sonin.mn
Шинэ засаг төр бурхны номонд заасан ёсоор явж байгаа юм. Сэтгэл хувьсах явдал олон хувраг та нарт байж болохгүй. Хойт зүг ээлтэй тул мөргөдөг нэг нь мөргөцгөөнө л биз.
Егүзэр хутагт Ж.ГАЛСАНДАШ
 
Богд хаант Монгол Улс, Ардын Засгийн үед, тодруулбал гурван ч удаа төрийн сайдаар тохоогдон ажиллаж байсан эл хүний тухай дорнод монголчууд домог мэт хэлэлцэн өдий хүрсэн. Ж.Галсандаш шашин, төрийн хэрэгт сайн зүтгэсний учир Нийслэл хотод ном хурахад хутагт нарын тэргүүнд суулгах, хааны зарлигаар ногоон тэрэг, шар жолоо шагнан хүртээсний дээр Зүүн хязгаарыг илбэн тохинуулах ажилд зүтгэсэн гавьяаг нь үнэлж “Зарлигаар үүрд үнэн сүжигт" цолоор шагнаж байв.
 
Чухамдаа олон түмэн Егүзэр хутагтыг To вангаасаа ч дээгүүр тавьж сүжиглэн биширч байсан нь түмэн үнэн. Егүзэр хутагт Ж.Галсандашийн тухайд цагаан морин жилийн хувьсгалаас эхлэн судлаачид үгээ хэлж эхэлсэн. 
 
Доктор Д.Цогт-Очир “Хэлмэгдсэн Егүзэр хутагт Ж.Галсандаш” /1992/ номбо бичиглэжээ. Түүний хувьд өнгөрсөн зууны дунд үеэс Егүзэр хутагтыг судалсан гэх ба анхны эх сурвалж нь До яамнаас албан хэрэгцээнд зориулж цөөн хувиар хэвлэсэн “38-ын хэрэг” нэртэй ном ажуу. Номд зүүн өмнөд хязгаарыг илбэн тохинуулах сайдын түүх, намтар, хутагт Егүзэрийн хэргийг шүүн тасалсан, мөн хутагтын аж ахуйч, амьдрах ухааны тухай өгүүлжээ.
 
Егүзэр хутагт Монголыг тусгаар бие даасан улс байлгах гэсэн чин бодлын үзүүрт сэтгэлийг барин тэмцэж явсан үндэсний баатар байв. 1913 оны зун Богд хааны зарлигаар Егүзэр хутагт Ж.Галсандаш Монголын Зүүн өмнө хязгаарын хэргийг илбэн тохинуулах, захиран шийтгэх сайдаар томилогджээ.
Нутагтаа сайдын яамыг нээсэн тухай бичигтээ:
 
“...Би төрөлхийн мунхаг бүдүүн, сурсан төсөөлсөн эрдэм чадалгүй бөгөөд оролдсон тушаал маш хүнд тул осолдон цалгардуулуузай хэмээн аюун болгоомжилмой. Гагцхүү хязгаарын элдэв хэрэгт чин хэмээх сэтгэлээ гүйцэтгэн хүчнээ дуусган зүтгэж, түгээмэл хишигт түмэнтээ нэгэнт хариулан Богд эзний туйлын таалалд нийцүүлэхийг хичээсүгэй” гэсэн нь буй.
 
Хязгаарын ардуудыг ухуулж, Манжийн эсрэг босгох, нутаг залгаа Өвөрмонголын олон чуулган, хошуудын эрх баригчидтай холбоо тогтоож, Монгол Улсын бүрэлдэхүүнд дагаар оруулах, Зүүн өмнө хязгаар нутгийг Манжийн халдлагаас сэргийлэн хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. 
 
1915 оны гурван улсын Хиагтын гэрээгээр Богд хаант Монгол Улсыг “Гадаад Монголын автономи” гээд Өвөрмонголыг Хятадын харьяанд оруулснаас хил хязгаарын байдал тайван биш болсон нь хутагтыг ямархан удирдагч вэ? гэдгийг шалгах томоохон шалгуур болсон юм. Тэрээр Өвөрмонголын ноёд Монголоо даган хошуугаараа орж ирэх гэсэнд болгоомжилж, магадгүй араас нь хятадууд шалтаглан довтолж, тусгаар тогтнолд аюул учирч мэднэ гэдгийг ч тооцоолж байв.
 
Зүүн хязгаар дахь цэргийн сайд, хичээнгүй баатар Гомбо-Идшингээс Ж.Галсандашид илгээсэн бичигтээ: “Сайд Егүзэр хутагт танай газраас элч дор авахуулан надад илгээсэн бичигт эдүгээ харчин, цахар ба гамин цэргүүд нийлэлдэж халх лугаа байлдана хэмээх мэдээ бүхийг мэдэгдэн элч хүргэж иржээ” гэсэн зэрэг нь Егүзэр хутагт эх нутгийнхаа алс хязгаарыг дайснаас туйлын сэрэмжтэй хамгаалж байсан нь тодорхой. 
 
Тухайн үедээ дэлхийн улс гүрнүүдийн харилцаанд ороо бусгаа түвэгтэй үзэгдэл олон байсан тул түүний нөлөөний хүрээнд шашин, төрийн томоохон зүтгэлтний хувьд эрхгүй татагдан орсон. Тэрбээр Монголын шашин, төр, олон сүсэгтэн, шавь нарынхаа тусын тулд амь бие оюун санаагаа чилээсэн төрийн хүн, хамаг амьтныг нигүүлсэнгүй сэтгэлээр энэрэгч бурхны дээд хувилгаан байж.
 
“Хэлмэгдсэн Егүзэр хутагт’’-ын дараах ном нь Гандангийн цорж Г.Диваасамбуу, хүү Д.Тайвансайханы хамт бичсэн “Агваанлувсанданзан ээбэмбалсамбуу дор мөргөмүй’’ хэмээх ном болой. Тэр номд шашны том зүтгэлтэн талаас нь харуулахыг хичээсэн бөгөөд Галсандашийн өмнөх гурван дүрийг тодруулсан сурвалжийн тухайд үлэмж ач холбогдолтой. Хутагтын тухай гурав дахь бүтээл нь эрдэмтэн Х.Гүндсамбуу агсны “Егүзэр хутагтын экологийн бодлого” ном болно. 
 
Хурц ван Түдэнтэй зэрэгцэн шавь хошуугаа захирч байсны хувьд удирдахуйн олон талын авьяас билэгтэй байсан нь тодорхой. Егүзэр хутагт шашны дээд зиндааны мяндагтай ч жасын аж ахуй эрхлэлт, байгаль хамгаалал, хязгаар нутгийн төр шашны үйл хэрэгт оруулсан хувь нэмрээрээ дорнод монголын суут хүмүүн, халхын “To ван” хэмээн алдаршсан Тогтохтөрийг ч давж гарахуйц шинэчлэгч нэгэн.
 
Монголын түүхэнд Егүзэр хутагтыг Зүүн хязгаарын сайдаар томилсон, мөн Хятадууд баривчлан одсон тухай ганц, нэг өгүүлбэр буй. Өвермонголын 49 хошууны 35 нь Монголд дагаар орох хүсэлтэй байсан тэр л цагт Зүүн хязгаарын хэргийг Захиран шийтгэх сайдын тусгай газрыг байгуулжээ. 
 
Олноо өргөгдсөний гуравдугаар оны (1913 оны 7 дугаар сард) 6 дугаар сарын 30-нд Богд гэгээний зарлигаар Егүзэр хутагт Галсандашийг Зүүн хязгаарыг захиран шийтгэх сайдад томилсон нь тухайн үед дээд лам нар нь Монголын улс төрд тэргүүлэх нөлөөтэй байсныг тод гэрчилдэг. 
 
Зүүн хязгаарын Ерөнхий сайд Егүзэр ачит зан бадарсан эрдэнэ мэргэн хамба Галсандашийн гараар Өвөрмонголын нутаг хошуутай холбоотой төрийн чухал бичиг, мэдээ сэлт дамжин гарч байв. Монголын Гадаад яамны нэгэн бичигт “1915 оны өвөл цагаар хятадын хар цэрэг, морьт хулгай Бавуужав нарыг устгахаар нэхэж явна гэж шалтгаалцан тэд Егүзэрийн хийдийг сүйтгэн, эд хөрөнгийг цөлбөн авсан ба бас, харьяат хутагтыг арваад шавь нарын хамтаар барин одлоо” гэсэн нь буй.
 
Эх нутгаа Хятадаас салгаж Монголдоо нэгтгэх Өвөрмонголын зэвсэгт тэмцлийн тэргүүн жанжин гүн Бавуужавын цэргүүд хүчин мөхөсдөж 1915 оны есдүгээр сарын сүүлчээр Монголын хилд нэвтрэн Егүзэр хийд рүү түрэгдэн ирэхэд хойноос нь нэхсэн хятад цэргүүд хийдэд цөмрөн, хүн малгүй болсон, Егүзэр хутагтыг хэдэн хүний хамт баривчлан авч одсон гэдэг. 
 
Магадгүй тэр Монголоо гэсэн Бавуужав жанжинг нууж орогнуулах мэдрэмжтэй эх оронч нэгэн. Шүүх яамны сайд Богдын зарлигаар Бээжинд очиж Богдоос “Егүзэр хутагтыг элдэв дор сайтар харгалзан хамт дагуулан ирвэл зохино” гэснээр Егүзэр лам дагалдагчдын хамт 1916 оны цагаан сарын 17-ны өдөр Хүрээнд Шүүх яамны тэргүүн сайд Цэцэн хан Наваанцэрэн, Цэргийн яамны дэд сайд Жамъяндоной нартай цуг ирж өмнө хязгаарыг тохинуулах сайдын албаа дахин гүйцэтгэж эхэлвэй. 
 
Монголын Гадаад яамнаас Хүрээнд суугаа Хятад сайдаас цэргээ нэн даруй эргүүлэн татах, төрийн сайд Егүзэр хутагтыг суллуулах шаардлага тавьж, 1915 оны сүүлээр Гадаад яамнаас Бээжин рүү утас цохин “Егүзэр хутагт лугаа учирмагц эмээх явдалгүй даруй нутаг буцваас зохихыг нарийвчлан хэлэх ажаамуу” гэсний үр дүн ийн гарчээ. 
 
Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход Егүзэр хутагтыг Богд хаан сүр хүчтэйдээ суллуулчихсан ч юм биш. Долоо буудуулсан хөх чоно мэт хашир генерал Юань Ши Кай ердөө хутагтыг биширдэг, Хаант Оросын томчуулаас эмээж болгоомжилсондоо ийн шийдвэр гаргасан хэрэг.
 
Харчин гүн Бавуужаваас 1915 оны хаврын шинэ дээр Хүрээнд илгээсэн бичигтээ: “Өршөөлт бүрэн эрхт сайдууд танаа ёслов. Урьд Егүзэр ламаас Герман улсын хоёр хүн хятад, монгол хүний хамт манай цэргийн хорооноо ирж, түүний дорд түшмэдтэй учирч Оросын төмөр замыг эвдсүгэй” хэмээсэн бичээс буй. Гүн Бавуужав, Ж.Галсандаш хоёрын харилцаанд Хятад, Германы худалдаачид тоглох гэж оролдоод бүтэлгүйтсэн гэдэг. Хутагтын хувьд Оросыг тууштай элгэмсэж хүндэлдэг нэгэн байж.
 
Гадаад Монгол дахь Хятадын цэргийн эрхтнүүдийн зөвлөснөөр Богд гэгээн зарлигдаж, цагаантны эсрэг тэмцэх зорилгоор Манзушир хутагт Цэрэндоржийг онд зүүн хязгаарын сайдаар, Жалханз хутагт Дамдинбазарыг баруун-хязгаарын сайдаар тус тус томилж байв. Ийн Егүзэр хутагт Зүүн хязгаарын сайдын албаа Цэрэндоржид өгөөд, нэгэн оны дараа зун Зүүн өмнөд хязгаарыг тохинуулах сайдаар томилогджээ.
 
Ардын засагт нутаг орныг сайн мэдэх, ард олны бишрэл хүндэтгэлийг хүлээсэн тийм л нөлөө бүхий элч хэрэгтэй байсан нь Егүзэр хутагт байлаа. 
 
1921 оны хувьсгал ялсны дараа Ардын Засгийн анхны Ерөнхий сайд Д.Бодоо гэгээнтэн Егүзэр хутагтад явуулсан бичигтээ “Энэ хэр эрдэмт лагшин тунгалаг эрхэлсэн сайн зохиол ба номын үйлс ёсчлон гүйцэлдэж хотлоор туст зүйлсийг бүтээсээр амуй за. Энд бидний Монгол Улс шинэ Засгийн хэрэг явдлыг үүсгэн явуулснаас янагш, гадаадтай найрамдаж, дотоодыг засч, эрдэм чадал элдэв төр боловсрон тэнцэж, ард түмнээ өнө үүрд амаржуулах зэрэг хэргийг явуулахуй дор гагцхүү гадаадын харгис дайсныг устгах, дотоодоос эрдэмтэн мэргэдийн эвлэл гарч тус лан тэтгэмжлэхүй дор итгэхийн учир эл элдэв явдлыг хэлэлцэн тогтоолгохоор эрхэм хутагт таныг урьж албаны бичиг бариулсан ба бас элдвийг тодотгож сургахыг хүлээн ... Хэзээ морилон ирж, эрмэлзэж хүссэн эл зүйлийг гүйцэтгэх бол хэмээн харуулдан хүлээж бүхийд шагнал хайрласан захидлыг хүлээн хүртэж учрыг мэдэрч маш баярлав” гэсэн байх ба хутагт хариу захидалдаа нутагт нь үймээн самуун дэгдээж буй Богд хааны итгэмжит жанжин Найданжав вангийн тухай учир байдлыг лавлан асууж байжээ. 
 
Сайд Бодоо ч тэдний муу явдлыг ухааруулж, амар болгох арга замыг эрэн сүвэгчилж буйгаа учирлахын зэрэгцээ Галсандаш хутагтад ван Найданжав, гүн Лувсан нартай соёрхон уулзаж, билгүүн сургаалаа айлдан номхруулахыг хичээнгүйлэн хүсч байжээ.
 
Егүзэр хутагт Хүрээнд морилон ирж шинэ засгийн удирдлагуудтай уулзан 1921 оны наадмын дараахан Зүүн өмнө хязгаарын сайдын модон тамгыг хүлээлгэн өгч, Ардын Засгийн мөнгөн тамгыг хүлээн авсан аж. Улсын зүүн хязгаарт самуун гаргасан хятадын дайралт, Цахарын Жодовжав, харчин Бавуужав, Найданжав вангийн хүчний элдэв түйвээн зэргийг арга эвээр зохицуулах, намжаах үйлсэд түүний хичээл зүтгэл үлэмж их ээ. Ардын цэргийн сайд гүн Гомбо-Идшин чухамдаа түүний ивээлээр амьд үлдэж чадсан юм. 
 
Гүн Жодовжав нарын удирдсан 2000 илүү цэрэг 1921 оны зун Авгын Сандуу сүмийн чиглэлээр Дарьгангын хээр талын хошуу нутгуудад халдахаар тэмцэж яваа мэдээг Егүзэр хутагт авч, Хязгаарын цэргийн сайдыг Цэцэн ханыг тохинуулах сайдтай хүчин хавсарваас дийлэх нигууртайг учирлаж байснаас үзэхэд Ардын засагт ч гэсэн сэтгэлээсээ зүтгэж байсныг нь гэрчлэх аж. 
 
Хил хязгаарын үймээн самууны үеэр Ардын намын Г.Бумцэнд, Дугаржав, Гомбо-Идшин нарын цэргүүдийн хоол хүнс, ачаа, уналга залгуулж, бүхий л боломжоороо тус хүргэжээ. Эд хөрөнгө, эрх мэдлийн хувьд баян хэн бугай ч гурван төрд нүүртэй гэдэг утгаараа бус Монголоо гэсэн сэтгэл байгаад нь хутагт тогтсон засаглал бүхнийг дэмжиж байв. 
 
Тэгээд ч Ж.Галсандаш Монгол, Хятад, Манж, Төвд хэлнээ гаргуун нэгэн байсан гэх. Гэвч түүний бичиж туурвисан зүйл одоогоор тодорхой бус хэвээр л байна. Богд хаан Ж.Галсандашийг Зүүн хязгаарын сайдаар тохоон томилоод бичгийн эрдэмд боловсорсон Дашням гүнг дэргэд нь суулгасан нь бас л нэг учир утгыг өгүүлэх.
 
Чухамдаа хутагтын дэргэд арав орчим жил суусан Дашням гүн юу бичиж үлдээв. Энэ бүхэн үл тайлагдах оньсого мэт. Хутагт Ж.Галсандаш их удирдагч В.И.Ленинтэй уулзсан гэлцдэг. Мөн Хутагтыг буудах гэсэн хүмүүсийн нүд юу ч харахгүй байсан гэх. Бурхны номын ид шид үү, эсхүл хоосон цуу юу гэдгийг нотлох цаг ирэх буй за. 
 
Юутай ч Егүзэр хутагт хязгаар нутагт үлэмж нөлөөтэй байсанд цаашаагаа урваж бидэнд гай тарьж магадгүй гэж хий хардсан ардын намынхан айдсаа дийлэлгүй эцэст нь Галсандашийг дуудаж, нийслэлд 1929 оны намрын жихүүнд авчирчээ. Нам, засгаас хязгаарын түгшүүртэй байдлыг харгалзан Егүзэр ламыг газар дээр нь баривчлахыг түдгэлзэн нохой арга хэрэглэж хилээс нь түргэн холдуулахыг ийн урьтал болгожээ.
 
Уг ажлыг гүйцэтгэхээр УБХ-ын гишүүн Дэмбэрэл, орос сургагч Кунаев нар очсон юм. Тэд Эрдэнэцагааны дотоодыг хамгаалахын төлөөлөгч Пүрэвжавын хамтаар тавуул Егүзэр хутагттай уулзаж гурван цагийн дотор хот явуулах учиртай байв. Егүзэр ламд бараалхсан Дэмбэрэл Засгийн бодлогыг хэлж “Хошуу нутгийн өмнөд хязгаарт та ойрхон байхад аюултай. Нөгөө талаар хутагт таныг улсынхаа төвд Богд хааны ордонд залж нийтээр бишрэн шүтэх хүсэлтэй байгаа юм. Иймийн тул таныг яаралтай залахаар бачуу хугацаатай ирсэн. Машин бэлэн байна” гэсэнд Егүзэр хутагт цааргалалгүй машинд нь суусан гэдэг. 
 
Тэдний ямар санаа агуулж буйг хутагт аль эрт гадарласан байж. Дотоодыг хамгаалах газар 1929 оны зунаас тайж Эрэгдэндагвын “Эсэргүү бүлэг” гэгчийг илрүүлэн устгах ажиллагаандаа шуудран оржээ. 
 
Эрэгдэндагва бол Егүзэр хутагтын нэг нутгийн хүн. Монголын шинэ төр, засгийн бодлогод дургүйцэн Хятад, Японоос цэргийн тусламж гуйж Ардын төрийг устгах санаа өвөрлөн бичиг үйлдэж, түүнийгээ тэр үеийн бичиг үсэг бүхий хуучин төрийн зарим зүтгэлтэн, дээд мяндагтай лам хувилгаад зэрэгт үзүүлж, санаа оноог авах гэсэн оролдлого хийж буйг Дотоодыг хамгаалах газар мэдрэн даруй мөшгөн, холбогдох хүмүүсийг баривчлах нь тэр. 
 
Энэ нь Егүзэр хутагтыг алах шалтаг болж ямар ч холбогдолгүй байхад албан хүчээр “мэдсэн” болгосон төдийгүй, толгойлогч мэтээр гүтгэн эрүүдэж, эцэст нь 1930 оны намар зүгээр л нохой шиг буудаж орхижээ. Гэвч Ж.Галсандаш нь засаг төр, ард олондоо буруу саналгүй бурхан болсон нь шүүх хурал дээр ч тод мэрдэгдсэн байдаг.
 
-Чамд ардын засаг яагаад сайн болсон юм бэ?
 
-Энэ засаг хэвээр тогтвоос сайнсан гэж бодохоос өөр юмгүй. Мөн тусгаар улс байгаасай хэмээн санана. Энэ засгийн ялгаврыг гаргаж хэлж мэдэхгүй. Ийм боловч нийт ард түмэнд эрх чөлөөг нийгмээр эдлүүлсэн бөгөөд сайшаалтай нь гэрчлэгдэнэ.
 
-Хэрэв Эрэгдэндагва эл бичгийг Хятадын Засгийн газар өгсөн бол тэдний бичсэн зүйлийг хүлээн авна гэж санадаг уу?
 
-Эрэгдэндагвын зэрэг хүн тийм хэргийг бүтээж яаж чадах билээ. Бас ч газар газар цагдаа цэргүүд байхад хэрхэн яаж нэвтрэн гарах, мөн гараад хүрсэн нь тэр газар хүлээн авах эсэх ч ямар билээ, юу бодож чинхэж явсан хүн билээ. Өөрийгөө зовоосон юм байгаа даа. Энэ хэргийг зохих газраас мэдэлгүй гараад хэргийг бүтээвэл ард олонд гай болно хэмээн өчиж суужээ.
 
Ж.Галсандаш шүүх хурал дээр “Эрэгдэндагвын бичгийг сонсож мэдээгүй, бид хоёр улс төрийн талаар юм ярилцаж байгаагүй” гэж үнэнээ мэдүүлж тэр бүхэн нь бусад хэрэгтэн, гэрчүүдийн мэдүүлгээр батлагдаж байсан ч хэн ч сонсохыг хүссэнгүй.
 
Егүзэр хутагт Ж.Галсандаш шашин, төрийн том алба хашихын сацуу сав шим ертөнцөд амьдран орших ахуйн учир утгыг номлогч гэгээнтэн байв. Тиймдээ ч Байрингаас хоёр согоо, нэг буга авчран Хөндлөн Хайлсын орчим хашаа бариулж Дадваа байран гэгчээр бугаа маллуулжээ. Буга төлжин олон болоход Егүзэр хутагт бугаа тогтвортой амьдрах газраар Лхачинвандад /нутгийн олон Навчит вандан гэж нэршсэн/ уулыг зохимжтой гэж үзээд гуч орчим толгой буга согоог тавьсан нь нутагшин үржсэн гэдэг. 
 
Хуран гэдэг газарт тарвага аваачиж нутагшуулсан ч бий. Хэнтийн Дун уулнаас гандигар мод аваачин Хуранд тарьж ургуулсан нь одоо ч үржин ургасаар байна. Мөн монос, алтан гагнуур, алтан харгана, арц зэргийг бас л энд тэндээс авчирч ургуулсан ажээ. Байцаа, сонгино, сармис зэрэг хүнсний ногоо, хар будаа зэргийг Жаргалантад тариулж хүмүүст өгдөг байсан нь хутагтын сэтгэлийн ач буян байв. 
 
Егүзэр хутагт хивсчин хятад хүмүүсийг урьж авчран залуу лам нараар хивс нэхүүлж, сүмийн дуганын баганыг луутай хивсээр ороож чимэглэх, далан түрүү гэдэг ургамлаар бор цаас хийх, боржин чулуун сийлбэртэй зүйл хийлгэж, барилгын шохой, өнгийн чулуу шороогоор элдэв будаг найруулж ашиглах зэрэгт сургаж байв. 
 
Эх нутгийн эрдэс, баялгийн дээжээс бүрдсэн үзмэр, эртний судраар арвин номын өргөөтэй байж. Егүзэр хутагт гарын уртай залуу лам нарыг бие даалган “Жунаан Чодов” хэмээх цагаан сарын арван тавны үзүүлбэрийг тоглодог болгожээ. Энэ нь одоогийнхоор хүүхэлдэйн театр хэлбэрийн тоглолт юм. 
 
Егүзэр хутагт Ж.Галсандашийг Эрэгдэндагва нарын эсэргүү 38 хүний бүлэг гэгчийн толгойлогч гэж хилс хэргээр алсан шалтгаан бол Монголын нөлөө бүхий том лам нарыг ангийн хувьд устгах большевизмын харгис бодлогын үлд яр байлаа. БНМАУ-ын Дээд шүүх хянан, 1990 оны бүгд хурлаараа хэлэлцээд хутагт Ж.Галсандашийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. 
 
Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө өөрийн оюун билиг, бие хүчээ шавхан зүтгэсний эцэст амиа өргөсөн дорнод монголын зарлигаар гарсан суут хүмүүн, Зүүн хязгаарыг илбэн тохинуулах ачит мэргэн цорж, арилсан чин бишрэлт, зан бадарсан эрдэнэ мэргэн хамба, ялгуусан чин зүтгэлт, үнэн сүжигт тойн Егүзэр хутагт Ж.Галсандашийн тухайд мэргэдийн бичээс, хөх түүхийн улбаа сурвалжаас үүтгэн хөрөглөвөөс ийм буюу.
 
Яруу найрагч Ж.БАЯРЖАРГАЛ