sonin.mn
Бид салбар бүрийн тэргүүлэгчдийг “Leaderships forum” буландаа  урьж, хөгжлийн гарц, боломжийн талаар  ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл,  санааг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор  кино найруулагч Г.Бадамрагчааг урьж ярилцлаа.
 
Тэрээр Лос-Анжелесийн кино урлагийн сургуульд суралцаж байгаа бөгөөд эх орондоо түр хугацаанд иржээ.
 
БАГШ НАР МААНЬ ТАНАЙ ҮЕИЙНХЭН Л КИНО УРЛАГИЙГ БОСГОХ ХЭРЭГТЭЙ ГЭДЭГ БАЙВ
 
-Багадаа кино урлагт орно гэж бодсонгүй явлаа. Тулааны урлагаар олон жил хичээллэсэн. Гэхдээ  одоогийнх шиг тив дэлхийн авар­гын тэмцээнд орох бо­ломж 1990-ээд оны үед бай­сангүй. Манай тулаа­ныхан цагдаа, цэргийн байгууллага  руу их орсон.
 
Нэг хэсэг нь хамгаалагч хүртэл боллоо. Тухайн үед Жаки Чан, Брюс Лигийн тулаант кино хүмүүсийн сонирхлыг их татдаг байв.   Тэгээд энэ чиглэл рүү явах нь зүйтэй юм байна гэж бодсон. Ах нар маань зураач учраас миний энэ сонголтод нөлөөлсөн байх.  1995 онд Монголын анхны киноны сургууль болох “Харцага” кино урлагийн дээд сургууль гэж байгуулагдсан. Тэнд манай алтан үеийн уран бүтээлчид багшилж байв. Би Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сумхүү хэмээх гайхалтай найруулагчийн шавь болсон.  Оператор  Н.Хуяг-Очир, Г.Баттулга гээд нэгэн цаг үед Монголын кино урлагийн нүүрийг тахалж явсан уран бүтээлчдээс бүхнийг сурсан даа.  Багш нар маань “Кино үйлдвэр байхгүй, нэг банзаа ч хадаагүй байхад бид үйлдвэрээ босгож дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх уран бүтээл хийж байлаа. Одоо юу ч үгүй боллоо.  Танай үеийнхэн л эргэж босгож ирэх хэрэгтэй”  гэж бидэнд захьдаг  байв.  Тэр захиасууд нь миний сэтгэлд дандаа л хадаатай явж ирсэн.  Тэгээд зөвхөн тулаант гээд байлгүй  кино урлагийн сонгодог, үнэтэй цэнэтэй зүйлийг нь  олж харж бүтээх ёстой гэдгийг мэдэрсэн. Одоо миний уран бүтээлийн зорилго сонгодог бүтээл юм.  Гэхдээ өөрийгөө киноны хүн болчихлоо гэж ам бардам хэлж чадахгүй. Яагаад гэвэл өөрийн хүссэн хэмжээний бүтээлээ гаргаж чадаагүй байна.  Энэ ертөнцөөс сурч, суралцаж явна.
 
“ОРЧИН ҮЕИЙН КИНОНУУД  БҮГД СОЛОНГОС КИНОНЫ  БОЛХИ ХУВИЛБАР”
 
-1995, 1996 оны үед дандаа хальсаар кино хийдэг байлаа.  Видео камер гэдэг зүйл дөнгөж орж ирж байсан. Тэр үед кино хийх хөрөнгө мөнгө олно гэдэг хэцүү.  Дүрс муутай, видео технологийн чанарын талаар яриад ч хэрэггүй. Үндсэндээ кино урлаг маань сөнөчихсөн үе байлаа. Гэхдээ кино урлагийн мэргэжлийн гэх тодотгол нь өндөр хэмжээнд байсан.  Харин одоо технологи сайхан хөгжжээ. Хүсвэл хөрөнгө мөнгийг нь ч босгож болж байна. Гэтэл кино урлагийн бодлого, мэргэжлийн гэх тодотгол нь  навс унажээ. Гарч байгаа кинонуудыг харахад зүгээр л солонгос киноны  болхи хувилбар байна.   Хөрөнгө  оруулагчид нь хүртэл солонгос кино барьж ирээд “Яг ийм кино хийгээд өгөөч” гэж байна.  Ийм хэмжээнд хүртлээ оюун санаа доройтолд оржээ. Бид одоо яагаад ийм болсон бэ гэхээсээ илүү яаж үүнээс гарах вэ гэдэг талаар бодмоор байна.   Киноны урлагийн нийгэмд нөлөөлөх нөлөөлөл асар их. Тиймээс энэ урлагаа бид зөв замаар нь хөгжүүлэх ёстой. Хамгийн эхлээд уран бүтээлчид маань кино урлаг ном ёсоор нь хөгжиж байгаа газар очиж хармаар юм. Барууны, Азийн орнууд ч кино урлагаа ямар гайхалтай төвшинд авч явж чадаж байна.  Тэндээс бүхнийг ойлгоно.  Одоо бол  байгаа байдалдаа хэт дасчихжээ.  Нийгмийг  залж чиглүүлэх ёстой сэхээтнүүд маань ч хордсон байдалтай байна даа.
 
“ОДОО ХОШИН УРЛАГТ ЦЭГ ТАВИХ ЦАГ БОЛСОН”
 
-Би хоёр жил  АНУ-д суралцаж байгаад ирсэн. Тэгээд монгол үзэгчдийн оюун санаа үнэхээр доошоо орсныг нэг зүйлтэй холбож хармаар байна. Энэ нь хошин урлаг юм.  Энэ урлаг манайд хэрэгтэй байсан уу гэвэл хэрэгтэй байсан. 1990-ээд  онд хүмүүс үзэл сурталд баригдсан, нийгэм тэр чигтээ хар бараан байв. Үүний хажуугаар уран бүтээлчдийн сэтгэхүй гэнэт чөлөөлөгдсөн. Эрх чөлөөтэй болсон жүжигчид маань өөрсдийн хүссэнээр уран бүтээл хийж эхэлсэн. Тэд өөрсдийгөө илэрхийлэх гарцаа хошин урлаг гэж харсан. Харамсалтай нь хошин урлаг гэж юу вэ.  Ордны алиа салбадай нараас үүсэлтэй, хүмүүсийг хөгжөөх нэг хэлбэр юм.  Энэ бол тухайн цаг үедээ хэрэгтэй байсан боловч одоо хэтэрсэн.  Аливаа зүйлийн хэмжээ нь хэтрэхээрээ асар аюултай.  Яагаад аюултай болсон бэ гэхээр энд мэргэжлийн зохиолч, найруулагч гэж  байдаггүй.  Жүжигчид сууж байгаад л хийчихдэг.  Мэргэжлийн хүмүүс бол өөрийнх хийж байгаа бүтээл нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тооцож үздэг. Гэтэл хошин урлагийнхан хүний сонирхлыг татах, мөнгө олох л зорилготой байдаг.  Хошин шогийнхон ямар нэгэн гаж үгийг моодонд оруулж байна.  Түүнийгээ маркетинг гэж ойлгодог. Тэрүүгээр нь хүмүүс татагдаж байгаа юу гэвэл татагдаж байна. Гэхдээ энэ нь эргээд монгол хэлийг юу болгож байгаа вэ гэдгийг боддоггүй.  Ингэж явсаар эцэстээ хошин урлагийн сэдэв дуусна. Тэгээд хүмүүсийн дунд байгаа хар яриа онигоо руу орно. Тэр нь инээлгэхээ болиод ирэхээр жүжигчид нь нүүр амаа татуулж, тахир дутуу, хөгшин хүн, хүүхдийг доромжилж эхэлдэг.  Арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаж эхэлнэ. Энэ нь нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тооцохгүй байгаа нь хамгийн харамсалтай.  Эрэмдэг зэрэмдэг байдлаараа хүмүүсийг соён гэгээрүүлэх биш оюун санааг нь улам доройтуулж байна даа.  Үүнийг зөв гольдролд нь оруулахад төвөгтэй байдал үүсээд байна. Хошин урлагаас одууд гарч ирсэн байна.  Үүнийг нь төр, засаг дэмжээд гавьяа шагналыг нь өгчихдөг. Гэтэл энэ одуудыг хэрхэн ашиглах вэ гэдгийг бодмоор байна.  Одоо юу хэрэгтэй гэхээр бидэнд мэргэжлийн продюссерууд хэрэгтэй. Энэ одуудаар яаж мөнгө хийх вэ гэдгийг бодох хэрэгтэй.   Ард түмэнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг одоо зохиолтой, мэргэжлийн найруулагчтай ажиллуулмаар байна.  Тэр хүнийг жинхэнэ жүжигчнийх нь хувьд чадлыг нь шавхсан уран бүтээл хийлгэе л дээ. 
 
“БИДЭНД МЭРГЭЖЛИЙН ПРОДЮССЕР АЛГА”
 
-Солонгосууд сайн кино хийдэг.  Нэг ангит болон олон ангит бүтээлүүд нь маш сайн.  Гол асуудал нь бодлого гэж бий. Солонгосчууд бодлогоо маш сайн явуулж байна.  Соёлын териор гэмээр энэ кинонуудыг ямар нэгэн хаалт хамгаалалтгүйгээр бид шууд л нийгэмдээ цацчихаж байна.  Энэ нь тэдний довтолгоог бид зүгээр л хүлээж аваад байгаатай ялгаагүй.  Солонгос кино үзээд өссөн хүүхэд солонгос залуу, монгол залуу хоёрын солонгосыг нь сонгоно.  Ингэж далд сэтгэхүйд нь нөлөөлж  чадаж байна. Кино урлаг гэдэг зүйл ийм л хүчтэй.  Тэгэхээр нийгэм бүхэлдээ тийм сэтгэхүйтэй болсон учраас Монголын хөрөнгө оруулагчид нь “ийм кино хийгээд өгөөч” гээд солонгос кино бариад ирж байна шүү дээ.  Үүнээс зах зээлээ яаж хамгаалах вэ гэдгийг бодох хэрэгтэй байна.  Ингэхийн тулд би дээр хэлсэн мэргэжлийн продюссерууд чухал байна.  Продюссерийн гүйцэтгэх үүрэг аль ч төвшинд чухал боллоо.  Мэргэжлийн мундаг зураглаач нар, сайн найруулагчид, зохиол, жүжигчид байна.  Гэтэл яагаад бүх зүйл эвэндээ орж өгөхгүй байна вэ.  Яагаад гэхээр продюссер нь байхгүй.  Продюссер хүн юу хийдэг вэ гэдэг системийг нь ч ойлгохгүй яваад байна.  Ийм хэмжээнд байгаа нь кино урлагийн бас нэгэн гол асуудал юм.  Дэлхийд кино урлаггүй улс олон бий.  Өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай бүтээл хийдэг нь ч бий. Манайх өөрийн гэсэн онцлогтой байлаа.  Харин одоо онцлог ч үгүй солонгос киноны муутгасан хувилбар болсон гэдгийг дахин дахин хэлмээр байна. 
 
КИНО УРЛАГТ ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ БОДЛОГО ЧУХАЛ
 
-Мөн манай үзэгчдийн үзэл бодол хэтэрхий тогтворгүй байна. Орос кино үздэг хүмүүс солонгос сериалыг үзэн ядах жишээтэй.   Хөдөөгийнхний үзэх киног хотынхон нь залуучуудынхаа үздгийг хөгшчүүд нь үзэн ядах хэмжээнд хүрсэн байна.  Энэ нь угаасаа жижигхэн зах зээлийг олон хуваагаад байна.  Кино урлагт төрийн дэмжлэг гэхээсээ илүү энэ чиглэлийн бодлого, хамгаалалт чухал байна.   Түүнээс биш яг төрийн дэмжлэг гэвэл асар их аюултай. Харин манайх  шиг дан үндэстнээс бүтсэн улс оронд хамгаалалт зайлшгүй байх ёстой зүйл.  Холливудын кино чанартай, Солонгос кино тэртээ тэргүй манайхнаас илүү байна.  Үндэсний  кино урлагтай байна аа л гэж бодвол хамгаалалт хэрэгтэй.   Киночид нь өөрсдөө бүрэн байр сууриа олж чадаагүй нөхцөлд хуулиар хамгаалахаас өөр аргагүй болж байна. Ядаж л дэлгэцээр гарах кинонуудад квот тогтоох гээд л их олон  жил ярьсан. Тэгэхээр гаднаас ирэх дайралтаас  зах зээлээ  хамгаалах нь.  Мөн  дотооддоо ч хамгаалах нь чухал.  Хошин шогийнхны түрэлт, одын систем гээд кино урлагт ороод ирж байна.  Үүнд  бас л нөгөө мэргэжлийн продюссерийн үүрэг гарч ирж байна.  Ямар нэгэн байдлаар олны танил болоод гарч ирсэн хүнийг зөв замд нь чиглүүлж явах нь  продюссерийн ажил юм. Тухайлбал, Б.Сарандаваа гэдэг хүн байна. Түрийвчээрээ далладаг гээд л хүн болгон үзэн яддаг. Тэгсэн хэрнээ хүн бүхэн очиж байна.  Би үүнийг  буруутгана зөвтгөнө гэдэг талаас нь хармааргүй байна.  Энэ хүнээр юу хийж болох вэ, яаж ашиглах вэ гэдгийг л олж  харах хэрэгтэй.  Энэ хүн хүмүүст худлаа хэлдэг байж мэднэ, гэхдээ муу юм хэлээгүй.  Тэр хүний лекцэнд сууж байгаа хүмүүс хамаг мөнгөө бараад Итгэлт хамбад мөргөж байгаа хүнээс ямар ялгаатай вэ.  Гэтэл продюссер Б.Сарандаваа гэдэг хүнийг бодлогоор Монгол туургатны Ванга болгож хувиргаж чадна.  Ийм хэмжээний продюссер Монголд хэрэгтэй байна.  Нэгэнт бий болсон  зүйлийг яаж ашигтай тал руу нь чиглүүлж эмх цэгцэнд нь оруулах вэ гэдгийг л продюссер хийдэг.  Тэгэхээр Монголын кино урлагийг сайн продюссерууд л аврахаар харагдаж байна.
 
Т. Батсайхан
Эх сурвалж " Зууны мэдээ" сонин