sonin.mn

-Жарантав гуай, та одоо 70 настай. Гэхдээ нүүр царай чинь толигор өнгөлөг байгаагийн нууц юунд байна вэ?

-Нүүрээ дандаа цэв хүйтэн усаар угаадаг. Халуун ус амархан үрчийлгэдэг гэж багадаа сонссоноосоо хойш хүйтэн усаар угаагаад сурчихсан юм. Урлагийн хүн хөгширсөн ч гэсэн олны нүдэнд өнгөтэй харагдах ёстой шүү дээ. Нэг талаасаа үлгэр дууриал юм даа.



 -Зөв хооллолт эрүүл амьдралын нэг үндэс гэдгийг сонсоогүй хүн ховор. Таны хувьд хоолны ямар дэглэм барьдаг вэ?

-Хэт их өлсөх, хэт их цадахыг цээрлэдэг. Яг сайхан нормоо барьж хооллох ёстой. Зарим хүмүүс турах гэж байгаа нь энэ гээд хоолоо сойдог. Үүнийг би буруу гэж үздэг. Хоосон ходоод их ажиллахаар шархлаа гэж аюултай дайсныг бий болгодог гэж эмч нар нотолсон шүү дээ.



-Та турахын тулд хоолоо сойх хэрэггүй гэлээ. Таны хувьд илүүдэл жингээсээ салах ямар арга байна вэ?

-Турах гэж байгаа нь энэ гээд бараг юм идэхгүй мөртлөө бааранд орохоороо архи, пиво уугаад байвал яаж турах вэ дээ. Зарим залуучууд тэгдэг гээ биз дээ. Хоолоо сойж биш тохируулж сууж биш гүйж турах ёстой.



-Махыг ямар хэмжээгээр идэх ёстой гэж боддог вэ. Ерөөсөө мах идэх хэрэггүй гэдэг хандлага бас л байна.

-Мэдээж манайхан мах идэхгүй байна гэж юу байх вэ. Гагцхүү ямар махыг ямар улиралд идэх вэ гэдэг чинь нарийн асуудал. Жишээ нь би халуун зун адуу, хонь, гахайны мах иддэггүй. Харин ямаа, үхрийн махыг цагаан будаатай хэрэглэх дуртай. Ер нь би зун гадил, алим, тарвас их иддэг. Харин тарвага зурам, ан амьтны махыг огт идэж явсангүй.



-Ямар цай уухаар эрч хүчийг чинь сэлбэдэг вэ?

 -Монголчууд маань халууны улиралд хар цай уух дүргүй шүү дээ. Ялангуяа хөгшчүүдийг “Халуун зун хар цай уугаад” гэж үглэхийг олон сонссон. Яг нарийндаа өвлийн хүйтэнд л гэхээс аагим зун тослог ихтэй сүүтэй цайг их хэмжээгээр уух хэрэггүй. Зүрх судасны өвчтэй, даралт ихтэй хүнд зохихгүй. Угаасаа би биш, анагаах ухаан тэгж хэлээд байна шүү дээ. Тиймээс би хлостерин ихтэй ямар ч төрлийн хүнсийг тэвчдэг. Ер нь шингэн байхуу л миний ганц ундаа. Унтахаасаа өмнө бага зэргийн чихэртэй байхуу уудаг. Ходоодоо хов хоосон байхад унтаж чаддаггүй. Хоосон юм чинь ажиллаад нойр олигтой хүрдэггүй юм. Унтахаасаа өмнө нэг ширхэг өндөг идчихэд л болоод явчихна.



-Таныг би багаасаа мэднэ. Хэзээний л зэгзгэр цэх нуруутай, туранхай хүн байсан. Жингээ яаж бариад байна вэ?

-Хөдөлгөөний ач. Багаасаа л гүйж хариагаад сурчихсан. Бас усанд их сэлдэг байлаа. Дунд сургуулийн ахлах ангид байхдаа штанг өргөж эхэлсэн. Тэр үед биеийн тамир бүх ард түмний үйлс байлаа шүү дээ. Биеийн тамирын норм биелүүлэхгүй бол бараг их, дээд сургуульд элсэх боломжгүй байсан санагдана. Энэ бодлого их зөв байж. Даанч бид зах зээлд ороод хаячихсан юм. Цэрэг татлагаар баахан залуус нуруугаараа хасагддаг нь үүнтэй холбоотой гэж би боддог.



-Та одоо туухай өргөдөг үү?

-Бага багаар өргөнө. Шууд хаячихаж болохгүй гэж айгаад гэх үү дээ. Бие мах бодь маань нэхээд хэцүүдэх биз.



-Өөр ямар дасгал хийдэг вэ. Ер нь таны биеийн жин хэд вэ?

-68 кг. Нэмэгддэг ч үгүй, хасагддаг ч үгүй юм. Явган их явдгийн л үр дүн. Бас баянхуур хөгжим миний ганц хообий. Энэ маань жингээ барихад нөлөөлдөг биз. Хөгжмөө тоглохоор хоёр гар, цээжний булчин янзтай ажиллана шүү дээ. Тэгээд ч дуртай хөгжмийн маань ая эгшиглэхээр тархи толгой аяндаа сэргэдэг.



-Ер нь өглөө хэдэн цагт босдог вэ?

-Тэтгэвэрт гараагүй байхдаа өглөө эрт босдог байсан. Зургаан цагаас нэг их оройтож байгаагүй. Харин өдрийн амралтын цагаараа гэртээ ирээд 1 цаг унтаж амардаг байлаа. Тэгээд сэрэхэд сэргэлэн, цогтой болсон мэт санагдана. Оюун ухаан ч сайхан төвлөрөнө. Ер нь хүн өнжин хонон нойр хоолгүй зүтгэж болохгүй. Ажил амралтаа зөв зохицуулна гэдэг чинь аминдаа арчаатай хүний дэглэм шүү дээ. Энэ бие төмөр биш.



-Та ерөнхийдөө хөдөлгөөтэй хүн юм. Ажилсаг чанарыг хэнээс өвөлсөн бэ?

-Ааваасаа. Миний аав үргэлж л хөдөлж байдаг хүн байлаа. Түүнийхээ ачаар 102 насласан гэж би боддог. 101 настай байхдаа төмөр замд ажиллаж байсан гээд бод доо. Манайх 9 давхарт нүүж ирэхэд аав юмаа зөөгөөд л давгүй гарчихаж байсан юм. Өглөө тогтмол 6 цагт босно. Ээж бид хоёрт хоол хийж өгчихөөд л ажилдаа явна. Ирээд гэрээ цэвэрлэнэ. Түлээ модоо хагалж хөрөөднө. Тийм л хүн байлаа даа.



-Оюун ухаанаа сайжруулахын тулд яах вэ?

-Ном их уншдаг. Юу ч уншдаггүй хүн сэтгэдэггүй гэдэг үнэн шүү дээ. Харин сайн уншиж судалсны дараа толгойгоо сайтар амрааж байх ёстой. Дараа нь харин сайн ажиллуул.



-Сэтгэл санаагаа байнга өөдрөг байлгахын тулд яавал зохих вэ?

-Өөрийнхөө биеийг чангааж сэтгэлээр залуу бай. Би 70 настай. Гэхдээ өөрийгөө идэр залуу гэж бодоод гантел өргөдөг. Бас залуу сайхан охидтой хамаагүй ярьдаг. Үеийн юм шиг харилцдаг гэсэн үг. Хайр дурлалын тухай санаа солилцоно. Бүжиглэнэ. Зарим хүмүүс намайг хөгшин хүний намбагүй гэж боддог байх л даа. Тэр хамаагүй. Сайн, муу ярьж л байг. Би өөрөө л сэтгэлээрээ залуу явбал боллоо. Хөгшин болчихлоо гээд үеийнхэнтэйгээ өвчин зовлон, үхэл хагацал яриад суултай биш. Бас хэрүүл болж байгаа газраас хурдхан зайлдаг. Архи уудаг улсаас аль болох хол байхыг боддог. Тэднээс дандаа муухай эиерги ялгараад ямар олиг байхав дээ.



-Нээрэн таныг архи уудаггүйг олон хүн мэднэ.

-Нэгдүгээр ангид байхдаа бараашигийг компот гэж андуурч уугаад сүрхий согтож билээ. Тэр цагаас хойш архины төрлийн ундааг ер нь амссангүй дээ. Спиртийн дутагдал гэдэг чинь худлаа юм билээ. Айргийг ч гэсэн нэг их уугаад байдаггүй. Монголчууд харин хул хулаар нь ууцгаадаг. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэхээрээ хоол биш хор болдог шүү дээ. Ялангуяа бие муутай, эсвэл бэртэл гэмтэлтэй хүмүүст айраг огт болохгүй, батлагдчихсан. Рашаан ч адилхан. Манайхан чинь хээр хөдөө явж байхдаа сайн гэж сонссон рашаан болгоныг хүртэх гээд зүтгэчихдэг хообийтой улс шүү дээ. Энэ буруу. Зохих, зохихгүй гэж байна. Бас ямар рашааныг яаж уухаа мэдэж байх хэрэгтэй юм билээ. Балгаж уух уу, залгиж уух уу гээд л...



-Нэгэнт эрүүл мэндийн сэдэв хөндсөнийх тамхины талаар асуух нь зөв болов уу?

-Би тамхи татдаг байсан. 10- аад настайгаасаа эхэлсэн. Тэр үед хэдэн ялтнууд төмөр зам тавьдаг байлаа. Тэгээд л бидний хэдэн бацааныг дуудна. Очихоор мөнгө өгөөд тамхинд гүйлгэнэ. Шанд нь “мохоороосоо” өгнө. Бид яахав дээ. Шалганд орж аваад л татна. Ханиалгаад л. Ингэж анх тамхинд орсон түүхтэй. Тэр цагаас хойш олон жил татаад 2004 онд гарсан. Одоо татах нь бүү хэл тамхины утаа үнэртэж чаддаггүй. Ямар муухай юм хэрэглэж яваа вэ гэж бодохоор үнэхээр харамсдаг. Гудамжинд өмнө яваа залуу тамхи татахад өөрийн эрхгүй уур хүрээд байдаг юм. Хойноо байгаа хүмүүсээ тэр аяар нь хордуулж байна шүү дээ.



 -Уншигчдад хандаж юу хэлмээр байна даа?

-Ажаад байхад хүн өөрөө өөрийнхөө дайсан болж байна. Зүрх, уушиг, элэг, бөөр чинь чамайг амьдруулах гэж зүтгээд байна. Харин чи тэднийгээ хорлох хэрэггүй. Өөрөөр хэлбэл дотор эрхтнээ битгий алаач ээ. Ялангуяа ийм нийгэмд эд эс, эрүүл мэндээ хайрлах хэрэгтэй. Даанч бид дандаа эсрэгээр нь яваад байх юм. Ядаж байхад баяр ёслол их болдог болж. Шалтаг гаргаад л нэг их архи дарс болсон ширээ бэлдэж аваад л наргиж өгөх юм. Энэ утгаар нь хүн өөрийнхөө дайсан болжээ гэж би хэлээд байгаа хэрэг. Түүнээс гадна хүнд муу санах хэрэггүй. Чамд муу санаж байсан ч чи тэр хүний талаар мууг бодох хэрэггүй. Сэтгэлээрээ гэгээн явна гэдэг эрүүл амьдрахын нэг нөхцөл.


Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”