sonin.mn
НЬЮ-ЙОРК. /АР/. Пүрэв гарагийн үдээс өмнө АНУ-ын Нью-Йорк хотын “Times Square” талбай орчимд явж байсан явган зорчигчид руу нэгэн автомашин маш хурдтайгаар дайран орж ирсний улмаас нэг эмэгтэй амиа алдаж, 22 хүн гэмтэж бэртжээ.
 
Энэ хэрэгт холбогдуулан 26 настай тэнгисийн цэргийн хүчний алба хаагчийг саатуулсан байна.
 
Нью-Йорк хотын жуулчид олноороо очдог тус талбайн нэг урсгалтай гудамжинд дээрх автомашин гэнэт бүтэн эргээд, урсгал сөрөн давхисан байна. Дараа нь чиглэлээ өөрчлөн явган хүний зам руу орж, хүмүүсийг мөргөжээ.
 
Гэмтэж бэртсэн 22 хүний долоо нь нэлээд хүнд гэмтэл авсан байна.
 
Нью-Йорк хотын дарга Билл де Блазио хэргийн газарт очин сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “энэ хэргийг террорист халдлага гэж үзэх үндэслэл байхгүй байна” гэв.
 
Эх сурвалжуудын мэдээлснээр, баривчлан саатуулах үед автомашины жолооч нь мансууруулах бодис хэрэглэсэн байжээ.
 
Г. Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг