sonin.mn


Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэвэгийн Байды. Энэ эрхмийг танихгүй хүн ховор болов уу. “Яагаад ч юм бэ шог зураг оролдоод нэг мэдэхэд зурдаг болсон байлаа" гэснээр бид хоёрын яриа эхэлсэн. Сонсоод байх нь ээ түүний уран бүтээл “Улаан од” сонинтой холбоотой аж. Тэрбээр, 1960-аад оны эхээр одоогийн Нисэх орчимд Их бууны тусгай дивизонд цэргийн алба хаажээ. Амьдралынх нь салшгүй хэсэг нь цэргийн гурван жилийн хугацаа. Үеийнх нь нөхөд гурван жил болоод халагдахад түрүүч Байды үлдэж. Ингээд гурван жил зургаан cap цэргийн алба хаасан байна. Өөрийнх нь тодорхойлсноор “зурдгийн гай” байсан гэнэ.

 

Мянгаад цэрэгтэй дивизонд аравдугаар анги төгссөн Ц.Байды л боловсролтой цэрэгт тооцогдож, тоогдов. “Клубын цэрэг" нэртэй, штабын бичээч албатай, Эвлэлийн үүрийн дарга тушаалтай, түрүүч цолтой, зурдаг, бичдэг авьяастай, цэргүүд сард гурван төгрөгийн цалин авч байхад мань хүн 25 төгрөгийн цалин бүхий давуу эрхтэй мундаг нөхөр. Хамгийн дуртай зүйл нь ханын сонин гаргах. Шалтгаан нь тодорхой, зургаар голчлон хийнэ. Зурах хорхой нь ингэж бага зэрэг дарагдана. Уг нь мөрөөдөл нь арай өөр байж. Алдартай зохиолч болно гээд түүндээ итгээд сүйд болсон гэх.

 

Тухайн үед хэвлэгдсэн, орчуулагдсан номыг бараг л цагаан толгойн үсэг дараалуулан уншив. Түүнийгээ “Зохиолч болох гэж байгаа хүн чинь ном уншихгүй яахав" хэмээн хамгаална. Таны анхны шог зургийн сэдэв гэвэл “аа, хөөний, хөөний” гээд үгээ цөөрүүлэв. Ц.Байдыг цэргийн алба хааж байхтай зэрэгцээд тухайн үеийн ЗСБНХУ-ын нөлөө бүхий эрхэм талхыг үнэгүй болгох санаачлага гаргасан байжээ. Тэр тухай нэгэн орос Байдыд хуучлахдаа бид гудамжинд талхаар танайхаар бол тэвэг өшиглөдөг байлаа гэжээ. Манайхан бол арай ч талхаа үнэгүй болгоогүй ч үнэгүйгээс ялгаагүй шахам үнэтэй байсан аж. Цэргүүдэд хар талх өгнө. Хөдөөгийн голдуу цэргүүд хар талханд тийм ч дуртай биш офицер дарга нарынхаа гарч орох зуурт нэг рүүгээ “нүүлгэнэ”. Тэрийг л зурж шог зургийнхаа эхлэлийг тавьсан түүхтэй.

 

Улаан Од сонины сэтгүүлчид олзлогдсон нь

Цэргүүдэд бичиг үсэг заахаас эхлээд ерөнхий эрдмийн таван төрлийн хичээл ордог байсан үе. Ц.Байды химийн хичээл дээр дарга цэргээсээ химийн хор гэж юу вэ гэж асуухад “Таны татаж байгаа тамхи химийн хор" гэх зэрэг сэдвээр хэд хэдэн зураг зураад ханын сониндоо гаргав. Яг тэр үед “Улаан од” сонины сэтгүүлч  сурвалжлагаар ирж таарсан тул Эвлэлийн үүрийн дарга, түрүүч Ц.Байды ангийнхаа байдалтай танилцуулах үүрэг хүлээв.

 

Ханын сонинд гаргасан шог зургийг харсан сэтгүүлч “Хүүе, энийг хэн зурсан юм бэ” гэж асуухад Байды “Би, яасан? гэж хэмээн асуултыг асуултаар тоомжиргүй хариулав. Хариуд нь “Улаан од” сонины сэтгүүлч “Одоо чи юу даа” гэж лавшруулсан байна. Энэ зургийг авч болох уу гэхэд нь “ав, ав” гэв. Болох юмуу гэхийн хариулт нь хайчаар хайчлах чимээ байлаа. “Улаан од” сонинд шог зураг нь гарсан товч түүхийн богино хүүрнэл ийм бөлгөө. Ц.Байдын “Хуурддаг, барилддаг хоёр“ найруулал, “Коммунизмын суурь" шүлэг гээд хэд хэдэн зүйл “Улаан од” сонинд хэвлэгдсэн байжээ.

 

Дээр өгүүлсэн зохиолч болох мөрөөдлийн үргэлжлэл юм даа. Цэргүүд “Улаан од” сонин уншиж харагдвал түрүүч Ц.Байды тэрүүхэн хавьд нь сэмхэн эргэлдээстэй. Сэтгэлдээ бол “Намайг их сайн бичсэн байна” гэж магтана даа гэсэн горьдлоготой. Гэтэл сураг байдаггүй. Мянгаад цэргээс нэг нь боловч Ц.Байды сайн бичсэн байна гэж хэлдэггүй, гомдмоор шүү гэв ээ. Шарын голын уурхайд, бас Дархан хотод төмөр зам тавьж, түүнд туслахаар дивизоны цэргүүд явж Ц.Байды бараг ганцаараа үлдсэн үед “Улаан од” сонины сэтгүүлч ирж таарсан байна. Дарханаас захидал ирэв.

 

Одоогийн хэллэгээр бол сюрприз юм уу даа. “Байды чиний зураг “Улаан од” сонинд хэвлэгджээ. Их сайхан зураг байна” гэх магтаалын үгсээр чимэглэгдсэн захидлууд. Алдартай зохиолч болох мөрөөдөл энэ хүрээд өнгө нь хувирч эхлэв. Өөрийгөө алдартай зохиолч болно гэхэд эргэлздэг болов. Уг нь “Морин дэрсний Дүдээ”роман биччихсэн юу юугүй л зохиолч болох гээд байдаг. Ингэж хүүрнэснээ гэнэтхэн “Дүү минь ах нь яах аргагүй роман бичсэн байсан даа" хэмээн эргэлзэв.
Нэгдүгээр эмнэлгийг барихад гар, бие оролцсон хүн шүү гэнэ.

 

Тусгай гэр бариулаад зургаа зурж, ханын сонингоо гаргаад, наймын хувинд хоолоо зөөлгөөд офицеруудтайгаа хувааж идсэн “сэргэлэн түрүүч”. Одоо бодоод байх нь ээ тэр үеийн офицерууд миний үеийнх зарим нь надаас дүү залуучууд байсан юм билээ хэмээн лав ЗХУ-д сургуульд суралцах, мэргэжлийн зураач болох сонирхолтой түүнийг цэрэгт улираахаар дарга нар нь шийдвэрлэж багагүй тэвдүүлсэн гэдэг. Зурсан зургийг нь гахай идэхэд баярлав Цэрэгт байх үеийн дурсамжаар л бидний яриа өрнөсөн. Хоолны жигтэйхэн том заал барив.

 

Гэтэл хана нь цулгай эзэнгүй айл шиг нэг л биш. Дарга нар тэр дорхноо Ц.Байдыг зураг зурах тушаал буулгав. Дайн байлдаантай, цус нөж болсон зураг өөрийнхөө “зохиомжилсон” самбар дээр зураад дарга нь магтаж орон нутгийн чөлөөгөөр шагнав. Гэхдээ Ц.Байдыд ч цэргүүдэд ч тэр хоол идэх үед тийм зураг хараад суухад нэг л тааламжгүй. Төд удалгүй цэргүүд хоолны заалны ханыг завааруулаад засвар хийхээр болоход түрүүч Ц.Байды хамгийн их баярлав. Нөгөө зургуудыг авах нь гэж л. Засвар хийх үед самбар дээр зурсан зургуудыг гадаа гаргаж тавиад нөгөөдхийг нь гахай "зооглоход" бүр их баярласан гэдэг.

 

Шалтгаан нь самбарын ар талыг дээд зэргийн гурилаар жонхуу хийж, цаасаар зузаалсан байна. Ц.Байды гуай “Гахай жонхуунд дуртай юм билээ” гээд хоолойгоо засав. Зураач болох ирээдүйтэй цэрэг Байды гуайн үед зураг зурах будаг, хэрэгсэл байтугай зураач гэдэг ойлголт маруухан байсан цаг. Тэдний цэргийн анги Орос цэргийн анги байсан байранд шилжив. Тэнд зураач орос цэргийн мэргэжлийн багс хэрэглэл, будаг байсан нь Ц.Байдыд дархны хэрэглэлтэй хайрцаг олсонтой дүйхүйц баяр байв. Гэхдээ мэргэжлийн зураачийн будгийг хэмнэнэ. Хэмнэх арга нь захиалгат зургуудыг шалны будгаар голдуу зурах. Үүнийгээ “ хулхиддаг байжээ” гэж тодорхойлов. Зохиолч Алхбаатар гуай Ц.Байдын зурсан зураг бүхнийг үг хайрлахгүй магтана. “Байды чиний зураг арай л шинэлэг өөр байна шүү” гэх.



Орон нутгийн чөлөөгөөр шагнуулаад уул руу явдаг цэрэг


Баатар хурандаа. Халхын голын дайнд оролцсон, чихээ сэт буудуулчихсан эрэлхэг цэрэг, жинхэнэ баатар. Орос зураач цэргийн орхисон будаг дунд алтан боронз байснаар бичихийг хараад Баатар хурандаа алтан үсгийн үнэмлэхийн бичээчийн албан бус орон тооны ажилтнаар авлаа. Цэргийн ангиудыг хэснэ. Дарга хурлаа хийж дуусангуут Ц.Байды алтан үсгийн үнэмлэхээ бичнэ. Ажлаа дуусаад цэргийн ангидаа ирэхэд жагсаалын өмнө Байдыг гаргаад Баатар хурандаа баахан магтсаны эцэст орон нутгийн арав хоногийн чөлөөгөөр шагнана чөлөөгөөр шагнуулсан Ц.Байды хот уруу биш Сонгинохайрхан уул руу гарах нь чөлөөгөөр шагнуулаагүй цэргүүдэд бол урамгүй. Тэр үед Сонгинохайрхан уул ургамал, мод, бэлчээр сайхантай жилийн дөрвөн улиралд малчид нутагладаг тэнгэрийн орон байж. Цэрэг Байды яахав тэнд арав хоног уул, ус, мод, ургамал, хүн , мал, амьтан нүдэнд төрсөн, санаанд буусан юу эсийг зурах билээ. Орон нутгийн чөлөөний хугацаа дуусахад уулнаас баахан зурагтай Байды бууна.

 

Аргагүй, аргагүй эмчлүүлээд эдгэрсэн байх нь

Цэргээс халагдсан Ц.Байды “Тоншуул” сэтгүүл, “Үнэн" сонинд ерөнхий зураачаар ажиллаж байсан үе. Түүний шавь Ц.Баянзул Сонгины амралтад амарчээ. Ц.Байдыг цэргийн алба хааснаас даруй 20-иод жилийн хойно болсон үйл явдал, хүүрнэгдсэн яриа. Ц.Баянзул амралтын ойр нутагладаг хөгшчүүдэд манай багш энд цэргийн алба хаасан энэ тэр гээд гайхуулан ярьж. Зарим хөгшний нүд нь томроод их гайхаж гэнэ. “Хүү минь, Ц.Байды тэгээд яах аргагүй чиний багш уу” гэж асууж. Нээрээ , нээрээ гэвэл “хачин юм даа. Тэр чинь жаахан мэдрэл муутай цэрэг байсан юм шүү дээ.

 

Орон нутгийн чөлөөгөөр Баатар хурандаа шагнахаар уул руу гараад явчихдаг. Үгүй, тэгээд тэр зурсан зургийг нь. Тийм тарган олон сайхан адуун дундаас туранхай адууг нь, ойд модноос аянгад ниргүүлсэн хөгширч муудсаныг нь зурна” гээд л үргэлжлүүлж. Манай багш чинь гадаадад сургууль төгссөн, нам засгийн төв хэвлэл “Үнэн” сонинд ажиллаж байгаа гэж үгийг нь таславал “Аа, мэдлээ, мэдлээ. Аргагүй, аргагүй гадаадад эмчлүүлээд эдгэрсэн байх нь” хэмээн дуу алджээ.



Төмөр замын хүүхэд гэж хэсэг бужигнуулав

Чойрт долдугаар анги төгссөн гэнэ. Ах нь Чойрт ажилладаг тул бараадан ирсэн нь учиртай. Сургуулийнх нэг жигүүрт төмөр замын болоод Чойрт ажилладаг Орос мэргэжилтнүүдийн хүүхдүүд, нөгөө жигүүрт нь Монгол хүүхдүүд суралцана. Шал угааж цэвэрлэхэд орос хүүхдүүдийн угаасан шал гялалзаад өнгөлөг гэдэг жигтэйхэн. Харин Монгол жаалуудын угаасан шал халтайгаад нэг л биш харагддаг байсан гэж хүүрнэнэ. Чойрт уйдсан багачууд Улаанбаатарт очихын тулд ачааны вагонд нуугдах гэдэг том ажилтай. Яаж, ийгээд баригдахгүй, мэдэгдэхгүй хотод очдог, Чойрт ирдэг л байсан даа гэнэ.

 

Хотод хоёр гурав хонож очих айлгүй, хонох газаргүй , өлсөж цангасан жаалууд буцаад ачааны вагонд нуугдан Чойр руугаа маршилна. Багаасаа зурах сонирхолтой Б.Байды сургууль, ангийнхад ханыг тухайн үеийн тэргүүний хүмүүс, төр засгийн удирдлагуудын зургийг зурж чимнэ. Долдугаар ангиа төгсөөд төмөр замын 20 дугаар сургуульд орохоор хөөцөлдөөд бүтээгүй гэнэ. Тэгээд тавдугаар арван жилийн сургуулийг төгсчээ. Гэхдээ ах нь нэг хэсэг төмөр замын хүүхэд гэж бужигнуулаад хэмээн үнэн сэтгэлээсээ ярина.

ийм нэгэн эгнэшгүй авьяастан бидний дунд эгэл даруухан амьдарч уран бүтээлээ туурвиж явна


Д.Дамдиндорж
Эх сурвалж:”Ган Зам”