sonin.mn
БРАЗИЛИА. /ВВС/. Албан тушаалаасаа түр түдгэлзэхэд хүрээд байгаа Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссефф Маракана цэнгэлдэх хүрээлэнд хоёрдогч хүний байр сууринд байхыг хүсэхгүй байгаа учраас “Рио-2016” Олимпын наадмын нээлтийн арга хэмжээнд оролцохгүй гэж мэдэгджээ.
 
Дилма Руссефф түр Ерөнхийлөгч Мишель Темерийн хажууд биш харин зиндаагаар түүний дор зогсох болно гэж Темерийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
 
Мөн Дилма Руссеффийн өмнөх Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва Олимпыг зохион байгуулах эрхийг авахад гол үүрэг гүйцэтгэсэн хэдий ч наадмын нээлтийн ажиллагаанд оролцохоос татгалзжээ.
 
Дилма Руссефф, Лула да Силва нар хоёулаа Мишель Темерийн нам болон хамтран зүтгэгчдэд улс төрийн хувьд хавчигдаж байгаагаа илэрхийлжээ.Тэднээс гадна Бразилын Ерөнхийлөгч асан Фернандо Энрике Кардозо нээлтийн арга хэмжээнд оролцохгүй аж.
 
Олимпын наадмын дараа болох шүүх хуралд Дилма Руссефф ялагдсан тохиолдолд тэрбээр суудлаасаа огцрох магадлалтай байгаа бол Лула да Силва  мөн адил авлигын хэрэгт холбогдоод байгаа юм.
 
Хатагтай Руссефф даваа гарагт “Radio France International” радиод ярилцлага өгөхдөө, Олимпын наадмыг Рио-Де-Жанейро хотод зохион байгуулах эрхийг манай Засгийн газар болон Лула да Силва авч чадсан, мөн дэлхийн хэмжээний спортын наадамд зориулсан дэд бүтцийг барих санхүүжилтийг босгосон гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг