sonin.mn
ТОКИО. /TASS/. Наранд цохиулсны улмаас энэ сарын 11-17-ныг хүртэлх долоо хоногийн хугацаанд 3099 хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай Японы Дотоод хэргийн яам өнөөдөр мэдээллээ.
 
Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 1791 хүнээр буурсан тоо юм. Одоогоор Японы ихэнх нутаг дэвсгэрт агаарын хэм бага зэрэг буураад байгаа боловч 30 градусаас дээш халсан хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт хэт халууны улмаас 3 хүн нас баржээ.
 
Номхон далайд байнга дэгддэг Эль-Нино болон Ла-Нинья хэмээх байгалийн гамшигт үзэгдлүүдийн улмаас энэ онд хэт халалт үүснэ гэдгийг Японы Цаг уурын газар урьдчилан анхааруулсаар байгаа юм. Тодруулбал, долдугаар сарын сүүлч ба наймдугаар сарын эхээр онцгой ихээр халах төлөвтэй.
 
Өнгөрсөн онд болсон хэт халалтын улмаас тус улсад 100 гаруй хүн нас барж, 53 мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Ийм учраас нартай үед гадуур гарахгүй байх, байнга малгай өмсч явах, аль болох их хэмжээгээр шингэн юм уух хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг