sonin.mn


Тансаг хэрэглээ онцгой албан татвар


Заримдаа ажил, мэргэжил, унаж буй машинаасаа болоод бусдын нүдэнд илүү харагддаг нь автомашин эзэмшигчид л юм шиг бодогдоно, Автотээврийн болон өөрөө явах хэрэгслийн албан татвар иргэд, байгууллагын өмчийнх нь хувьд ногдуулсан татвар. Гэвч Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлд заасан “...хүнийг хөрөнгө чинээ, эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг зөрчиж байна. Би бээр үүнийг яагаад шударга бус гэж үзэх болсноо тайлбарлая.

 

Тухайлбал, автомашинаас бусад төрөл бүрийн үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж хэрэгсэлд өмчийн татвар ногдуулдаггүй. Энэ нь иргэдийг өмчилж буй машин, техник хэрэгслээр нь ялгаварлан гадуурхсан хэрэг. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг ашиглаж буй эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулдаг. Авто замаар яваагүй, ашиглаагүй үед хүртэл татвар авна. Автотээврийн хэрэгсэл эзэмшигч нь авто замыг зөвхөн хувийн хэрэгцээнд ашигладаггүй. Тээврийн хэрэгсэлтэй хүн импортын шатахууны албан татвар гэх зэргээр Замын санд татвар, төлбөр давхардуулан төлдөг.

 

Улсын замын сан дараах эх үүсвэрээс бүрддэг. Авто бензин, дизелийн түлшний, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн, авто зам, замын байгууламжаар зорчсон зэрэг. Орон нутгийн замьж сан гэж бас бий. Татварыг нарийвчлан гаргах гээд үзье. Автотээврийн хэрэгсэл эзэмшигч хэд хэдэн төрлийн татвар төлнө. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2011 оноос 50 хувиар нэмсэн. 24000-72000 төгрөг Автозам, замын байгууламжаар зорчсоны хураамжийг орон нутагт орох бүрт авна.

 

Агаарын бохирдлын төлбөрийг 2011 оноос оношлогоонд тэнцсэн автомашинаас авахааргүй болсон. Оношлогоонд ороогүй тохиолдолд 1800- 9500 төгрөг. Хачирхалтай нь автомашинаас өөр утаа гаргадаг тээврийн хэрэгсэлд эл төлбөр хамаардаггүй. Оношлогооны төлбөр, жолоочийн хариуцлагын даатгал, төлбөртэй зогсоол, төмөр замын болон нисэх буудал, худалдааны бөөний төв, зах, зарим албан байгууллага зогсоолын төлбөр авна.  Орон сууцны гражийн газрын төлбөр, ачааны машины төв замын зөвшөөрлийн төлбөр төлнө, баяр наадам үзэх тусгай зөвшөөрлийн үнэ 3000-20000 төгрөг, импортын суудлын автомашины онцгой албан татвар 500-13000 ам.доллар болно. Зах зээлийн нийгэмд хувийн унаатай хүнийг нүд үзүүрлэхээ больсон хэдий ч тансаг хэрэглээ гэдэг чамин нэр зохион малгай өмсгөөд үлэмж хэмжээний онцгой албан татвар авдаг боллоо.

 

Монгол орон уудам хийгээд үзэсгэлэнт сайхан байгальтай. Ийм нөхцөлд туулах чадвар сайтай машин тансаг хэрэглээ биш баталгаатай зорчих унаа шүү дээ. Би бодохдоо хууль тогтоогчид, эрх мэдэлтнүүд өөрсдөө сайн, сайхан төмөр хүлэг унах зорилгоор хууль баталж жирийн иргэндээ дарамт учруулаад байна уу гэж “харддаг” болов. Зөвхөн нийслэлд гэхэд хувийн унаагаар өдрийн хоолоо залгуулж, ар гэрийнхнээ тэжээдэг хэдэн зуун жолооч бий. Үүнийг бодолцмоор. Замын түгжрэлийн эсрэг хууль баталсан л гэж бүү тайлбарлаасай.


Польшийн бодлого болгомоор жишээ


Бид гадныхнаас үлгэр дууриал авахдаа дуртай. Үгүйдээ л тэр улсад тийм хууль хэрэгждэг гэж ярьдаг. Польшийн удирдагч Эдвард Гиерек 1970-аад оны үеэс айл бүрийг машинтай болгох зорилт дэвшүүлэн, хэрэгжүүлсэн байдаг. Монгол Улсаас тав дахин жижиг газар нутагтай орон шүү дээ. Автотээврийн хэрэгслийн татварыг өндөр хөгжсөн улс орнуудын жишгээр хөгжүүлэх нь зөв. Хамгийн чухал нь авто машины татвар, авто зам ашигласны  төлбөрийг хэрхэн зөв зохистой  зарцуулснаас хамаарна.

 

Польш 1998 оны нэгдүгээр сараас замын төлбөрийг тээврийн хэрэгслээс шууд авахаа больсон. Үүнийхээ араас тухайн тээврийн хэрэгслийн хэрэглэсэн шатахуунаар дамжуулан авдаг гэсэн тайлбар дагалдуулдаг юм. Энэ нь маш зөв, амьдралын үнэнд нийцсэн хэмээн ард түмнээсээ өндөр үнэлэлт авсан байдаг. Бяцхан тайлбар хийхэд тухайн тээврийн хэрэгсэл хэдэн мянган км урт зам туулна тэр хэрээрээ л шатахуун хэрэглэнэ шүү дээ. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамж, овор хэмжээ, жин, хүнд ачаа, чиргүүлтэй, замын гадаргууд хэрхэн нөлөөлж байгаатай шууд хамааралтайгаар шатахуун зарцуулж замын санд нь өндөр төлбөр орно.

 

Хэрэв тээврийн хэрэгсэл ашиглаагүй бол төлбөр, татвар төлөхгүй. Боломжийн биш гэж үү. Ингэж л 14 жилийн өмнөөс Польш улс замынхаа төлбөрийг зөв зохистой шийдвэрлэжээ. Бид үүнээс үлгэр жишээ авч болмоор санагдана. Польшийн нутаг дэвсгэрээр явахад аль нэгэн муж, хотын хил дээр Бид үүнээс үлгэр жишээ авч болмоор санагдана. Польшийн нутаг дэвсгэрээр явахад аль нэгэн муж, хотын хил дээр татвар авахгүй. Зөвхөн Катовице болон Краков хот хоорондын 70 гаруй км хурдны замын төлбөрийг л тооцно.

 

Супермаркетууд нь зогсоолоосоо машины төлбөр авах биш үйлчлүүлэгчийнхээ тээврийн хэрэгслийг камер хийгээд дугуйт харуулаар хянуулж аюулгүй байдлыг нь хангадаг. Зах зээлийн харилцаа ендөр хөгжсөн энэ улсын иргэдийнхээ амьдралд зөв зүйтэй нь нотлогдсон эл туршлагыг манай улс шууд авч хэрэглэх нь зүйтэй санагдана.


Эерэг ямар үр дагавар гарах вэ?


 Замын сангийн эх үүсвэрийн нэг болох автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автозамын төлбөрийг зөвхөн хэрэглэсэн шатахуунаар нь дамжуулан авдаг болсноор иргэнд ээлтэй ямар үр дагавар гарах вэ. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж албан татвар, замын төлбөрөөс нэгэн зэрэг ангижирч, шатахуун зарцуулсан хэмжээгээрээ төлбөр төлөх нь шударга явдал болно.

 

Иргэн, аж ахуйн нэгжид зайлшгүй хэрэгтэй атлаа өдөр тутам хэрэглэдэггүй тээврийн хэрэгслүүд бий. Орон нутагт малчид хааяахан нүүдэл хийх, түлээ, түлш татахад ашигладаг, хот сууринд зуны улиралд зам, талбай, зүлэг, ногоо услах, тусгай зориулалтын тоног төхөөрөмжтэй машинууд бий. Цемент зөөгч, бетон зуурагч, хуучны ховор, автокран, автолаборатори, техникийн тусламжийн гэх мэт.

 

Хэн нэгний эсвэл байгууллагын цуглуулгад байдаг автомашинууд, дугуйт тракторуудын татвар төлдөг шударга бус байдал арилна. Автотээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто замын төлбөр хураан авахтай холбогдон их хэмжээний зардал гардаг. Татварын байцаагч, замын төлбөр хураагчийн цалин, тэдний ажлын байрны эд хэрэглэл, техник, электрон төхөөрөмж, бичгийн хэрэгслийн зардал гээд тоочвол олон зүйл бий.

 

Монгол Улсын хэмжээнд байгаа тээврийн 300 мянган хэрэгслээс татвар, төлбөр хураахад хичнээн хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө зарцуулагдах нь ойлгомжтой. Энэ бүхнээс тодорхой зардал хэмнэгдэнэ. Улсын хэмжээнд 2011 онд тээврийн хэрэгслээс хураасан татварын хэмжээ 19 тэрбум төгрөг гэсэн дүн гарчээ. Тэгвэл импортын автобензин, дизель түлшний гаалийн татвараас 400 тэрбумыг хураадаг. Эл хоёр тоог харьцуулахад автотээврийн хэрэгслээс хураадаг татвар 400 тэрбумын 4.8 хувьтай нь тэнцэж байна.

 

Автотээврийн хэрэгслийн татвар замын сангийн бүрдүүлэлтэд жинтэй хувь нэмэр оруулдаггүй юм уу ч гэмээр эргэлзээ төрөх. Нийт хүн амын тусын тулд, нийгмийн тээврийн хэрэгцээг хангагч тээврийн хэрэгсэл эзэмшигчид салбарын машин техник эзэмшигчидтэй адил эрхтэй байх ёстой атлаа өмчийн татвар төлдөг нь шударга биш явдал юм. Үүнийг л бодолцмоор.


Автоинженер
Ц.Сүхбаатар


Эх сурвалж:”Ган Зам”