sonin.mn


Нийслэлийн шинэ удирдлага хотыг хогноос салгах талаар ярьж эхэллээ. Гэвч яриа хогны машинаас хэтрэхгүй, ерөнхий зүйл хэвээр байна. Тодруулбал, хогноос яаж салах талаар тодорхой юмгүй, үүгээрээ өмнөх удирдлагаасаа ялгагдах шахам зүйлгүй байна. Уг нь манай улсад хогны жижиг гэлтгүй ганц хоёр үйлдвэр барьчихад болоод явчих юм. Гэвч дарга нар үүнийгээ мэдсээр байж хийхгүй байгаа нь хөрөнгийг үнэгүйдүүлж үрэн таран хийж байгаатай холбоотой. Өөр зүйл үгүй. Нийслэлд орон сууцанд амьдрагсад бүгд хогны мөнгөө төлдөг бол гэр хорооллынхон хагас дутуу. Гэсэн хэдий ч хогны мөнгө гэж сард 170 шахам сая, жилдээ 3-4 тэрбум төгрөг цуглардаг байна. Энэ бол хотын төсвөөс гадуур орж ирж байгаа мөнгө. Хогны үйлдвэр 2-3-ыг байтугай өлхөн барьчих хөрөнгө.


Ер нь хогоо гаргаж хаяаж байгаа иргэд, хоолны газруудыг буруутгаад яахав дээ. хог хаях газаргүй, хөглөрч байгаа нь хотын удирдлагын ажлын буруу гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал. Иргэдийг хогоо ангилуулаад, түүнийг нь авч мөнгө болгодог байх менежмент сая гаруй хүн амтай манай нийслэлийн удирдлагад алга. Тэд хог боловсруулах үйлдвэртэй болно гэж олон жил ярьж буй боловч өдийг хүртэл “хог” гэж яриад суугаад байгаа нь төсвийн хөрөнгө цохидог тэдэнд ашигтай, харин иргэдэд амьдрахад хэцүү, хотын хөгжил, өнгө төрхийг хойш татсаар байна.


Эх сурвалж:”Бизнес Таймс”