sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Азийн өвлийн спортын VIII наадам Японы Саппоро хотноо үргэлжилж байгаа бөгөөд наадмын гурав дахь өдөр болсон тэшүүрийн уралдаанд манай эрэгтэй, эмэгтэй тамирчид хурдаа сорилоо.
 
Тухайлбал, эмэгтэй тэшүүрчдийн 1500 метрийн зайд өрсөлдсөн залуучуудын олимпийн аварга Б.Сумъяа 2:18.25-ийн амжилтаар 16-р байр эзлэв. Энэ зайд нийт 17 тамирчин өрсөлдөж Японы тамирчид тэргүүллээ. Харин 500 метрийн зайд манай 2 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ А.Зул 42.22 сеоунд, Б.Сумъяа 43.72 секундын амжилтаар 14, 15-р байрт бичигдэв.
 
Эрэгтэйчүүдийн тэшүүрийн 1000 метрийн зайд спортын мастер Д.Гочоосүрэн 1:17,40 секундын амжилт үзүүлж хувийн дээд амжилтаа шинэчлэн ОУХМ-ын болзол хангалаа. Тэрбээр 19-р байрт орсон бол ОУХМ Я.Зоригтбаатар 1:14,90 амжилтаар 17-р байрт эзэлжээ. Энэ төрөлд эхний гурван байрт орсон тамирчид бүгд тивийн рекорд амжилтыг эвдсэн байна. Энэ зайд Японы тамирчид алт, хүрэл медаль, Казахстаны тамирчин мөнгөн медаль хүртжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг