sonin.mn
Төрийн тахилгат Богд Очирваань Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол өнөөдөр болно. Хайрханы тахих ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн удирдлага оролцох юм.
 
Отгонтэнгэр хайрханыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчууд байгалийн хүчин зүйл, хүний амьдралыг далдын холбоогоор тайлбарлан, хүрээлэн буй орчноо тахиж шүтсээр иржээ.  
 
Отгонтэнгэр хайрханыг “Очирваань” бурхны орон буюу Богд Очирваань хайрхан хэмээн нэрлэх болсон нь Монгол дахь Буддын шашны гурав дахь их дэлгэрэлтийн үе буюу 1585 оны хавиас эхтэй.
 
Очирваань бурхныг арван хангал дотроо төдийгүй бүх ядам бурхдын дунд хүч чадлаараа нэрд гарсан тул “чадал хүч” хайрлагч хэмээн шүтэх явдал XVI зууны сүүлчээс монгол орноо үлэмж дэлгэрсэн байна.
 
Түүнчлэн Очирваань бурхныг “Монголыг даасан ядам” гэж эрхэмлэн үздэгтэй холбоотой Отгонтэнгэр уулыг “Очирваань бурхны орон” гэх буюу эзэн нь “Богд Очирваань” гэж монголчууд билэгшээж тайж шүтсээр ирсэн уламжлалтай.
 
Анх 6-8 зуунд Түргүүд тахидаг байсан бөгөөд нэг хэсэг тахих ёслол тасарсан байна. Түүнээс хойш 1911онд Богд хаан жил бүр ламын шашины ёсоор тахиж байжээ. Богд хааны үеэс хойш уг хайрханыг огт тахиагүй бөгөөд  1995 онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна.
 
Улиастай хотоос 100 км зайд оргих Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг 1992 оноос дархлан хамгаалж байна.
 
Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4000 гаруй метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг