sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /BBC/.   Дэлхий дээрх хамгийн хөнгөн жинтэй хиймэл дагуулыг Энэтхэгийн нэгэн хүү зохион бүтээсэн бөгөөд ирэх 6 дугаар сард АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ тойрог замд оруулах гэж байна.  
 
Рифат Шаарүүк гэдэг хүүгийн бүтээсэн 64 гр жинтэй төхөөрөмж НАСА-гийн ивээн тэтгэсэн нэгэн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн байна. 18 настай хүүгийн ярьснаар, түүний гол зорилго нь 3D хэмжээст хэвлэгчээр хэвлэсэн сайжруулсан полимер төхөөрөмжийг ажиллуулах явдал гэнэ.
 
Рифатын ярьснаар, түүний зохион бүтээсэн төхөөрөмж тойрог замд нам өндөрт дөрвөн цагийн нислэг үйлдэн даалгавраа гүйцэтгэх аж. Энэ хугацаанд хамгийн хөнгөн жинтэй хиймэл дагуул сансрын жингүйдлийн нөхцөлд 12 минут орчим ажиллах гэнэ. 
 
Хиймэл дагуулыг Энэтхэгийн сансрын хөтөлбөрийг санаачлагчдын нэг болох ерөнхийлөгч асан Абдул Каламын нэрээр “KalamSat” гэж нэрлэсэн байна.
 
Түүний төслийг НАСА болон idoodle гэдэг боловсролын компанийн зохион байгуулсан Cubes in Space нэртэй сорил тэмцээний үеэр сонгон авчээ.
 
Залуу эрдэмтэн Рифат бол Тамил Наду дахь нэгэн жижиг хотын уугуул бөгөөд одоо Энэтхэгийн Ченнай хотод төвтэй “Space Kidz India” гэдэг байгууллагад ахлах судлаачаар ажиллаж байна.
 
“KalamSat” бол түүний анхны бүтээл биш юм. Тэрбээр  15 настайдаа залуу зохион бүтээгчдийн улсын уралдаанд оролцож, гелийн цаг уурын бөмбөлөг хийж байсан ажээ.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг