sonin.mn
Одоо Португалийн дуу хөгжмийн Фадо хэмээх урсгалын тухай мэдээллийг хүргэе.

 
Испанийн Фламинго бүжиг дэлхий дахинд маш их алдартай. Тэгвэл Испанийн хөрш Португалид байр сууриараа Фламингогоос дутахгүй Фадо хэмээх дуу хөгжмийн урсгал байдаг.
 
Энэ төрлийн дуу хөгжим 150 жилийн түүхтэй. Португалийн Лисабон зэрэг олон хотын том жижиг гудамжны баар цэнгээний газрын тоглолтод Фадо хөгжим байнга дуурсан хүмүүсийн сонорыг мялаадаг.
 
 
Португалийн дуучин Мариза бол Фадо урсгалын уран бүтээлээрээ сүүлийн жилүүдэд хамгийн өндөр амжилт гаргасан дуучдын нэг гэгддэг. Тэр "Фадо бол хуучны Португалийг санагдуулдаг хэрнээ Португалчуудын цоо шинэ цаг үеийг нээн харуулдаг" хэмээн ярьж байна.
 
"Фадо нь Лисабоны соёлын илэрхийлэл болсон дуу хөгжим төдийгүй мөн Португалчуудын оюун санааны илэрхийлэл юм. Хүмүүс Португалчуудыг далайгүйгээр оршин амьдарч чадахгүй гэдэг. Энэ үнэн. Манай өвөг дээдэс эрэлхэг далайчид байсныг хүмүүс мартдаггүй.
 
Иймээс би Фадог дэлхийг тойрон аялаж буй усан онгоцтой зүйрлэх дуртай. Фадо бол эртний Португалийн тухай сайхан дурсамж тээсэн, дэлхийгээ улам сайн танин мэдэхийг зорьсон дуу хөгжмийн урсгал юм. Түүнчлэн шинэ үеийн Португалчуудын амьдралын хэв маягийг харуулдаг гэж би боддог."
 
 
Портулгали хэлээр Фадо гэдэг үг "хувь тавилан" гэсэн утга санааг илтгэнэ. Уйтгар гуниг, харуусал, мөрөөдөл тэмүүллийг илэрхийлдэг нь энэ урсгалын дуу хөгжмийн гол онцлог юм. Онцгой айзам хэмнэлтэй гитарын аялгуу, дуучны өвөрмөц хоолой хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, сонссон хүн уярахгүй байхын аргагүй байдаг гэнэ.
 
Фадо урсгалын дуу хөгжимд тухайн дууны хөг аялгуу гэхээсээ илүү шүлгийн утга санаа чухал байдаг. Иймээс фадогийн дуулах мэргэжилд "саудаде" буюу "хүсэж эрмэлзэх" гэсэн утга бүхий тусгай нэр томъёо бий болжээ. Хэрэв Фадо "хүсэж эрмэлзсэн" утга санааг агуулахгүй бол дэндүү уйтгар гуниг, харууслын өнгө аястай болно. Харин харуусал гунигийн дунд "хүсэж эрмэлзсэн" өөдрөг утгатай дуу хүмүүсийн сэтгэл зүрхийг эзэмдэж, оюун санаанд нь хоногшин үлдэнэ гэж үздэг.
 
 
Португалийн алдарт дуучин Маризагийн "Ард түмэн минь ээ" хэмээх дууны үг:
 
Чи бид хоёрын хувь зохиол ийм л байжээ 
Далайгаар аялах нь миний заяа тавилан юм 
Амьдрал хэдий чинээ бэрх бартаатай ч 
Энэ бүхнийг гитарын аялгуу өгүүлэх юм 
Фадогийн харууслын аялгууг сонсох бүр 
Сэтгэл минь зүг чигээ алдан уйлмаар санагдана. 
Ай, эх орон минь, ард түмэн минь, 
Сэтгэлийн ийм уйтгар гуниг минь 
Та нарыгаа дэндүү санан үгүйлснийх байсныг 
Одоо л би мэдэрлээ ... хэмээн өгүүлдэг.
 
Фадог Португаличууд улс орныхоо урлаг соёлын нандин өв хэмээн үздэг. Фадо анх ард олны дунд уламжлагдаж байсан бол хожим үе үеийн уран бүтээлчид боловсруулан хөгжүүлжээ.
 
Өдгөө фадо урлагийн өндөр түвшинд хүрсэн бөгөөд баялаг урын сантай болж, уянгалаг зөөлөн аялгуу нь дэлхий нийтийн сонирхлыг татаж байна. Фадог ердийн үед ганц дуучин дуулна. Эмэгтэй, эрэгтэй дуучны аль нь ч байж болно. Тод цээл айзамтай тенор гитар болон Португалид их дэлгэрсэн лийрийн дүрст 12 чавхдастай гитараар хоршин хөгжимддөг онцлогтой.
 
 
Фадо анх Португалийн колони байсан Бразилын Африк гаралтай хүмүүсийн Ланду хэмээх бүжгээс үүссэн гэж зарим хүн үздэг бол зарим нь Португалийн ардын үлгэрт дуунаас үүссэн гэдэг. Гэтэл өөр нэг хэсэг нь Португалийн далайчдын дуунаас үүссэн ч гэж ярьдаг.
 
Фадо хэрхэн буй болсон талаар хүмүүс янз янзаар ярьдаг боловч олон нутгийн, олон талт соёлын элементийг өөрт нэгтгэж, өнөөгийн Фадо урсгал бий болсон нь тодорхой байна. Португалид зарим хүмүүс ресторанд идэж уухын тулд биш, харин Фадо хөгжим сонсохын төлөө очдог гэнэ. Дууны үгийг сонсоод ойлгохгүй байх нь хамаагүй, айзам аялгууг нь сонсоход утга санаа нь аяндаа ойлгогддог гэнэ шүү.
 
Фадо хэдийгээр гунигт аялгуутай боловч шүлгийн утга санаа нь эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн байдаг. Фадо эрт цагийн уламжлалаа хадгалсаар ирсэн ч түүнд шинэ шинэ өөрчлөлт буй болжээ.
 
Тухайлбал Фадогийн аялгууг урьд зөвхөн хоёр зүйлийн гитараар хоршин хөгжимддөг уламжлалтай байсан бол сүүлийн жилүүдэд хоёр португали гитар, нэг тенор, бас нэг басс гитар хэрэглэх болжээ.
 
Заримдаа орчин үеийн дуу хөгжмийн урсгалын нөлөөгөөр хийл, морин хийл, баян хуур, төгөлдөр хуур, хийлийн дөрвөл зэрэг олон төрлийн хөгжмийн зэмсэг хэрэглэдэг болсон байна. Дууны яруу найргийн утга санаа, сэтгэлгээний өнгө аяс ч улам бүр шинэчлэгдэж байгаа гэнэ.
 
Фадог голдуу мэргэжлийн хүмүүс тусгай концерт дээр, эсвэл "Фадо хөгжмийн газар"-т л тоглодог. Үүнээс гадна Фадо хөгжим сонирхогчдоос бүрдсэн анхан шатны Фадо нийгэмлэгийнхэн олон жилийн түүхт хуучин хорооллын тайзнаа тоглолт хийнэ. Нэр хүндтэй, ахмад уран бүтээлчид албан бус сургалт зохион байгуулж, залууст Фадо дуу хөгжмийн урсгалыг зааж өгдөг байна. 
 
Фадод хэрэглэдэг лийрийн хэлбэрт Португали гитар ердийн 6 утаст гитартай адилгүй. Зургаан хэсэг давхар утас бүхий нийт 12 чавхдастай. Дууны өнгө, дарах арга барил нь Flamenco гитараас ялгаатай.
 
Сүүлийн жилүүдэд Dulce Pontes, Misia, Mariza зэрэг уран бүтээлчид Фадог урлагийн өндөр түвшинд хүргэсэн бол кино найруулагч Вим Вендерс Фадогоор сэдэвлэж "Лисабоны үлгэр" нэртэй уран сайхны кино хийсэн юм.
 
Сонсогч та бүхэнд Португалийн хөгжмийн алдарт Фадо урсгалын тухай мэдээллийг хүргэлээ.
 
Эх сурвалж: "Хятадын Олон Улсын Радио"