sonin.mn
-Маргааш хийх ажилд чиний туслалцаа хэрэгтэй байдаг, чи тусалж чадах уу?
 
-Чадалгүй яах вэ? асуудалгүй, найз нь яваад очьё.
 
Түүнд итгээд өөйр хэнд ч хандсангүй. Маргааш нь утасдаад утсаа авдаггүй, итгэж найдсандаа элдэв зөвтгөх шалтагаар сэтгэлээ аргадаад утасдаад л байлаа, утасдаад л байлаа, таг чиг. Яг цаг нь тулчихсан болохоор өөр хэн нэгэнд хандаж чаддаггүй, ажил хайран. Давхар давхар надад итгэсэн тэр хүний ажлыг хийж чадсангүйдээ хичнээн бухимдавч, өөрийгөө зөвтгөх тайлбар хэлж чадахгүй.
 
Зүгээр л "Найз нь амжихгүй нээ" гээд хэлчихсэн бол надад хичнээн амар, би өөр нэгэн арга олж л таараа шүү дээ. Хожим нь тааралдаад "Чи яачихваа гэж асуухад", хээв нэг "Найз нь ажил амжихгүй байсан юм аа" гэж хэлэх. Итгэл дээр тогтсон найзын сэтгэл дундуур гомдлын "хар муур" гүйгээд л өнгөрөх мөчид "Дахиж үүнд хэзээ ч итгэж болохгүй юм байнаа" хэмээн харуусангүй бодно.
 
-"Найзад нь амин хэрэгцээ тулгараад байдаг, чи боломж гаргаад хэдэн төгрөг зээлж туслаач, найз нь  нэг их удахгүй буцаагаад өгчихнөө".
Тоочиж буй шалтгийг сонсоод өрөвдөж хайрласандаа хүссэн мөнгийг нь зээлээд явуулав. Зээлээ төлөх хугацаанд нь утасдвал утсаа авдаггүй. Өөрт минь мөнгөний хэрэгцээ гараад байгаа болохоор хөөцөлдөж байгаад олж уулзвал:
 
-Харин тийм ээ, найзынх нь боломж болдоггүй ээ, гэхдээ удахгүй өгчихнө, миний найз санаа зоволтгүй дээ.
Тайвширсан сэтгэлээр хэд хоног итгэж хүлээлээ. Бас л утсаа авдаггүй. Залгах болгонд утсаа таслаад байхаар, бухимдсан сэтгэлд сэтгэлд жавар хургана. Арай гэж олж уулзвал нилээд дээрэнгүй маягаар:
 
-За чи сүртэй юм бэ? дээ. Боломж олдохоор өгч л таараа шүү дээ.
 
гэж ширэв татах төдийд "Ингэхэд би түүнд мөнгө зээлсэн билүү? эсвэл би түүнээс мөнгө зээлэх гэж байгаа бил үү?" хэмээн гомдож гутарсан сэтгэлдээ эргэлзээ тээнэ.Зүгээр л "Би үнэхээр боломж олдохгүй байнаа, уучлаарай. Гэхдээ ийм хугацаанд заавал амжихыг хичээнээ" гээд хэлчихвэл арай л амар. Ядаж түүнд найдахын оронд "маргаашийн өөхний оронд өнөөдрийн уушиг" ны тухай бодож болноо доо.
 
-Найз нь хүүгээ гайгүй сургуульд оруулах гэсэн юм, чамд таньдаг хүн байна уу?
 
-Байгаа байгаа, санаа зоволтгүй. Би яриад зохицуулчихна даа, чи харин "гар цайлгах" жаахан юм бэлдээрэй хө.
 
Ийм сайн найзтайдаа баярлаж хөөрсөн би, хүүдээ болон гэрийнхэндээ "Хүүгийн сургууль асуудалгүй шийдэгдэнээ" хэмээн бардамнана. Найр хурим үргэлжилсэн зуны наргиантай өдрүүд дуусч, намрын ээвэр шаргал өдрүүдэд хүн болгон сургуулийн тухай хүүрнэх. Найз руугаа залгалаа, утсаа авдаггүй ээ. Тэвдэж сандарсандаа өдөр болгон залгах авч бүтэл муутай. Сайн сургуульд орох болсондоо сэтгэл нь үрээ морь шиг дэрвэлзсэн хүүгийнхээ өөдөөс эгц ч харж чаддаггүй. Арай гэж хайсаар түүнийг олж уулзвал:
 
-Яанаа найз аа, нөгөө хүн маань ажлаасаа гарчихжээ. Одоо ямар ч арга байхгүй боллоо, чи минь аргаа олж үз дээ? гэж хээв нэг хэлчихээд алхаж одох.
Сургууль цуглах цагаар хүүгийн минь нус нулимсандаа хутгалдсан царай нүдэнд минь харагдаж, яах ч учраа олохоо больсон би газар руу гутлынхаа улыг шагайн гуниглангүй алхах дор, зунжингаа харц булааж байсан модны навчис газар хагдран унаж гунигтай яа хийснэ. Ядаж л аль эртийн "бүтэлгүй боллоо шүү" гээд хэлчихсэн бол өдийд би "амьд хүн аргатай" н үлгэрээр аргаа олж л болох байсан даа.
 
...Хүмүүс бидний амьдралд элдэв асуудлууд тулгардаг. Ганцаараа шийдэж чадахгүй асуудлаараа итгэж дотноссон хүндээ л хандаж тусламж гуйна. "Дэм дэмэндээ, дээс эрчиндээ" гэдэг болохоор тэр байх. Зүгээр л тус болж чадах зүйлдээ "чадна" гэж хэлээд "хэлсэн амандаа эзэн" болж чаддаг бол хичнээн амар. Тус болж чадахгүй зүйлдээ "Уучлаарай, найз нь үнэхээр тус болж чадахгүй нээ" гэж хэлж "гүйх нохойн урдуур гүйхгүй нохой саад болохгүй" явж байвал хичнээн амар.
 
Хэн нэгний "бэлэн ам"- анд найдаж, өөрөө бусдын өмнө "бардам ам, шалдан гуя" болж байснаас өөртөө найдаж, өөр олон боломжуудыг сонгож байвал хичнээн амар. Бусдад "сайн хүн" болох гэж худлаа амлан эцэс сүүлдээ өөрөө "муу хүн" болж байснаас, "чадахгүй" гэж хэлчихээд мэндтэй устай явцгааж байвал хичнээн амар. Итгэл гэдэг чинь бие биендээ саймшрахын шалтгаан биш шүү дээ.
 
Тусламж хүссэн найздаа чин сэтгэлээсээ дэм болчихоод хариуд нь сарвайсан мөнгийг авах хэцүү, авахгүй байх бас л хэцүү. Байнга харшилдаж байдаг итгэл, мөнгө хоёрыг эвцэлдүүлэх гээд ч байгаа юм шиг, харгалдуулах гээд ч байгаа юм шиг. Уг нь дотноссон сэтгэлийн итгэлийг мөнгөөр наймаалцаж болдоггүй юм л даа. Хэрэв мөнгөөр үнэлэн наймаалцаж эхэлбэл, тус болсныхоо дараа баярласан нүд рүү нь биш, мөнгө сарвайсан гар руу нь хараад байдаг болчихно.
 
Хүмүүс бид бие биедээ итгэх итгэлээ алдчихвал, алдсан итгэлээ олох гэж газар шагайж явдаг болчихно.  Намрын улиралд гандсан навчис газарт унаж,  салхинд хийсэн хаа нэгтээ одох нь мэдрэгддэг. Гунигтай ч юм шиг, хаа нэгтээ саравчлан хараад уртаар санаа алдмаар ч юм шиг. За тэгээд өөр юмгүй дээ, гэдэг бил үү?
 
 Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах                                                                                  
2016-09-08