sonin.mn
Дэлхийн ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болсон зуны олимпийн наадмын өдрүүдэд монголчууд гурван саяулаа дэлхийн дэвжээн дээр хүч сорьж байгаа  тамирчдынхаа дээлийнх нь захыг мушгиж суув. Тамирчид маань ч эх орон, ард түмнийхээ итгэлийг алдахгүй мөнгө, хүрэл медалийн буухиаг эхлүүлж түрүүчээсээ эх орондоо ирлээ.
 
Тэдний нэг бол зуны олимпийн наадамд дэлхийн энтэй тамирчин гэдгээ харуулж, монголчуудыг огшоож, омогшуулж чадсан Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57кг-ийн жинд Олимпийн мөнгөн медаль хүртсэн Дэлхийн аваргын хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа юм.
 
Хорь гаруйхан настай охин дэлхийн дэвжээнээс од шүүрсэн энэ үйл явдал Монголын, жүдо бөхийн түүхэнд цоо шинэ хуудас нээлээ. Цаашлаад монголчуудад өнөөдрийнх шиг баяр хөөр,ааг омогшлыг ахин дахин авчрах нь  дамжиггүй. “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа түүнийг онцолсон юм.
 
Д.СУМЪЯАГ ТОСОХООР ХӨДӨӨНӨӨС 12-УУЛАА НЭГ МАШИНД СУУГААД ИРЖЭЭ
 
 
Д.Сумъяа, найз залуу Х.Цогтгэрэл болон дүү нарын хамт.
 
Д.Сумъяагийн ялалтыг зурагт, интернэт, гар утсаар хуваалцаж байсан монголчууд өнгөрсөн баасан гаригт түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авч, эдгээр өдрүүдэд түүнээр бахархаж, хайрлаж, хүндэлж сууна. Гэр бүл, хамт олон, нутгийн зон олон төдийгүй монголчууд түүнийг угтан авсан юм.
 
Тиймээс Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяаг эх орондоо ирээд удаагүй байхад нь  манай сонин “Амьдралын тойрог” буландаа урихад тэрээр  “Цагийн зөрүү гарч өгөхгүй байна. Мөн хүлээж авч уулзаж байгаа хүмүүс их байгаа учраас үнэхээр ядарч байна. Дараа болох уу” хэмээн цааргалсан ч эцэст бидэнд зөвшөөрсөн юм.
 
Д.Сумъяа “Бразил манай улс хоёр 12 цагийн зөрүүтэй учраас Монголдоо ирээд өдөр нь унтчихаад, шөнө нойр хүрэхгүй юм. Өнөөдөр /бямба/ бас л өдөр 12:00 цагаас  орой 19:00 цаг хүртэл өөрийн эрхгүй нойр хүрээд унтчихлаа” гэсээр биднийг нэлээд орой Баянбүрдэд гэртээ угтаж авав.
 
Гудамжаар өгсч яваад 5-6 дугаар ангийнх бололтой хоёр хүүхдээс “Доржсүрэн ахынх аль хашаа вэ. Олимпийн мөнгөн медальт Сумъяагийнх” гэвэл “Олимпийн аварга Д.Сумъяа эгчийнх баруун эргээд ногоон хаалга байгаа” гэв. Ийхүү заалгаж очвол тэднийх зочин олон, хөл хөдөлгөөн ихтэй  байна. Баасан гаригаас хойш айлчин гийчдийн хөл тасраагүй гэнэ.
 
Хил хамгаалах байгууллагын удирдлагууд, багш нар, нутгийн зөвлөл, хамаатан садан, найз нөхөд нь ирээд явжээ. Биднийг очиход ч Д.Сумъяагийн нагац эмээ Ж.Өсөхжаргал,  нагац ах Ц.Ганзориг, нагац эгч Ц.Алимаа, бэр эгч С.Болор-Эрдэнэ, авга ах М.Рагчаа. Мөн найз залуу Цогтгэрэл, бас нэг найз нь  ирсэн байв.
 
Д.Сумъяагийн аав М.Доржсүрэн гуай “Хоёр өдөр зочид ихтэй бужигнаад л байж байна. Хамаатан садан нутаг усныхан ирээд сайхан байна” гэж яриа дэлгэхэд Д.Сумъяа тэндээс “Намайг тосно гээд өвөө, эмээ, аав ээж, нагац ах, эгч нар  12-уулаа гадаа байгаа машинд суугаад ирсэн байгаа юм. Хол газар нэг машинд шахалдаад ядарч ирсэн байхдаа” гээд  санаа нь зовсон байдалтай хэлж байна.
 
Гэтэл аав нь “90 гаруй настай буурлууд ядарсан уу гэхэд юу ч хэлэхгүй гүрийгээд байгаа юм” гэж хэлээд гэрээр дүүрэн инээд болов. Д.Сумъяагийн авга өвөө, эмээ хоёр нь охиноо тосч авчихаад зуслан явсан бол нагац эмээ Ж.Өсөхжаргал нь сууж байна.
 
М.Доржсүрэн гуай Рио2016 гэсэн футболкоор гангарчихсан орж гарсан хүмүүстэй мэнд мэдэж айраг сөгнөж, ээж Ц.Дэлгэрмаа нь зочдод хоол цайгаар үйлчлээд зав чөлөө муутайхан байв.
 
М.Доржсүрэн гуай ярианыхаа эхэнд “Охиныхоо тэмцээнийг үзсэний маргааш сэтгэл догдлоод сууж чадахгүй байсан. Охинтойгоо утсаар ч ярьж чадахгүй дуу гардаггүй юм билээ. Дээр нь хамаатан садан, сэтгүүлчид зогсоо зайгүй залгаад л. Харин одоо охиныхоо царайг харсан болохоор тайвширчихаад сууж байна.  Охиноо гаргаж өгчихөөд нутаг руугаа гэр бүлээрээ явж төрсөн нутгийнх нь уул, ус газар усанд нь залбирахаар очсон” гэв. 
 
Д.Сумъяаг багадаа ямархуу хүүхэд байсныг асуухад “Багадаа эршүүд, хөдөлгөөнтэй, чамбай хүүхэд байсан. Хүүхдүүд зун болгон өвөө, эмээгийнх рүүгээ явна. Гэтэл нэг жил хөдөөнөөс ирээд барилдмаар байна гэхэд нь нас бага гээд нэг жил өнжүүлээд дараа жилээс нь барилдахыг нь дэмжсэн. Сургуулийнхаа спортын тэмцээн уралдаанд олон удаа амжилт гаргасан.  
 
Охин маань өөрөө бөхийн спортыг маш их сонирхож байсан учраас хориогүй. Миний охин багаасаа хөдөө хар бор ажил хийж, мал хариулж өссөн. Нас залуу байгаа учраас олон амжилт гаргана” гэсэн юм. Тухайн үед эмэгтэйчүүд барилдаж байсан цаг үе болохоор чөлөөтөөр хичээллэх үү, жүдогоор хичээллэх үү гэж ярилцаж байгаад чөлөөт бөх их зууралдаантай барилддаг  учраас эмэгтэй хүүхдийн бие эвдэрнэ гэж үзээд жүдо бөхийг сонгож байжээ.
 
М.Доржсүрэн Увс аймгийн Баруунтуруун суманд 1966 онд  төрсөн, аав ээжээсээ наймуулаа. Бага насаа нутагтаа өнгөрөөж улмаар  аймгийнхаа хөдөө аж ахуйн сургуулийг төгсөөд сумынхаа сангийн аж ахуйд ажиллаж байгаад 2001 онд гэр бүлээрээ Улаанбаатарт  шилжиж  иржээ.
 
Эхнэр нь Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуульд багшилж, хүүхдүүд нь ч энэ сургуульд сурах болсон байна. Мөн эднийх спортлог, спортод элэгтэй  гэр бүл учраас тэр хүмүүжил нь Д.Сумъяад нөлөөлсөн ч байж магад. Удамд нь гоц гойд амжилт үзүүлээгүй ч нутаг хошуундаа зодоглодог хүмүүс цөөнгүй байж.
 
М.Доржсүрэн гуай залуудаа  чөлөөт бөхөөр хичээллэж 57 кг-ийн жинд аймагтаа түрүүлж бүсийн тэмцээнд оролцож явсан удаатай. Мөн цэрэгт байхдаа хөгжмийн салаанд хөгжим тоглож бүжиглэдэг, цанын спортоор улсын аварга шалгаруулах тэмцээнд 2-3 удаа оролцож байсан чамгүй авьяастай нэгэн юм.
 
Ээж нь ч мөн адил тэшүүрээр өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон, дүү нар нь жүдо, сагсан бөмбөгөөр хичээллэдэг гээд тоочоод байвал спортын бүхий л төрлийн муугүй тамирчид эдний гэр бүлд байгаа бололтой. Гэр бүлийн гишүүд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч басхүү багаас нь үндэсний бөхөөр хичээллүүлэхээр хамгийн бага хүү болох Д.Боорчийгоо одооноос дэмжиж эхэлжээ.
 
Д.Боорчи дээд талынхаа ахаас 10 жилийн дараа төрсөн учраас гэрийнхээ босс нь бололтой юм. Хүн бүрт эрхлээд өвөр  дамжаад л. Эхээс төрөхдөө таван кг жинтэй гарсан учраас барилдана гэж боддог гэж М.Доржсүрэн гуайг хэлэхэд Д.Сумъяа “Миний дүү барилдана тиймээ. Сонины хүмүүст ярилцлага өгчих” гээд байсхийгээд л үнсч эрхлүүлэх юм.
 
Зургаан настай Д.Боорчи бидэн дээр ирснээ “Сумъяа адиа дэлхийн аварга болсон болохоор хүмүүс манайд цуглаад баяр хүргээд байгаа. Би энэ намар сургуульд орно. Энэ зун арай морь унаж чадахгүй байсан. Сумъяа адиадаа хайртай” гэж хэлчихээд тоглохоор гараад явчихав.
 
М.Доржсүрэн,  Ц.Дэлгэрмаа нар 20 гаруй жил ханилсан амьдралын зузаан намтартай хүмүүс. Дэлгэрмаа Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй бөгөөд өдгөө 20 гаруй жил багшилж байгаа аж. Шилжиж ирснээсээ хойш 50 дугаар сургуульд бага ангийн багш, Монголын скаутын холбоонд салбарын даргаар ажилладаг юм байна.
 
Түүнээс Д.Сумъяа гэрийн ажилдаа хэр вэ. Жаахан эршүүд талдаа юу гэхэд “Манай хүүхдүүд гэрийн хүмүүжил сайтай. Бүгд л багаасаа ажилсаг хүний гар гарахааргүй болж өссөн. Нутагтаа байхад сумын төв дээр зун нь хоёр тугалтай үнээ саана. Нэг өдөр үхэр тугалаа нийлүүлээд алдчихсан. Хөдөө ижил рүүгээ явчихна.
 
Би хадам аав,  ээжээсээ жаахан эмээгээд Д.Сумъяа бид хоёр шөнө дөлөөр 5-6 км гүйсээр байгаад үхрээ гүйцэж авч байсан. Тэгэхэд охин маань долоон настай байсан мөртлөө надаас хоцрохгүй явсаар байгаад ирсэн. Ийм л мундаг тэвчээртэй охин байсан даа. Би өөрөө жаахан эршүүд учраас охиноо анх бөх болно гэхэд нь бага зэрэг эсэргүүцэж байсан ч сүүлдээ сонирхлыг нь дагасан.
 
Миний охиныг  Солонгос руу анхны тэмцээндээ явахад нь манай сургуулийнхан дэмжээд, хандив цуглуулж маш их урам өгч байсан. Тэндээс анхныхаа медалийг авчирсан. Сургуулийнхаа үе үеийн хамт олондоо маш их баярладаг даа” гэсэн юм.
 
М.Доржсүрэн гуай хэд хоногоос нутаг явах гэнэ. Нутагтаа ахтайгаа тариа тарьдаг бөгөөд ургацаа хураах аж. Нагац эмээ Ж.Өсөхжаргал биднийг зээ охиных нь талаар ийнхүү ярьж суухад “Охиноо дэлхийн хэмжээнд амжилт гаргаж эх орныхоо бахархал болсонд баяртай байна.
 
Олимпийн оноо цуглуулахын тулд маш их хөдөлмөрлөсөн. Сумъяа өглөө их эрт босдог. Хувийн бэлтгэлээ хийчихээд ундаа уугаад бэлтгэлийнхээ заал руу явдаг. Тасална гэж байхгүй. Зорилгодоо хүрэхийн тулд мэрийдэг” гэсэн юм.
 
Д.Сумъяа биднийг  өрөөндөө  урьж Олимпийн мөнгөн медалиа сонирхуулангаа “Хотод ирсний дараа аав, ээж цалингаа цуглуулаад бид энэ байшингаа барьсан юм. Анх өрөөндөө орж ирэхээр их том санагдаад байдаг байсан чинь одоо би том болоод байгаа юмуу, өрөө жижгэрээд байгаа  юм  болов уу.
 
Байшингаа барьж байхад дүү маань 180 литрийн баллонтой ус тэргэн дээр түрнэ. Цаанаас нь хүн харагдахгүй устай тэрэг л яваад байдаг.  Энэ байшин манай гэр бүлийнхний бүгдийнх нь гар бие оролцож бүтсэн. Тийм болохоор би “Бидний мөрөөдлийн байшин” гэж нэрлэдэг” гэсэн юм.
 
БАРИЛДАНА ГЭЖ ААВААСАА НЭГ ЖИЛ ГУЙЖ БАЙЖ ЗӨВШӨӨРҮҮЛЖЭЭ
 
 
Аав, ээж, эмээ, нагац ах, эгч нар Д.Сумъяагийн баярыг хуваалцахаар нутагаасаа ирээд байгаа нь.
 
Ийнхүү биднийг ярилцаж суух зуур аавынх нь найзууд ирлээ. Д.Сумъяад баяр хүргэж үнссэний дараа бид Олимпийн медальтаны тоглож өссөн гудамжинд алхангаа яриагаа үргэжлүүлэв. Д.Сумъяа “Гуравдугаар ангидаа хотод нүүж ирснээс хойш энэ гудамжинд хөвгүүдтэй хөл бөмбөг тоглож өссөн. Багаасаа хөдөө өссөн дээр нь эргэн тойрныхон, дүү нар бүгд эрэгтэй болохоор хөлбөмбөг тоглоно, байнга ноцолдоно.
 
Цагаан цэнхэр өмсгөлтэй хоёр хүн нэгийгээ өндөр өргөж шидэж байсныг багадаа зурагтаар үзээд маш их сонирхож байсан. Гэхдээ яагаад ч юм мэдрэмж, зөн совингоороо барилдана гэж шийдсэн. Зургадугаар ангид байсан байх аавд барилдах тухайгаа хэлээд жил гаруй гуйсны эцэст зөвшөөрүүлсэн. Миний охины нас бага байна” гээд байсан хэмээн барилдах болсон тухайгаа сонирхуулсан юм.
 
Зөвшөөрүүлсний дараа аавтайгаа хөтлөлцөөд Спортын төв ордон дээр очиж бэлтгэлийн заалны хаалгыг нэг бүрчлэн татахад чөлөөтийн зааланд хүн байхгүй, боксынход хүмүүс бужигнаж байж. Тэгээд жүдогийн зааланд очиход хэдэн охин бэлтгэл хийж байсантай таарснаар  Эрдэнэбат, Базарсүрэн багш нарын “Монгол охид” клубтэй холбогджээ.
 
Энэ тухайгаа тэрээр “Маргааш нь анхныхаа бэлтгэлд улаан биеийн тамирын хослолтой,  бас жаахан улаандуу хацартай охин очиж байсан. Дасгалаа 100 удаа хийчихээд багшдаа хэлээрэй гэхээр гялс хийж дуусчихаад арынхаа хүүхдүүд рүү дахин дахин хармаар болно. Даанч заавал урагшаа цонхны тавцан руу харж дасгал хийдэг байсан болохоор хойшоо харж болохгүй тэвчээр шалгана даа” гэв.  
 
Тухайн үед кимоно ховор байсан учраас  хүнээс гуйж тэмцээнд оролцоно. Анх самбо-гийн өмсгөлийг аав нь 15 мянган төгрөгөөр авч өгч бөөн баяр болж, бараг өнгийг нь гандтал хоёр талаар нь өмссөн, мөн улаан хацар, улаан хувцастай охин анхныхаа бэлтгэлд очсон тухай  яриад бид хэсэг зуур инээлдлээ. Биднийг ярилцаж байх зуур бага дүү Д.Боорчи байсхийгээд л эгч дээрээ гүйж ирнэ.
 
Тэрээр Д.Даланбилэг, Д.Баянмөнх, Д.Бүрэнжаргал, Д.Тэмүүжин, Д.Боорчи гээд таван дүүтэй. Ийш тийшээ тэмцээн уралдаанд явахдаа бүгдэд нь бэлэг авчирч өгч чадахгүй үед бага дүүдээ л байнга бэлэгтэй ирдэг гэнэ. Мөн ганц эмэгтэй дүү нь эгч шигээ жүдогоор хичээллэнэ гэхэд нь “Нэг айлд хоёул хоёулаа барилдаад яахав. Дүү минь больж үз” гэсэн тухай ярив.
 
Түүнээс шантрах үе байсан уу гэхэд “Шантрах, хэцүү санагдаж байсан үе ерөөсөө  байгаагүй. Маш их сонирхдог байсан болохоор хэцүү байна гэж нэг ч удаа бодож байгаагүй. Бэлтгэлдээ явах их дуртай” гэв. Д.Сумъяа бэлтгэлдээ явах бүртээ аавынхаа ажил дээр очиж унааны мөнгө авдаг байж. Хааяа аав нь  эзгүй байхаар бэлтгэлдээ явж чадахгүй нь гээд уйлаад суучихна.
 
Дараа нь аавдаа бэлтгэлээ тасалчихлаа гэж гомдоллодог тийм л зорилгынхоо төлөө тэмцэгч охин байжээ.  Д.Сумъяа уг нь ахлах сургуулиа төгсөөд конкурс өгч Батлан хамгаалах их сургууль, ХААИС-ийн санхүүгийн анги гэсэн хоёр хуваариас тоочин болох замыг сонгосон гэдэг. Гэвч хичээл, бэлтгэл давхцаж нэгийг нь сонгох болж эргэлзээгүйгээр спортод эргэлт буцалтгүй орсон хэрэг. Их спортынхоо хажуугаар МУБИС-ийн багш дасгалжуулагчийн ангийг дараа жил төгсөх гэнэ.
 
2005 оноос хойш  “Монгол охид” клубт хичээллэж байгаад хоёр жилийн дараа клуб нь тарах болж  үеийн хэдэн охин энд тэнд хувийн клубууд дээр очно. Өөрөөр хэлбэл, Спортын төв ордноос салахгүй. Шигшээ багийн  ах эгч нарынхаа бэлтгэл хангагч хийдэг байж. Гэтэл  2009 онд Х.Эрдэнэт-Од багштайгаа таарч санаандгүй байдлаар Д.Сумъяаг “Хоёулаа барилдая. Нэг хөл бэртэлтэй байгаа учраас энэ хөл рүү битгий өшиглөөрэй” гээд барилдах үед учраа мэдэхгүй хүүхэд байсхийгээд л нөгөө хөл рүү нь өшиглөчихөөд байж.
 
Тэгээд барилдааны дараа Х.Эрдэнэт-Од багш нь дуудаад “Чи яагаад хэлсээр байтал миний бэртэлтэй хөл рүү өшиглөөд байсан юм” гэхэд нь  юу гэж хэлэхээ мэдэхгүй дуугүй зогсоод байж. Ингэж нэгнийгээ олж, дэлхийн ард түмний бахархлыг хүлээгээд буй багш шавийн барилдлага эхэлсэн түүхтэй. Энэ тухай Д.Сумъяа “Багш намайг тэр үед жаахан зөрүүдлээд зогсоод байхаар ямар шартай охин бэ гэж анх харж байсан  гэж ярьдаг”  гэв. Түүнээс хойш багштайгаа бэлтгэл хийж, ээж охин, найз нөхөд шиг нэгнээ ойлголцож найман жил болжээ.
 
Д.Сумъяа анхныхаа тэмцээний талаар “Шигшээ багийн ах эгч нартайгаа бэлтгэлд гарахаар ээлжилж жижүүрлээд өглөө 6:00 цагаас бүх тамирчдыг сэрээнэ. Сэрүүлэг дуугарахгүй байх вий гэж айгаад шөнөжин сэрж цаг харсаар байгаад унтаж чаддагүй байсан. Анх өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ороод хүрэл медаль авч бөөн баяр хөөр болоод гэртээ ирж байсан.
 
Түүнээс хойш маш их урам орсон. Өсвөр залуучуудын самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Узбекстан улс руу бараг ирэх очихын сар гаруй хугацаанд вагоноор явж байсан. Ээжийн хэлсэнчлэн 50 дугаар сургуулийн хамт олон, хүүхдүүд цаасан дээр дэмжсэн сэтгэлийнхээ үгийг  бичээд, тэр үедээ л маш их  хандив цуглуулж өгч байсан.
 
Дээрээс нь өвөө, эмээгийнхээ тэтгэврийн зээлийг авахуулаад тэмцээнд явна гээд энэ хэдийгээ мөн ч их чангаасан даа. Харин энэ жилийн олимпод оролцоод өндөр настай өвөө, эмээ нараа бага ч гэсэн баярлуулсан гэж боддог” гэв. Тэрээр 2009 оны “Ulaanbaatar world cup” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн гээд тоочоод байвал амжилт, ялалтыг нь нэрлэж дуусахгүй. 
 
“МИНИЙ АРД АРМИ БИЙ”
 
 
“Медаль зүүхдээ нулимс гаргаагүй. Өвөө эмээдээ үнсүүлэхдээ өөрийн эрхгүй уйлчихсан”
 
Д.Сумъяаг бид төрсөн гэртээ ирээд байхад нь эх орондоо ирсэн сэтгэгдэл, олимпийн сонин сайхныг нь хуваалцав.  Олимпод оролцсон багийнхан энэ жил хотхоноос 100 км зайд  тусгай баазад анх удаа байрласан байна. Монгол тогооч, эмч гээд маш сайхан тав тухтай байсан гэнэ.
 
Тэрээр “Би барилдахынхаа өмнө ч, ер нь их тайван байдаг. Заримдаа багш намайг “Чи арай л  тайван юм” гэдэг. Багш өөрөө  маш шаламгай хүн учраас бид эрс тэс хүмүүс шиг байгаа юм. Гэхдээ маш сайн ойлголцож чаддаг. Энэ жилээс эхлээд  сэтгэлзүйчтэй ажиллаж байгаа. Олимпоос медаль авсан маань зөвхөн миний амжилт биш. Гэр бүл найз нөхөд, баг хамт олон, дасгалжуулагч, бэлтгэл хангагч, Жүдо бөхийн холбооны удирдлага, хамт олон, Монголын үндэсний олимпийн хороо, нутгийн удирдлагууд, Хил хамгаалах ерөнхий газрынхан, ивээн тэтгэгч байгууллагууд гээд миний төлөө сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулсан бүх хүмүүсийн амжилт. Бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Миний ард бүхэл бүтэн арми бий. Баярлалаа гэж хэлэх маш олон хүн бий” гэсэн юм.
 
Мөн  Х.Эрдэнэт-Од багш, Жүдогийн шигшээ багийг удирдлага О.Балжинням дасгалжуулагч, Монголын жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга М.Бөхбат, Хилийн 0119 дүгээр ангийн хурандаа Лхагвасүрэн  зэрэг хүмүүст онцгойлон баярлалаа гэдэг үгийг манай сониноор дамжуулан дайсан юм.
 
Мөн “Би 2010 оноос ХХЕГ-ын  Хилчин спорт хорооны тамирчин гэж явж байгаа. Монголын өнцөг булан бүрт суугаа хилчид дээлийнхээ захыг мушгиж, зурагт гардаггүй газар нь утсаар намайг асуусан байх гэж боддог. Хилчиддээ маш их баярлаж явдаг. Хилчидтэйгээ баяраа хуваалцмаар байна” гэсэн юм.
 
Д.Сумъяа эх орондоо ирсэн сэтгэгдлээ “Хэдийгээр медаль аваад баярлаж байсан ч миний дараа олон тамирчин тэмцээнд орох учраас тэдэнтэйгээ хамт байж тайван байсан. Гэтэл Монголд ирээд яг эсрэгээрээ болчихсон. Онгоцноос буугаад л сэтгэл огшчихсон. Медаль авч байхдаа гаргаагүй нулимсаа өвөө, эмээдээ үнсүүлээд өөрийн эрхгүй уйлчихсан.
 
Сүүлдээ ямар хүмүүс үнсээд баяр хүргээд байгааг ч мэдээгүй. Хүмүүс бүчиж аваад л баяр хүргээд байсан. Бразилд байхдаа ч эх орондоо ирээд ч монголчуудын хүчийг мэдэрсэн. Хандгайтад бэлтгэлд гарснаасаа хойш интернэтэд орохгүй гэж өөртөө хэлээд өчигдөр /уржигдар/ л фэйсбүүкдээ орлоо. Маш олон хүнээс баярын үгтэй мессеж ирсэн байна” гэсэн юм.
 
Бразилд байхад нь утас нь эвдэрчихсэн учраас онгоцноос буугаад гэр бүл, хил хамгаалах байгууллагынхантай уулзчихаад үдээс хойш нь гар утас худалдааны TEDU  орж утсаа засуулжээ. Гэтэл хүмүүс өнөө өглөө ирсэн биздээ гээд гайхаад байсан гэнэ.
 
Ярианы далимд монголчуудыг шуугиулаад байгаа өөрийнх нь Рафаела Силватай хийсэн барилдаан, боксын Д.Отгондалайгийн шүүлт, Н.Түвшинбаяр, С.Батцэцэг гавъяатын барилдааны талаар асуухад “Миний барилдааны шүүлтийн талаар монголчууд маш их эсэргүүцэл илэрхийлсэн байсан. Энэ бол монголчуудын буруу биш. Тэмцээний дүрэм журмыг тэд сайн мэдэхгүй. Мөн тэр дүрмийг өөрчлөөд байгаа хүмүүсийн буруу биш. Тиймээс аль алинд нь буруу өгөхийг хүсэхгүй байна. Дахиад ард түмнийхээ итгэлийг алдахгүйн тулд улам хичээх болно.
 
Д.Отгондалайгийн хувьд би боксын спортын нарийн учрыг сайн мэдэхгүй. Гэхдээ миний бодлоор илт давуу байсан. Медаль авсан нь маш том амжилт. С.Батцэцэг гавъяаттай уулзаж чадаагүй. Багш таараад гар барьсан чинь мөр нь  их зовиуртай байна лээ гэж надад хэлсэн. Бэртэл гэдэг бол тамирчин хүний хувьд гол дайсан. Бэртэлтэй үед барилдааны ихэнх амжилт үгүй болдог.
 
Манай баг дэлхийд ур чадвараараа  эхний дөрөвт ордог. Энэ цаг үеийн мундаг баг. Миний өмнө медалийн төлөө барилдсан  М.Уранцэцэг, Д.Төмөрхүлэг хоёрт жаахан харамсах сэтгэл төрсөн. Мундаг залуучууд шүү дээ.
 
Багш намайг ялахад 2-3 секундэд маш олон хөдөлгөөн хийсэн байна лээ. Тэгээд ялаад дэвжээнээс буугаад ирэхэд нүүр нь хувираад юу ч болоогүй юм шиг болчихсон. Дахиад барилдаантай байсан учраас намайг тайван байлгахыг хүссэн байх. Багшдаа маш их баярлаж явдаг” гэсэн юм.
 
Тэрээр дэлхийн дэвжээн дээр медаль зүүгээд зогсч байхдаа гаргаагүй баярын нулимсаа эх орондоо ирээд гаргасныг дээр дурдсан. Мөн медалийн тавцан дээр Бразилийн төрийн дуулал эгшиглэж байхад сэтгэл дотроо Монгол Улсынхаа төрийн дууллыг дуулж зогсчээ. Төрийн дууллаа дуулна гэж бодоод гарсан юмуу гэхэд “Дуулна гэж төлөвлөөгүй. Бразилийн төрийн дуулал яваад эхэлсэн чинь гэнэт эх орныхоо төрийн дууллыг дуулъя гэсэн бодол орж ирээд сэтгэлдээ дуулж зогссон” гэв.
 
Д.Сумъяагийн найз залуу  ОУХМ Х.Цогтгэрэл түүнийг баярлаж, гуних цаг мөч бүрийг хуваалцаад өдгөө зургаан жил болжээ. 2010 онд тэмцээний үеэр танилцаж байсан хоёр нэгэндээ урам хайрлаж, амжилт бүтээлээр дүүрэн аз жаргалтай амьдралын төлөө хамтдаа тэмцэж явна. Х.Цогтгэрэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул.
 
Жүдо бөх болон үндэсний бөхөөр хичээллэдэг аймгийн начин цолтой залуу бий. Тэр олимпийн наадамд Д.Сумъяатай хамт байсан юм. Д.Сумъяагийн амжилтын талаар түүнээс сонирхоход “Д.Сумъяаг медаль авахад маш их баярласан. Медаль авна гэдэгт нь ч итгэлтэй байсан. Уг нь түрүүлнэ гэж бодсон. Баярлаж, гунихад нь байнга хамт байдаг.
 
Дараагийн олимпод хамтдаа орж, хамтдаа медаль авахын төлөө хичээнэ” гэсэн юм. Тэдэнд дараагийн олимп гэсэн маш том зорилго, хариуцлага бий. Тиймээс нутаг усандаа очиж хүндэтгэл үзүүлж сайхан амарч алжаалаа тайлж аваад бэлтгэлдээ орно гэнэ.
 
Д.Сумъяа дараагийнхаа зорилгыг  “Эрүүл саруул элэг бүтэн амьдрах юмсан гэж хүсдэг. Залуу насаа үр бүтээлтэй, зорилгодоо тэмүүлж амьдрахыг хүсч байна Монголчуудынхаа хүндлэлийг улам хичээж дааж явна.
 
Энэ баярт мөчийг ард түмэндээ дахиад бэлэглэх юмсан. Өөртөө ч амласан” хэмээн маш товчхон хэлсэн юм. Тиймээ Монголын ард түмний бахархалт охин дараагийн олимпийн наадмаар дахиад монголчуудтай алтан медалийнхаа баярыг хуваалцах болно. Хязгааргүй их амжилт хүсч байна, чамд Д.Сумъяа.
 
 
Аавынх нь найзууд баяр хүргэхээр ирэв.
 
С.УЯНГА
Эх сурвалж: