sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Японы эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн дундаж наслалт 2015 онд хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан гэж тус улсын ЭМЯ мэдэгдлээ. Өнгөрсөн онд Японы эмэгтэйчүүдийн дундаж наслалт 87.05 жил, эрэгтэйчүүдийнх нь 80.79 жил байжээ.
 
Энэ хоёр тоо бол япончуудын хувьд хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд эмэгтэйчүүдийн дундаж наслалт өмнөх дээд үзүүлэлтээс 0.22, Жил, эрэгтэйчүүдийнх 0.29 жилээр давсан үзүүлэлт аж. Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү өнгөрсөн оныхтой харьцуулахад 0.07 жилээр багассан байна.
 
Японы эмэгтэйчүүд дундаж наслалтын үзүүлэлтээр дэлхийд Хонконгийн дараа хоёрдугаарт ордог аж. 2014 он хүртэл Японы эмэгтэйчүүд дундаж наслалтаараа гурван жил дараалан дэлхийд тэргүүлж байсан юм.
 
Харин Японы эрэгтэйчүүд дундаж наслалтаараа Хонконг, Исланд болон Швейцарийн эрэгтэйчүүдийн араас дэлхийд дөрөвдүгээрт орж байна.
 
Тус улсын ЭМЯ-ны мэдэгдсэнээр, эрүүл амьдралын хэв маягийн талаарх ойлголт нэмэгдэхийн зэрэгцээ анагаах ухааны дэвшилтэт технологиуд бий болж байгаа нь япончуудыг урт наслахад нөлөөлж байгаа ажээ. Япончуудын дундаж наслалт цаашид нэмэгдэх хандлагатай байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг