sonin.mn

Шри-Ланк бол Энэтхэгийн далайн хөвөөн дэх халуун бүсийн арлын орон юм. Тус улс эрт цагт Сейлон хэмээх нэртэй байв. Хэдэн зууны тэртээ Шри-Ланк, Хятад хоёр орон тэнгисийн торгоны замаар худалдаа, арилжаа хийдэг, гүн гүнзгий харилцаатай байжээ.
 
Хятадын Мин улсын далайчин Жэн Хэ баруун тийш аялахдаа Сейлон улсад олонтаа очиж, бурхны ариун дагшин газар мөргөл үйлдэн, эдийн засаг, соёлын солилцоо өрнүүлж байсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэн үлдээсэн байна. Ингээд, ХОУР-гоос Өмнөд Азид суугаа сэтгүүлч Сүнь Яний Шри-Ланкаас ирүүлсэн мэдээллийг хүргэе.
 
Шри-Ланкийн Галле хот дахь эргийн шүрэн хадыг далайн давалгаа хүчтэй алгадаад хөөсрөн буцна.
 
Эртний түүхт энэ жижиг хот Шри-Ланкийн эдийн засгийн дөрвөн чухал газрын нэг гэгддэг. Тус хот XVI зуунаас хойш Португали, Нидерланд, Англи зэрэг улсын колони болж, 1948 онд тусгаар тогтнолоо зарлажээ. Европчууд Галлег олж мэдэхээс өмнө тус хот олон орны худалдааны хөлөг онгоцны зогсоол, тэнгисийн торгоны замын чухал боомтын нэг байжээ.
 
 
1405-1433 оны хооронд Мин улсын далайчин Жэн Хэ баруун тийш аялах замдаа Шри-Ланкад 5 удаа айлчлан очсон байдаг. Жэн Хэ гурав дахь удаагийн аялалаараа Галле хотод очжээ. Харин одоо, Галле хотын эртний хороолол дахь Шри-Ланкийн Үндэсний музейн салбар музейд "Шри-Ланк, Хятадын уламжлалт найрамдал" сэдэвт үзэсгэлэнгийн тэнхим гаргажээ. Тэнд 600 жилийн өмнө Жэн Хэгийн ахалсан хөлөг онгоцнууд эртний Сейлонд ирж байсан үйл явдлыг бодит олдвор, фото зураг, загвар скиз, видео бичлэг зэрэг олон хэлбэрээр тусган харуулжээ.
 
 
Тус үзэсгэлэнгийн тэнхимд, далайчин Жэн Хэгийн баримлыг сүртэй сайхнаар урлан босгосон байна. Түүний ар талд нар шингэх үеийн Галле хотын далайн эргийг зурж, Жэн Хэгийн хөлөг онгоц, далайчдыг дүрслэн харуулжээ.
 
Цахим дэлгэцэнд Синхала хэлээр тайлбарласан Жэн Хэгийн далайн аяллын тухай баримтад киног үзүүлж байлаа. Энэ тэнхимд Хятадын эртний хөх шаазан, хуучин зоос зэрэг олон олдворыг үзмэр болгожээ. Эдгээр соёлын өв Хятад, Шри-Ланк хоорондын арилжааны харилцааны түүхийг харуулж байна гэж тайлбарлагч Ayona Dassanayaka ярьсан юм.
 
 
"Жэн Хэгийн худалдаа, аяллын баг 300 гаруй хөлөг онгоц, хэдэн мянган цэргээс бүрдсэн тухай сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Түүний дотор том оврын онгоц цөөнгүй байжээ. Жэн Хэ Галле боомтод ирэхдээ, гурван хэлээр бичсэн бичээс бүхий гэрэлт хөшөө авчирж босгожээ. Эдгээр соёлын өв Шри-Ланк, Хятад хоорондын арилжаа худалдаа, харилцаа солилцооны түүхийг харуулсан байдаг" 
 
Жэн Хэгийн авчирсан чулуун хөшөөг анх Галле хотын нэгэн сүмийн дотор босгожээ. Хөшөө цагийн аясаар мартагдан гээгдэж, ор сураггүй болсон гэдэг. Хожим 1911 онд тус хотод зам засах газар шорооны ажлын явцад Английн инженер Томалин уг гэрэлт хөшөөг олж илрүүлжээ.
 
 
Шри-Ланк улс тусгаар тогтносны дараа тус хөшөөг нийслэл Коломбо дахь Үндэсний музейд хүргэсэн байна. 144.5 см өндөр, 76.5 см өргөн, 12.5 см зузаан чулуун хөшөөний оройг луун хээ, бичээсийн хөвөөнд үүлэн хээ сийлж чимэглэжээ.
 
Энэ хөшөөний бүтэн нэр нь "Сейлон уулын сүмд өргөсөн хөшөө" юм. 1409 онд Жэн Хэ далайн аялалд гарахаасаа өмнө тэр хөшөөг Наньжинд урлуулж, улмаар хөлөг онгоцондоо тээж эртний Сейлон улсад аваачиж босгосон гэж музейн боловсрол түгээх албаны мэргэжилтэн Санжеевани манай сурвалжлагчид ярьсан юм.
 
Тус хөшөөний бичээсийг хятад, тамил, перс гурван хэлээр сийлжээ. Гэхдээ, олон жил хээр гадаа, салхи бороонд байсан тул бичээсийн зарим хэсэг элэгдэж баларсан байна. Хөшөөний бичээсийн агуулга тэнгисийн торгоны замын соёлын олон талт, өргөн хүрээний онцлогийг харуулсан гэж Санжеевани ярьж байлаа.
 
 
"Археологийн судалгаагаар тодруулснаас үзвэл, хятад бичээсийн агуулга нь, Мин улсын Юнлө хааны бичсэн Шагжамуни бурхны магтаал, тамил бичээс нь Хинду шашны Вишну сахиулсан, перс бичээсийн агуулга нь Исламын шашны Аллах бурхны магтаал байдаг.
 
Тэр үед худалдаачдын ихэнх нь Арабаас ирдэг байв. Иймээс хөшөөн дээр араб бичээс сийлсэн. Эртний Сейлон улсын арилжаа эрхлэгчдийн дийлэнх нь тамилчууд байсан бөгөөд тэд тамил хэлээр ярьдаг байжээ. Хөшөөний хятад бичиг тухайн үед Хятад, Шри-Ланк хоёр орон тэнгисийн торгоны замаар эдийн засаг, соёлын харилцаатай байсныг харуулж байгаа юм."
 
ХӨТ: Жэн Хэгийн хөшөөний бичээстэй адил ганц чулуун хөшөөнд гурван зүйлийн бичгээр, гурван зүйлийн шашныг магтан хүндэтгэсэн тохиолдол Шри-Ланкийн түүхэнд үгүй юм. Энэ хөшөөг илрүүлсэн явдал тухайн үеийн түүхийг судлахад ихээхэн ач холбогдолтой гэж Санжеевани ярьж байлаа.
 
"Энэ хөшөө эртний тэнгисийн торгоны замын соёлын чухал өв юм. Хятад, Шри-Ланкийн харилцааг гэрчилсэн хосгүй үнэт түүхэн олдвор мөн. Хятад улс болон дэлхийн бусад орноос тэнгисийн торгоны замын тухай олон хөшөө илрүүлсэн байдаг. Гэвч, Шри-Ланкаас илрүүлсэн, тэгсэн мөртлөө музейд хадгалсан, гурван төрлийн бичээс бүхий хөшөө ганцхан юм."
 
ХӨТ: Жэн Хэгийн өргөн барьсан хөшөө Шри-Ланкийн Үндэсний музейн хосгүй үнэт соёлын өвийн нэг гэж музейн хамт олон танилцуулж байлаа. Шри-Ланкад аялал жуулчлал хөгжихийн хэрээр гадаад, дотоодын олон жуулчин, ялангуяа маш олон Хятадын жуулчид зорин очиж тэрхүү гэрэлт хөшөөг үздэг болжээ.
 
Эртний тэнгисийн торгоны замын тэмдэглэл болж үлдсэн хэдэн зуун жилийн өмнөх энэ чулуун хөшөө өдгөө, XXI зууны тэнгисийн торгоны замд Шри-Ланк, Хятад хоёр орны найрсаг харилцааны гэрч болж байна.
 
Эх сурвалж: "Хятадын Олон Улсын Радио"