sonin.mn

Осол аваар их гарах болсон болоод ч тэрүү нийслэлийн удирдлагууд ширүүхэн байна. Энэ сарын 28-нд Нийслэлийн Удирдлагын зөвлөл хуралдаж нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын ажлыг зогсоох, барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн мэдээлэл болон Замын цагдаагийн газрын үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг таван асуудлыг авч хэлэлцсэн байна.

Улмаар зөвшөөрөлгүй баригдаж буй 80 барилгын 78-ыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авах нь зөв гэж үзжээ. Мөн хоёр барилгыг улсын өмчид шилжүүлэх буюу нураах шийдвэр гаргасан байна. Газрын тухай хуульд зааснаар зөвшөөрөлгүй талбай буюу нийслэлийн өмчийн талбайд баригдсан барилгыг газар чөлөөлөх шаардлагыг хүргүүлсний дараа тухайн компани арга хэмжээ авахгүй бол нийслэлийн Засаг дарга цагдаа, онцгой байдлын газрын тусламжтайгаар обьектийг нураах, улсын өмчид шилжүүлдэг юм байна. Шаардлага хуудсыг 14 хоногийн өмнө тухайн компанид хүргүүлсэн байх ёстой бөгөөд өмнөх Засаг дарга шаардлагыг хүргүүлж байсан аж. Тиймээс дээр дурдсан хоёр компанийн газрыг нийслэлийн өмчид авах шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ойрын хугацаанд гаргахаар болжээ.


Эх сурвалж:”Геологи уул уурхайн сонин”