sonin.mn
Бидэрийн Баярсайхан шүлэг бичиж эхлээд өгүүллэг рүү аажмаар даялсан юм. Тэр утга зохиолын ертөнцөд еөрсдийгөө 90-ээд оныхон гэж овоглосон их давалгааны нэгээхэн түрлэг болж гарч ирсэн, тэр цагийн “хөвгүүд”-ийн нэг. Уран бүтээлч өөрийн харгуйгаа зөв сонгох нь тун чухал. Түүний эгэл, хөдөө ахуйтай, гэгээн цагаан дүрслэл бүхий шүлгүүдийг уншиж байсан. 
 
Хорин жилийн өмнө “Аргал хатаагүй зун” шүлгийн авсаархан номоо хэвлүүлээд дэгдэж явсан энэ уран бүтээлч хорин жилийн дараа үргэлжилсэн үгийн зам харгуйгаар бидэрч, эрлээ олж, олсноо олз болгож явна. Түүний уран бүтээлийн тэнжээ аль хэдийнэ холыг туулахад ая эвтэй болж, ачлага татлага нь таарч, дөрвөө дарсан атны хүч орж, дөч шүргэсэн эрийн шийр заах болжээ. 
 
Гагцхүү Бидэрийн Баярсайханыг мэддэгийнхээ хэрээр мэдэмхийрэх гэсэнгүй. Түүний богино өгүүллэгүүдийг ахин дахин уншиж, эрийн цээ гэж юуг хэлдгийг ухаарч, содон соргог дүрслэл, шигтгээ бас зохиолын дэвсгэр өнгө, тэр нь зохиолын баатруудынхаа сэтгэлийн гүн рүү яргахад ямар нөлөөтэй болсныг тодруулах гэсэн юм. 
 
Уран бүтээлчийн дотоод сэтгэлийг чагнаархах нь хомс болсон өнөө цагт судлал, задлал, эрэгцүүлэл, ажиглал чухал хэрэгтэй байгааг энэ дашрамд хэлэх юун. Уран зохиол бол дүрээр дамжсан дүрслэлийн хураангуй юм. Нөгөө талаасаа төрөлх хэлнийхээ баялаг түүхий эдээр хүний сэтгэлийн орон зайд барьж байгуулсан орд харш юм. 
 
Түүнээс хийрхэл, хэнээрхэл, ёсчлол, үйл явдлын цуваа ерөөс биш. Үнэндээ бол үргэлжилсэн үгийн богино төрөлд үйл явдал ч тэгтлээ нөлөөгүй сэтгэлгээний драм л чухал. Хийсвэрлэл, бодлогошрол дотоод ертөнцийн амьдрал илүүтэй байвал сайн.
 
Баярсайханы өгүүллэгт тодорч байгаа урлахуйн нэг онцлог бол орчин, хүн хоёрын зохирол аж. “Эх шувуу шиг жиргэх юмсан" өгүүллэгт өглөөг болжморын жиргээгээр будаж, тэр нь өглөөний амьд байгалийг тодруулж, тэр амьд энхрий дэвсгэр дээр хүний уйтгар хүлээлтийг сэтгэлийн драмаар мэтгэсэн байдаг. Энэ өгүүллэг төгсөхдөө мөн л “...Өглөөний сэрүүн тунгалагт шувууд одоо л амжиж “жиргэж” авъя гэсэн шиг жив жив гэлдэн жиргэлдсээр л байлаа”. Дарам Цэрмаа хоёрын дотоод чинадад шувуу жиргэхийг тэр “хүлээлт” болгож дүрсэлсэн.
 
Тэгвэл “Намар оройн бороо” өгүүллэгт буцаж яваа улирлаар дэвсгэр хийж, Дүлий Доо-гийн амьдралын ганцаардлыг гунигийн шаргал өнгөөр зохируулсан байна. Энэчлэн өгүүллэг бүхнээс нь дүрээ тодруулан зурах байгалийн тодорхой дэвсгэр өнгийг сонгосон байна. Энэ бол Баярсайханы өгүүллэгүүдийн орон зайн дэвсгэр өнгө төдийгүй дүрийн илрэл болсон сэтгэлийн араншинд очиж нийлж байна.
 
Ер нь богино өгүүллэг бол уран зохиолын чимхлүүр төрөл. Тэр тусмаа уран дүрслэл бүхий яруу найргийн амин сүнсийг дотооддоо шингээсэн тийм төрөл л дөө. Тийм ч учраас гялсхийсэн уран дүрслэлүүд их тохиолддог. Баярсайханы өгүүлэгүүдэд ч ийм гялс хийсэн, яруу найргийн мөрүүд шиг сайхан дүрслэл тун элбэг байгаа юм.
 
Сүүлийн үед үргэлжилсэн үгийн төрлөөр бичиж байгаа ихэнх уран бүтээлчид монгол хэлний баялаг сангаас тэгтлээ ашиглаж чадахгүй, өдөр тутмын улиг болсон мохоо модон үгсээр хэлхэж, харилцан яриагаар дулдуйдсан, дотор нь хар ярианы аахар шаахар үгсээр дүрээ тодруулах, үзэн ядуулах, хараах зүхэх сэтгэлийн сөрөг хөдөлгөөнүүдийг илрүүлэх үүднээс хэрэглэж, утга зохиолын яруу хэрэглүүр хомсдоод байна. 
 
Ийм үед төрөлх хэлнийхээ тансагт чөлөөтэй аялж, бичиж буй бүтээл, гаргаж буй дүрээ амьд юм шиг зурж байгаа нь тун олзуурхууштай. Үүнийг батлах хэдэн жишээг дор сийрүүлье.
 
“Арчсан толь шиг мэл хоосон” (эсрэгцсэн дүрслэл), Өвдөл цөвдөлхөн цагаан үүл (багасгасан дүрслэл), ...Өвсний толгой ганхалзах уйтай шаргал аялгуу, (хийсвэрлэсэн дүрслэл)... Өвлийн цагаан нар уулын оройд дөнгөж гялтайж, (багасгасан дүрслэл), ... Өвөл зүтгүү орсон малын нүд л осолдохгүй хөдөлж (багасгасан дүрслэл), “түймрийн утаа шиг ,саарал тоорог...” галтай ус залгисан шиг галзуурч,эрчилсэн дээс шиг гүвэлзэн...”, улайтгасан зоос шиг цусан улаан туяа...”, “бор шувууны өндөг шиг цоохор хамар...”,
өвсний гиюүрэл шиг гэгэлзэн сэнсэрч...”, “хар хүрхрээ шиг үс...” хөх чулуу шиг нүцгэн тэмээ...” гээд олон олон (зүйрлэсэн дүрслэл) дүрслэлийг түүний өгүүллэг бүхнээс ажиглаж анзаарч болно.
 
Тэрчлэн түүний өгүүллэгүүд хүний сэтгэл, сэтгэлгээ рүү хандсан амьдралын жам ёсыг ухааруулсан монгол философид очиж зангидагдсан нь бусдаас сүрхий ялгарч байгаа юм. Баярсайханы “Үйлийн үрийн төлөөс” гэж өгүүллэг байдаг. Тэр өгүүллэг чухамдаа “өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэг монгол үгийн бодит жишээ болж чадсан. 
 
Хувь тавилангийн өмнө хэн ч буруугүй гэдгийг зохиолч энэ өгүүллэгээрээ чадамгай урлажээ. Наанаа бол “буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" гэдэг зүйр үгийн дэвсгэр харагдаж байвч цаанаа хүний сэтгэлийн шимшрэл, цөхрөнгүйн туйл, дотоод мөн чанарыг илтгэж, мөнхийн цаг хугацаанд мөн бие нь гүйцэгдэхэд л үнэн гарч ирдгийг харуулж чадсан.
 
Баярсайхан олон сайхан эмгэд өвгөдийн дүрийг өгүүллэгтээ урласан. Тэр бүхэн нь сэтгэлгээний голдуу дүрүүд юм. Цөхрөл, уйтгар дундаас олж харсан ертөнцтэйгөө эвлэрэхдээ эвлэрч, гажихдаа гажсан Дарам, түүний хань Цэрмаа, Дүлий Доо, ач хүүгээ эрхлүүлсэн өвөө, үйлийн үрийн төлөөсеө эдэлж яваа аав гээд олон дүр бий. 
 
Энэ дүрүүдийн хэв шинж бол хөдөөд байдаг монгол өвгөний цөлх ухаан, амьдрахуйг ухаарах ухаарал юм. Түүгээр нь дамжуулан урласан нь үнэнд ойр, сэтгэлд дөхөм болж чадсан. Сэнгийн Эрдэнэ баавайн “Өвгөн шувуу”-нд гардаг жудагтай өвгөнийг бид мэднэ дээ. Түүн лугаа “Галын зээ” өгүүллэгт гарч буй өвгөн бол хөдөөгийн, амьдралын хар ухаантай өвгөний хэв шинжит дүр гэж хэлж болно.
 
Өгүүллэг хэмжээ, үйл явдлын хувьд бага ч гэсэн дотоод чинаддаа уншигчийн сэтгэлийн гүнд өөр өөрийн өвгөнийг урлах тийм сэжүүр болж чадсанаараа их онцлог юм. Энэ бол үнэндээ монгол үндэстэнд л байдаг ёс. Гал дээр гарсан зээ гэдэг ямар их хайр хүндэтгэлд өсдөгийн бодит жишээ... Жирийн нэг ёс уламжлал мэдэхгүй нөхөр энэ өгүүллэгийг уншаад “юун сүртэй юм” гэж хэлэхийг бас үгүйсгэхгүй. Далд чанар, мөн чанар хоёрын нийцэл дунд түүний сэтгэлгээний санаа оршиж байгааг олж харах хэрэгтэй л дээ.
 
Баярсайханы өгүүллэгүүдэд тохиолдох цогц болоод ахиулсан дүрслэлүүд нь уран сайхны хувьд чадамгай болсныг гэрчилнэ.
 
“...Тоглохын тал бол ээрэм их тал. Хангай газар баймгүй хоёр Тамирын хөндийг дүүргэсэн талбиун уужим тал. Cap хээр хонож, шарлангатсан эцэнхий морь богшиж туулмаар их тал юм. ... “ (Намар оройн бороо) гэх ч юм уу, "Бүсгүй даанч цэвэрхэн төрж. Хүн цэвэрхэн төрнө гэдэг бурхны хишиг..., Цэвэрхэн гэхэд үг багадмаар цэвэрхэн төрсөн юмсан.
 
Хас цагаан царай, хаш цагаан шүдтэй, зургар хар хөмсөгтэй, гол шиг нарийхан охин...” (Аргагүй амраг) гэх ч юм уу, "... Эрээн палаажтай жаахан охин өгсийм, энэ зүрхийг. Палааж нь өгзгөө хүрсэн оготор богино, цэцгийн шилбэ шиг турьхан бэлхүүстэй, мөрөө давж асгасан илгэн хүрэн үстэй, нүд нь гэрэлтэн очитсон жаахан охин юмсан....” (Зүрх) гэсэн цогц дүрслэлүүд нь үнэндээ бол үгээр урлахуйн гайхамшгийг харуулж байна. 
 
Хэрвээ зураач энэхэн дүрслэл ахиуллыг уншаад төвөггүйхэн дүрсэлж болохоор үгэн зураг, үгээр зурсан дүрийг амархан олж харж болох юм. Өгүүллэгийн санаа дүрийг тодруулах, үйл явдлыг эрчимжүүлэх, уншигчийн сэтгэлийг хөдөлгөхөд ийм тод томруун үгэн зураг их чухал юм даа. Түүнээс улиг болсон жижүүрийн үгээр үйл явдлыг эрхэм болгон адал явдал руу улайран хөөцөлдөх тийм зохиолуудтай харьцуулшгүй юм. 
 
Жинхэнэ уран бүтээл, уран зохиол, яруу хэрэглүүрээр бүтдэгийн жишээ гэж хэлж болно. Өнөөдрийн нийгэмд уран зохиолыг хөнгөн шингэн үйл явдлаар, “масс”-т зориулан бичиж байгааг олон хүн шүүмжлэн хэлэлцэх болсныг бид бэлхнээ мэднэ. Хүмүүсийн оюуны бяд муудсан энэ цагт түүнд нь аялдан дагалдаж уран бүтээл хийнэ гэдэг зүгээр л “бизнес” үйл ажиллагаа болохоос уран бүтээл туурвил биш юм л даа. 
 
Гагцхүү түүнийг үл анзааран уран бүтээлийн мөн чанарыг огоорон туурвих гэдэг нас урттай, хүмүүсийн оюун санааг өөд татахад оруулж буй хөрөнгө оруулалт юм. Тэгээд ч оюуны бяд суухгүйгээр бид зүгээр л аялдан дагалдаад байж болохгүй л дээ. Уран бүтээлчид л юу юунаас түрүүнд үүнийг ойлгож, бүтээл туурвилаараа залуурдан хөтлөх учиртай. 
 
Түүнээс ядуурч байгаа үг хэлийг нь аялдан дагаад ядуухан борог үгсийн цуглуулгаар үйл явдлын хэлхээс бичээд суувал горьгүй ээ... Хүмүүний сэтгэл оюуны гэрэлт ертөнцөд гал нэмж, түүний нэгээхэн өгүүллэгтээ бичсэнээр “нүдний гал бөхөхийн хэцүүг” ялан дийлэх тийм уран бүтээл олон гараасай гэж бодохын сацуу эрхэмдүүгийн өгүүллэгүүдийг уншин байж жишээ татан учирлах гэсэн юм.
 
Төгсгөлд нь жишээлэхэд, түүний өгүүллэгүүдийг уншаад хот газрын ч гэх юм уу, хөдөөшөөгүй залуус монгол хэлний арвин баялгийг олж харах боломж нээгдэж байна. Өгүүллэгүүдэд монгол ахуйг гаргасан, монгол сэтгэлгээг илрүүлсэн олон сайхан монгол үг байгаад олзуурхахаас өөргүй. 
 
Үлшгүй хол, маймчуулж, зөөг цай, хэнхэрий цээж, хөвхөртсөн уулс, өвдөл цөвдөл, эцээхэн алхаад, зуухны хүхээ, цай үйх, дэлтэй исгэл, үглийтэл лүглийтэл ёдор модон таяг, саарал тоорог...гээд олон олон үг хэллэгийг энэ өгүүллэгүүдийн хаанаас нь ч олоод байж болно. 
 
Энэ бүхэн нь зохиолчийн үгийн баялгийг харуулж байна. Санаа, сэдэв байвал түүнийгээ дүрслэн үзүүлэх сайхан тунамал, тунгамал үгс заавал байх учиртай юм. Энэ хоёр нийлж байж сая уран шаглаа нь таарсан, угалз хээ нь нийлсэн сайхан дээл, гутал шиг тийм бүтээл туурвил биелж бүрэлдэн бүтэх нигууртай юм. 
 
Бидэрийн Баярсайхан енөөдөр уран зохиолын өргөн дардан олон салаа замын дундаас өөрийнхөө замыг сонгон хатируулж явна. Түүний замд мөн ч олон сэтгэл, мөн ч олон хүн, мөн ч олон аялгуу найрсан үйсрэн байгаа нь мэдээж. Тэр бүхний дундаас өөрийн сэтгэлийн шанагаар шүүрдэн байж ертөнцийн ээдрээг тайлж, хүмүүний сэтгэлд хүрсэн бүтээл туурвил хийнэ гэдгийг баттайяа мэдэж байна.
 
Сэтгүүлч, яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор Лханаагийн Мөнхтөр