sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/. Олон улсын Олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах “Рио-2016” наадмын бэлтгэл ажлын гүйцэтгэлийг сайшаасан байна.
 
Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт Зуны Олимпт зориулан бүтээн байгуулсан Олимпын хотхон болон боомтын хэсэгт зочилсон байна. Рио-Де-Жанейро хотын захирагч Эдуардо Паес, Зохион байгуулах хорооны тэргүүн Карлос Артур Нузман нар Томас Бахыг дагалдан явжээ.
 
Олимпын бамбар нь тэмцээн болох газрын гадна байрлах бөгөөд уг газарт оршин суугчид болон жуулчдыг нэвтрэхийг зөвшөөрсөн байна. Гэвч Олимпын наадам эхлэхэд 10 хүрэхгүй хоног үлдээд байгаа ч Олимпын бамбарыг асаах тогоог барих ажил үргэлжилсээр байна.
 
Түүнээс гадна, дарвуулт завины тэмцээн болох тэнгисийн ойролцоох усны бохирдол асуудалтай байсан аж. Зохион байгуулагчид энэ асуудлыг зохицуулсан гэсэн боловч эвгүй үнэр ханхалсаар байжээ.
 
"Олимпын хотхоны зохион байгуулалт нь олон асуудлыг шийдэж өгсөн бөгөөд тамирчдыг хүлээн авахад бэлэн болжээ. Түүнчлэн Олимпын бамбарын загвар гайхалтай сайхан болсон байна" гэж Томас Бах хэлээд, олон асуудалтай тулгарсан хэдий ч Олимпын наадамд амжилттай бэлтгэсэн бразилчуудад талархал илэрхийлсэн байна. Харин тэрбээр усны бохирдлын талаар дурдаагүй аж.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг