sonin.mn
Гадаад хүмүүс бидний дасаагүй үйлдлийг хийх нь элбэг. Энэ нь тэдэнтэй харилцаж байхад, үгүй бол гадаад киноноос ч амархан ажиглагддаг. Тухайлбал, зарим орны хүмүүс салан одохдоо тэврэлддэг. Дасал болоогүй энэ үйлдлийг хийхдээ жаахан эвгүйцэж байсан ч тэдний ёс эв хавгүй ч гэсэн дагах хэрэгтэй.
 
Энэ нь бидний хувьд зүгээр л нэг дасаагүй үйлдэл, харин тэдний хувьд бол зайлшгүй гүйцэтгэх ёстой чухал зүйл байдаг. Энэ бол үгээр үл илэрхийлэх харилцааны бяцхан жишээ. Үг хэрэглэлгүйгээр санаагаа илэрхийлж, үйлдэл хийж байгааг үгээр үл илэрхийлэх харилцаа гэдэг. Харилцааны 70 орчим хувь үг хэлний оролцоогүй явагддаг гэж судлаачид үздэг.
 
Соёлт орнуудын үг хэлээр харилцах арга зам нь өөр байдагтай адил дохио зангаа, үйл хөдлөлөөр илэрхийлэгддэг харилцаа ч ялгаатай. Харин хэлнээс ялгаатай нь үгээр илэрхийлэгдэх харилцааны дүрэм журам хэм хэмжээг мэдэж авах нь хэцүү.
 
Тухайлбал, Европт нэгэн төрлийн мэндчилэх хэлбэрийн учрыг сайн олоогүйгээс болж маш их ичиж сандрах явдал гардаг. Францад мэндчилэхдээ зарим нэг хүн 1 хацар дээр үнсдэг бол зарим хүн 2 хацар дээр үнсдэг, зарим хүн бүр 3 удаа үнсдэг. Үүний учрыг ойлгоогүй хүн буруугаар ойлгох явдал байдаг.Хүмүүсийн хоорондын харилцааны 70 хувьд үг хэлний оролцоо байдаггүй. Өөрөөр хэлбэл 70 хувь нь үгээр үл илэрхийлэх харилцаа байдаг.
 
Тиймээс бусдад өөрийгөө зохих ёсоор ойлгуулахын тулд ямар үйлдэл хийхийг та мэдэх хэрэгтэй. Нөгөө талаар та хүмүүст ойлгомжгүй байдлаар эсвэл хүмүүсийн дургүй байдлаар биеэ авч явбал тэд таны тухай сөрөг бодол тээн, үнэлэхгүй байх, тэр байтугай таныг хэвийн биш гэж үзэж болох юм.
 
Жишээлэхэд, зарим улсад хүмүүстэй харилцахдаа харц солилцон нүдээрээ ярилцаж болохгүй бол заримд нь шаардлагатай байдаг. Үүнийг зөрчвөл та хүмүүст доромжилж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж болно. Тэгэхээр таны очих гэж буй соёлд ямар ямар “нууц” дүрэм журам байж болох талаар өгүүлье.
 
Дээр үнсэлтийн талаар дурдсан. Энэ бол таны мэдэх ёстой харилцааны олон талын зөвхөн нэг юм. Эдгээр зүйлийн талаар ойлгоогүйгээс үүдэж та эвгүй, хэцүү, маш таагүй байдалд орж болох юм. Харц солилцох, дуу хоолойны өнгө, хүнтэй ямар зайнаас харилцах, биед нь хүрч болох эсэх, хэдэн удаа үнсэх, rap удаан барих, хурдан барих гэх мэт маш олон зүйлд ямар дүрэм журам үйлчилдгийг та ойлгох хэрэгтэй болно. Үүний тулд та гярхай байх хэрэгтэй.
 
ТОГТСОН ЖУРМЫГ ЯАЖ мэдэж АВАХ ВЭ?
 
Соёлууд хоорондоо ялгаатай гэдгийг ухамсарлах нь тун сайн хэрэг. Гэхдээ өөр соёлд амьдарч, бэрхшээлийг давж гарахад өөрийгөө бэлтгэхийг хичээх хэрэгтэй. 
 
Үүний тулд яавал зохих вэ?
 
Та хоёр зүйлийн талаар бодох хэрэгтэй. Нэгд “Ромд байхдаа яг Ромын иргэн шиг бай”, “Усыг нь уувал ёсыг нь дага” гэсэн үзлийг сохроор дагах хэрэггүй. Хүмүүс таныг өөрсөдтэй нь яг адилхан болохыг бүх ёс заншил, дүрэм, журмыг нь өөриймшүүлж авахыг шаардахгүй. Тиймээс та тэдний хийдэг бүхнийг зүгээр л хуулбарлан дуурайх хэрэггүй. Харин таныг хэм хэмжээ, зарчмыг нь ойлгож байгаагаа болон чадах бүхнээ хийж буйгаа харуулахыг л тэд хүсдэг.
 
Хоёрт та өөрийн байдлыг өөр соёлтой хүмүүст тайлбарлах нь зүйтэй. Тухайлбал, “Манай улсад мэндлэхдээ үнсдэггүй болохоор надад жаахан бэрх л байна” гэж тайлбарлаад тэр зүйлийг нь сурч авахыг чадлаараа хичээх хэрэгтэй.
 
Одоо танд хэд хэдэн соёлд тогтсон заншлуудыг жишээ болгон толилууья.Японд та өөртөө уух юм аягалж болохгүй. Өөр хүн танд хийж өгөхийг хүлээх ёстой. Орост сондгой тоотой сарнай хүнд өгдөг. Оршуулгын үеэр тэгш тоотойг өгдөг, Хятадад тавгандаа хоол үлдээхгүй бол хүмүүс таныг цадаагуй байна гэж бодоод хоол нэмж өгнө. Ямайкад хуриманд хар, цагаан, час улаан өнгийн хувцас өмсөж очдоггүй.
 
Тухайн орны дохио зангаа, үйл хөдлөлөөр илэрхийлэгдэх харилцаа манай орныхоос ямар ялгаатайг та гадаад орон руу явахын өмнө боломжийнхоо хэрээр мэдэж авах нь чухал. Үүний тулд тантай нутаг нэгтэй боловч гадаадад амьдарч байгаа буюу амьдарч байсан хүнээс асууж лавлан, туршлага судлаарай. Мөн манай оронд амьдардаг гадаад хүмүүсээс зөвлөгөө авах нь илүү үр дүнтэй. Тухайн хүн монгол хэлээр ярьж чаддаггүй юм уу анх ирэхдээ ярьж чаддаггүй байсан бол бүр сайн. Ийм хүмүүс таны туулах гэж буй бэрхшээлийг давж гарсан тул илүү өгөөжтэй зөвлөгөө өгч чадна.
 
ХҮНТЭЙ ХАРИЛЦАХ ЗАЙ
 
Нэгэн америк хүн Англид очиж удаан хугацаагаар ажиллах болжээ. Очоод удаагүй байхдаа түүний гайхдаг байсан зүйлийн нэг нь Англи хүмүүстэй ярилцах гэнгүүт холдон явчихаад байж. Надаас эвгүй үнэр үнэртээд байгаа юм болов уу гэж гайхдаг байсан тэрээр сүүлд нь Англи хүмүүсийн хоорондоо барих зайг зөрчдөг байснаа ойлгожээ.
 
Хэдийгээр манай улсад хүмүүс хоорондын зай тэгтэл нарийн тогтоогдсон байдаггүй ч үүнийг маш чухал гэж үздэг олон орон бий. Ямар хүнтэй харилцаж байгаагаас шалтгаалан хоорондын зайгаа сонгох гэх мэт нарийн баримталдаг журам ч байдаг. Тиймээс та гадаад явах гэж буй бол энэ талаар мэдэж авах нь чухал.
 
Судлаачдын бичсэнээр Азийн олонх оронд 2 хүн хоорондоо 30-40 см хол зогсож ярилцдаг аж. Энэ нь нэлээд хол санагдаж байгаа боловч бөхөлзөхөд шаардагддаг зай биз ээ. Харин Испани, Латин америк зэрэг соёлтой улсуудад хүмүүсийн хоорондоо барьдаг дундаж зай 12-18 см байдаг. Та зай тийм чухал гэж үү? Хүнтэй дэндүү ойр зогслоо гээд ямар бэрхшээл учрах юм бэ? гэж гайхаж байгаа бол бодит амьдралаас авсан доорх жишээг сонирхоорой.
 
Колумба хүү Япон охин хоёрын ярилцаж байгаагаас маш сонин дүр зураг харагджээ. Ярилцаж байхдаа өөртөө эвтэй зайг эзлэхийн тулд Япон охин зогсолтгүй ухарч байсан бол мөн өөртөө тохитой зайг барихын тулд Колумба хүү зогсолтгүй түүн рүү дөхөөд байжээ.
 
Ингээд нэг нь ухарсан нөгөө нь өөдөөс нь тэмүүлсэн хачирхалтай бүжиг шиг дүр зураг харагджээ. Хэн хэн нь яриа өрнүүлэхэд тохиромжтой зайгаа авах гэж хичээж байв. Үүнээс болоод Колумба хүү “Намайг үл тоомсорлож байна” гэсэн ойлголт авч, Япон охинд дарамтлуулсан мэт сэтгэгдэл төрж болно.
 
Үнэндээ бол Япончууд хоорондоо 40 см зай барьдаг. Колумбууд 12-18 см зай барьдаг гэсэн соёлын ялгаанаас дээрх үл зохицол үүсч байгаа боловч үүнийг ухаартал тэд бие биеэ зөвөөр ойлгож чадахгүй л болов уу. Тэгэхээр соёлын ялгааг ойлгоно гэдэг гадаад хүмүүстэй харилцахад тун чухал байгаа биз.
 
Өөр соёлын бүх зүйлийг үг дуугүй, үнэн зөв зүйл хэмээн хүлээн авах шаардлагагүй. Харин өөр соёлын дүрэм журам, хэм хэмжээг аливааг хийх арга замыг ойлгож ухаарахад анхаарлаа хандуулж суралцах нь чухал.