sonin.mn
Казахстаны өдөр тутмын “Экспресс” сонины нэгэн дугаарын тэргүүн нүүрэнд ийм нийтлэл гарчээ. Алма-Атагаас Истанбул хүрэх онгоцонд гарчигласнаа хураангуйлан сийрүүллээ. 
 
Алтан ордын хаан Бат хайртай хурдан хүлэг мориныхоо (араб гэсэн байна) дурсгалд зориулж 15 тонн алтаар аварга бадмаараг шигтгээтэй хөшөө бариулсан бөгөөд энэ нь түүний сэтгэлд нийцсэн тул хос морьд бүтээлгэсэн тухай өгүүлсэн байна. Үүнийг Рубрук (Гийом де Рубрук, 1253) “Алсаас харахад дүрэлзсэн гал мэт, бодит хэмжээтэй алтан морьдыг харлаа” хэмээн тэмдэглэсэн гэжээ. 
 
“TIME" сэтгүүл саяхан Чингис хааныг ертөнцийн хамгийн баян хүнээр нэрлэсэн бол түүний ач хүү Бат Адриатын тэнгис хүртэл газар нутгийг эрхшээн захирснаар өвөөгийнхөө өв хөрөнгөөс давсан баялгийн эзэн болж алтан аяганаас ундаалж, үнэт эрдэнэст хөлбөрч байсан гэж онцолсон байна. 
 
Бат хааны хүлэг морьдын хөшөөг Казахстаны Улытау хязгаарт байж болох таамаглалыг Казахстаны тал дэвшүүлж байгаа аж. Хэрэв олдвол 1,2 тэрбум долларт хүрч үнэлэгдэх боломжтой. Энэ хязгаар нутаг бол Чингис хааны ууган хүү Зүчи эцгийн голомтоос галаа тасалж, голомтоо тулсан өв нутаг. 
 
Одоо Казахстан үндэсний аялал жуулчлалынхаа тулгуур болгож байгаа хэдий ч эндээс ердөө 150 км зайд байх Зүчи хааны бунхныг мэддэг нутгийнхан ч тун ховор. 
 
Таван он дараалан жилийн дөрвөн улиралд очиход хааны бунхныг зорьсон хүн биднээс өөр таарч байгаагүй. “Тархан суурьшсан монголчууд” ТББ сүүлийн таван жил энэ нутагт хэд хэдэн удаа аялан судалгаа хийж онцгойлон Зүчи хааны бунхны тухай баримтат кино бүтээж олон нийтэд толилуулсан.
 
Казахстан 25 жилийн өмнө шинэ тулгар тусгаар улс болсон цагаасаа түүх, соёлын асуудалд их анхаарал хандуулж ирсэн. Харин одоо бол төр, нийгмийн бас л ээдрээтэй үедээ яваа улс. Энэ сард хэд хэдэн бужигнаан болсон, ард олны сэтгэл тогтворгүй байгаа нь илт анзаарагдаж байлаа. 
 
Энэ түүх үнэн байсан ч эсхүл ээлжит дуулиан байсан ч бид нэг зүйлийг үргэлж санах хэрэгтэй “Сайн эцгийн нэрийг мянга хувааж иднэ" гэдэг шиг Агуу түүх, Алдарт хаадын нэрээрээ ч, дээдсийн өвлүүлсэн өв соёлын түүхээрээ ч өнөөдөр тусгаар Монгол Улс төрийнхөө сүлдэнд жаргах учир ерөөлтэй. 
 
Бид дэлхийн өөр ямар ч үндэстэнтэй харьцуулшгүй их түүхийн өв залгамжлагчид хэдий ч өнөөдөр дов дош тойрсон бяцхан үзэл, амьхан хувийн эрх ашигтайгаа зууралдсаар байтал айл хунар хэдийнэ энэ сэдвээр XXI зууны "агуулгын, соёлын, түүхийн тоглолт" хийж түүн дээрээ дөрөөлөн хөгжиж байна. Бид харин ямархан байна? 
 
Үндэсний үзэл дээрээ зөв нэгдэж зорилготой, зоригтой, бахархалтай хөгжиж чадаж байна уу? Өрөөл бусдын хөгжлийг дуурайлаа гэхэд өв соёлын бахархлаа таслахгүй байхсан. Тунгаацгаая!
 
Судлаач Ц.САНЧИР
 
Алма-Ата-Истанбул