БОГОТА. /AFP/. Колумбын хөлөг онгоцны нэгэн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 6 хүн амиа алдаж,  23 хүн шархадсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ
 
Карибийн тэнгисийн боомт хот болох Картагена хотын усан онгоцны үйлдвэрт болсон энэ хэрэг нь  “осол байсан уу эсвэл халдлага байсан уу” гэдгийг орон нутгийн цагдаагийн газар шалгаж байна.
 
Гал түймэртэй тэмцэх албаны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдснээр “гурван удаа дэлбэрэлт болсноос хоёр нь нэг газарт болсон” гэжээ. АНУ-ын усан онгоц үйлдвэрлэгч “Astivik” компанийн үйлдвэрт хоёр удаа дэлбэрэлт болсон бол гурав дахь дэлбэрэлт Колумбын “Cotecmar” корпорацид гарсан байна.
 
Уг хоёр хөлөг онгоцны үйлдвэр нь Картагена хотын жуулчид олноороо ирдэг газраас 15 км-ийн зайд орших үйлдвэрийн бүсэд байдаг аж.
 
Засварт ороод байсан түлш тээвэрлэгч усан онгоцон дотор нэг удаа дэлбэрэлт болсон гэж “Cotecmar” корпорацийн ерөнхийлөгч Жорж Энрик Каррено сэтгүүлчдэд ярьжээ. Засварын газарт байсан усан онгоцон дотор хий дүүрч гал авалцан дэлбэрэлт үүссэн байж болзошгүй гэж албаны хүмүүс таамаглаж байна.
 
 Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг