэн. Аажмаар оюун сэтгэлгээ бүрэлдсэн гэж эрдэмтэн судлаачид эртнээс нааш үзэж иржээ. Ийм гүн мэдрэхүйн хийгээд зөн совинтой гайхамшигт ухааныг байгалиа хайрлан дээдлэх, хамгаалахад зориулах шаардлагатай цаг хугацаа ирээд буйг улам, улам ухаарах учиртай болов уу.
 
Хүн төрөлхтөн тэнгэрийн ивээл газрын татах хүчинд байгаль ээжийнхээ алтан хэвлийд торниж байна. Ямар ч амьтан эхийнхээ хэвлийг цөмөлдөггүй. Тиймээс нутаг усаа хайрлаж хойч үедээ онгон төрхөөр нь биш юмаа гэхэд нэг их сэвтээхгүй үлдээх учиртай. Энэ үйл хэрэгт Гэцэл цолтон лам Мондооны Дэлгэр бие, сэтгэл, хүсэл гурваан зориулж явна. 
 
Ганцхан хүний сайн үйлс түм, буман цацраг болж гэрэлтдэг. Эрхэм хүн таны санасан бүхэн бүтэж, зорилго тань түмэн олонд энх мөнх, саруул сайхан, уудам дэлгэр байгалаа хайрлах нинжин агаад өгөөмөр сэтгэл болон хувилаг. Хүн бол сэтгэлийн амьтан буюу.
 
Яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Шаравын БАТЖАРГАЛ