sonin.mn
1 дүгээр хэсгийг энд дарж уншина уу
 
Л.Түдэвийн хэл шинжлэлийн эрэл хайгуул нь энэхэн их дэлхийн таван тивийн хэдэн зуун харь хэлтнүүдэд байраа эзэлжээ. Үгсийн нууц уурхайг ухаж төнхсөн нөр хөдөлмөрөөрөө энэ хүн бидний биширдэг англи, орос, хятад, герман, франц мэтээс гадна перс, турк, инди гэхчлэн цаашилсаар, мөхөж устахад хүрсэн хэдэн арван хэлний сүргээс монгол үгээ олж танин, хэрхэн хувирч өөрчлөгдсөнийг эргэлзээгүй нотолжээ. Яасан ч сайхан ой тогтооц, юутай ч нарийн мэдрэмж вэ! Хүндэтгэн бахархах үндэсний гайхамшиг!
 
Л.Түдэв бол Монголын их утга зохиолд жинтэй хувь нэмэр оруулж байр сууриа эрт эзэлсэн зохиолч. Дэлхийн түүхэнд нэрээ дархалсан Монголын соёл иргэншлийн түүхэнд нэрээ баттай суулгасан их соён гийгүүлэгч! Л.Түдэв бол өнөө үед ихэд хүндлэн хөөрөлдөх болсон улс төр судлалд ч цаг төрийн өнгө аяс, үйл хэргийг хамгийн үнэн зөв, голчоор дүгнэж, хойшдын үр дагавар, хэтийн төлөвийг алдаагүй зөв оношилдог эрдэмтэн. 
 
Тухайн үеийн төр засгийн удирдлага “Алт хөтөлбөр" гарган ашигт малтмалын салбарт “лиценз” олгож эхлэхээс л Л.Түдэв “Газрын наймаа, гаднын баячуудтай түншилж эх орныхоо эмзэг зүйлээр их гарын панз үсэргэх буруу гарын ажил эхэлчихлээ. Эцэстээ буянт малдаа бэлчээргүй, хөрсийг нь эргүүлж гүн рүү нь ухсан үхмэл шороотой л үлдэхийн цондон” гэж бичиж байсан. 
 
Улс төр гэгч нь бүхэлдээ арилжаа наймаа, ашиг хонжооны сүлжээнд орчихсон. “Оюу”, "Таван” толгод хэзээ тугаллаж, сүүтэй үнээ болохыг хүлээж өлөн шүлсээ залгисан л ард түмэн болоо биз. Тэр хоёр тугаллаад ч, төлийнхөө тэжээлээс илүү гарч, ард түмнийг хоногийн тарагтай залгуулах нь эргэлзээтэй.
 
Л.Түдэв, “Дал” сонин хоёрт.
 
Энэ өргөн мэдлэг, гоц ухаантнаа тавин хэдэн насанд нь улсын Ерөнхийлөгчөөр сонгочихсон бол, үгүй ядахдаа л өвөг дээдсийнхээ булш бунхныг төнхүүлж, түүхийн үнэт дурсгалуудаас эхлээд, музейнхээ сан хөмрөгийг хулгайгаар гадагш панзлуулахгүй, хадгалсаар байхсан. 
 
Ерөнхийлөгчийн сонгуулийн луйвраар Монголын улс төрийн нүүр царай, авир төрхийг тодорхой мэдэж, тарыг нь таньсан Түдэв улс төрийн албан тушаалаас дөлж, дайжаад нийтлэгч, баримтат зохиолчийнхоо чадвар, дадлагад хүчээ зориулан, хувиараа “Дал” гэгч Монголын анхны зөгнөлт сонин гаргаж соён гэгээрүүлэх ажилдаа шамдсан. 
 
Сониноо “Дал” гэж нэрлэсэн нь малчин монголын хамгийн хүндэт зоог болох энэ мөч махны яс нь биологийн онцгой бүтэцтэй мэргэ, төлгийн хэрэгсэл байдгийг харгалзан үзээ болов уу гэж боддог.
 
Бидний багад (1930-1940-өөд онд) хониныхоо далыг цэвэрхэн мөлжөөд, тарни уншин шившлэг үйлдэж тулгатай галдаа шатаадаг. Далны яс бүрэн шатаж үнсэн саарал болоход галын хайчаар зөөлөн хавчиж гаргаад нарийвчлан ажиглана. Хуудас хэсгийн нимгэн хавтгайд янз бүрийн зураас үүсч шатсан байна. Тэр зураасуудыг тайлбарлан төлгөддөг. 
 
Хавар “Хөх морьтын” элсэнд оторлосон адуу ирэхэд, надад зүсэлсэн сартай хээр үрээ ижилдээ байхгүй болжээ. Аав, Дөш гэлэн гуай хоёр далны шатсан зурвасыг тайлахдаа: “Энэ мал эх савандаа л байна даа. Энэ зурвасаар бол мөдхөн хүрээд ирнэ дээ” гэлцэж байв. Тун удалгүй хээр үрээ айлын адуутай яваа сураг гарч олдсон юмсан...
 
Л.Түдэв ерөнхийлөгч болоогүй нь “Дал” сониныг байнга уншдаг бидэнд шинжлэх ухаан, танин мэдэхүй, түүх соёл, үндэсний ёс заншил, суут хүмүүсийн амьдрал, улс төр, эдийн засгийн байдал, үндсэн хэлний мэдлэг гээд маш өргөн хүрээтэй мэдээлэл авах завшаан болсон. 
 
Их эрдэмтэн ч олон намын зөрчилдөөн, “ардчилал” гэгч алдарт үгээр халхавчилсан, улс орны хамаг баялгийг тонон дээрэмдэгч шинэ баячуудын булхай луйвартай тэмцэлдэж тархиа “ширгээгүй” нь аз болсон байх. Эх орныхоо, их үндэснийхээ түүх, соёл, шинжлэх ухаанд оруулсан энэ жинтэй их хувь нэмэр нь, өнөөдөр эс ч өрлөг түүхийн хүрдэнд хэзээ нэгэнтээ хэдэн жил ерөнхийлөгч явснаас хэд дахин илүү үнэлэгдэх нь эргэлзээгүй. 
 
Эрдэмтэн зохиолчийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байснаас хойш зууны нэгэн мөч буюу 25 жилийн эргэлт өнгөрлөө. Нас ч наяыг дөрөөлөөд дээш морилж явна. Харин эрдмийн эрэл, их түүхийн судалгаа, үгээр урлан бүтээхийн их авьяас чадвар нь өчүүхэн ч мохож саараагүй хэвээрээ гялалзах нь уншигч түмний урмыг сэргээж, бахархлыг төрүүлсээр... 
 
-Энэ Түдэв яагаад зөнөдөггүй юм бэ?
 
-Зөнөсөн гавж байдаггүй гэдэг үгтэй. Биеэ зөв жолоодож, оюунаа байнгын дасгалаар тордоод яваа толгой мунхардаггүй юм гэж нэгэн догь өвгөн хариулсан юм.
 
-Хүн зөвхөн өтөлсөн хойноо биш, орь залуугаасаа биеэ чийрэгжүүлж, архи тамхи мэтийн хорт зуршлаас зай барьж оюун ухаанаа зөв жолоодож явбал 70-80 нас заавал зөнөхийн болзоо биш ажээ.
 
-Түдэв насаараа л зохиолч, яруу найрагчидтай үерхэж нөхөрлөж яваа биз дээ. Архи уухгүй, цааргалж дөлөөд байж чадсан юм уу? Уусан ч хэмжээ хязгаарыг нь тааруулж байгаа биз. Биднийг ид залуу, цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж явах үед Л.Түдэв уран зохиолоор төрийн шагнал хүртээд, нөхдийгөө цайлсан.
 
Зууш идээгээр элбэг хангалуун найрын ширээнд суулгаад “зуу татуулахаас” илүү сархад сөгнөлгүй, шинэ номоо дурсгаад өндөрлөжээ. Нөхөд нь сэтгэл гонсойж гараад бэлгийн номоо нээтэл бүгдэд нь хөх халзан зуутын дэвсгэрт манхайж баярлуулсан гэдэг. 
 
Мөнгөний ханш маш өндөр, биестээ 10-тын улааныг ч барьж өгдөггүй байсан цаг. Би өөрөө тэр найранд нь орсон биш. Нөхөд нь л тэгж ярьцгааж байсандаг. Цаадах чинь ерөөсөө тэгэхээр л “нохой” хүн шүү гэсэн юм. Л.Түдэв сод билигт зохиолч сайхан нөхдөө архи уусаар байгаад л цагаасаа эрт явцгаачихлаа даа гэж харуусан бичсэнгийг нь уншиж байлаа.
 
Бүрэн хэмжээний 8 нүүртэй “Дал” сонинг одоо ганцаараа cap бүр бэлтгэн нийтэлж байгаа. Нэрт эрдэмтэд, зохиолч-нийтлэлчдийн бүтээлээс ч оруулдаг.
 
Гэхдээ л гол материалыг нь өөрөө бичсэн байдаг. Өөрийнх нь бичсэн бүхэн баталгаа нотолгоотой бодит үнэн л байдаг. Тэгэхдээ нийгмийн эмзэг асуудал, эдийн засаг, улс төрийн үйл явдлын мэдээллүүдээ хэдэн жилийн статистик, голлох сонин, сэтгүүлүүдээс түүвэрлэн авч нэгтгэн дүгнэсэн байдаг. Шинэ дугаарыг бэлтгэх хугацаанд тэр их мэдээллийг хэрхэн бүрдүүлж, цэгцэлж амждагт нь гайхмаар.
 
“Дал” бол зөвхөн мэдээллийн сонин биш. Улс оронд зайлшгүй хэрэгжүүлүүштэй санал зөвлөмж, нэн даруй засууштай дутагдал доголдол, үл хэрэгсэн үргэлжлүүлсээр байвал аюул сүйрэлд хүрч болох дохио санамжуудыг дугаар бүхэндээ толилуулдаг.
 
Хэдэн жилийн өмнөөс хэлж сануулсаар байсныг нь үл ойшоосноос хохирол, сүйрэлд хүрч байгаа зүйл олон тохиолдож байна. Наад захын жишээ гэхэд л 2012 оны сонгуулийг “пропорционалтай” холимог гэгчээр явуулах шийдвэр гарахад “Дал”-наадах чинь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн луйвар шүү гэдгийг анхааруулсаар, тэр хэлбэрээр намын томилолтоор “сонгогчдыг” хуулийн хүчин төгөлдөр төрийн төлөөлөл биш шүү! гэж анхааруулсаар байсан. Тэр нь сая арай гэж үнэнд гүйцэгдэж залруулагдаж байх шиг!
 
Зөгнөлт энэ сонины зөгнөл нь мэргэ төлгө биш, туршлагатай эрдэмтний урьдчилан харсан оношилгоо л байдаг. Сонин нь даанч жижигдээд, уншигчид нь даанч цөөдөөд нийтийн сонорт хүрч чадахгүй байна. Энэ жижиг сонины нийтлэлийг олж, мэдэж, ойшоож үздэг төрийн түшээд, удирдах томчууд байдаг гэж үү?
 
Л.Түдэвийн 20-оод жилийн өмнөөс бичиж байсан: мэдээллийн их урсгал, урлаг уран сайхан тайз дэлгэцэд шилжээд бичиглэн унших нь хомсодно гэж байсан нь яг л биелж байна. 
 
Ном уншдаг хүнгүй, харин сонин л уншицгаадаг гэлцэнэ. Сониноо захиалаад, гарчиглаад хаядаг нь ч цөөхөн юм. Гудамжнаас 7-10 хоногийн шар сонин алдаг оног худалдаж аваад л гэмт хэрэг, завхайрал, хаа холын алдартны гэрлэлт салалтын хов жив мэтийг шүүрдэж харснаа л “сонин”-д тэгж байна гэж мэдэмхийрэх төдий юм.
 
Үүнийг би гэрийнхээ, Баянгол дүүргийн IV хороолол дахь 7, 8 дугаар хорооны дэвсгэр дэх шуудангийн 23 дугаар салбарын нэг улирлын сонины захиалгын мэдээнээс эшилье. Энэ хоёр хороо нь 7000 гаруй өрхтэй шүү! Дээрх салбарын нийт захиалагч 200 гаруй. “Өдрийн сониныг” 200 хүрэхгүй, гээд доошилно. Өдөр тутмын бус сониноос “Сэрүүлэг” 16, “Утга зохиол урлаг” 14, “Монголчуудын амьдрал” 9 тэргүүлээд доошилж “Дал” 4, “Ноцтой мэдээ” 4 хүн захиалсан байх юм. 
 
Би, сэтгүүлч явсан танил өвгөндөө, “Дал”-ыг захиалаач гэхэд, “сонирхолтой” мэдээ байхгүй, түүгээр яах юм бэ! гэж уцаарласан. Энэ олон өрхөд үйлчилдэг шуудангийн салбарт “Дал” сонины уншигч, надаас өөр 3 хүн л байдаг ажээ!
 
1945 онд улс маань 759.3 мянган хүнтэй байх үеийн хүүхэд залуучууд биднээс хэвлэл, утга зохиолын салбарт нийтийн танил болсон ахмадуудаас амьд сэрүүн байгаа нь Ардын уран зохиолч Бааст, Л.Түдэв, Т.Галсан, П.Бадарч, Д.Цоодол, Б.Лхагвасүрэн, Б.Догмид, Ш.Дулмаа, Ш.Сүрэнжав гээд алдартнууд, сэтгүүлч Х.Цэвлээ, Г.Жамъян, Ц.Дашдондов, кино найруулагч Жигжидсүрэн гээд эрүүл энх, бүтээлээ туурвисаар яваа, судалж, сурвалжилж, бахархууштай сайхан хүмүүс байна даа. 
 
Эднийгээ зохих хэмжээнд нь дэмжин сайшааж явахсан. Эдэн дундаа Л.Түдэвийг бүр онцлон үзүүштэй! Учир нь энэ хүний үндэсний соёл, ахуй уламжлал, эх хэл, улс орныхоо тусгаар тогтнол, онгон дагшин байгалиа хайрлаж хамгаалах талаар бичиж нийтэлж байгаа бүтээлийг онцлон үзүүштэй байгаа юм. “Дал” соницы уншигч нь цөөрөөд Түдэвийгээ олж харахгүй байна.
 
Иймээс нэгд, энэ биеийнх нь эрүүл, оюун ухааных нь саруулд бүтээл туурвил, нээлт ололтыг нь нарийвчлан судлаасай билээ. Наадахыг чинь нарийвчлан судлаад байвал хэдэн ч хүн эрдмийн зэрэг хамгаалчих өв байдаг юм шүү.
 
Хоёрт, өдөр тутмын том сонинууд Л.Түдэвийн булан нээж эрдэнэ мэт бүтээл, алт мэт саналуудыг нь нийтэд хүргэвэл сонин бөгөөд ач тустай юм мөн их бий дээ. Үгүй ядахдаа залуу насны саваагүй, цайлган зангаас цагийг дэмий үрж, ямар нэгэн алдаа дутагдал гаргахаас болгоомжилж явсныг нь яриулаад хүүхэд залууст сургамж, зөвлөгөө болгож нийтэд хүртээвэл үр нөлөөтэй сайхан зүйл мөн их бий дээ.
 
Өндөр настан Ц.ДАНДАР