sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан өнөөдөр Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэгт түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө.
 
Автомашиныг Япон улсад үйлдвэрлэж, тус улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ. Тухайлбал, хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагаа хянах төхөөрөмж гээд шаардлагатай бүх зүйлийг суурилуулсан байна. Энэ нь хүний амьдралын чухал эрхтэн болсон зүрх мэдрэл, амьсгалын замын хүнд өвчтэй, тархинд цус харвасан хүнийг эмнэлгээс эмнэлэг, орон нутгаас нийслэлд зөөвөрлөх явцад бүх төрлийн яаралтай тусламж үзүүлэх боломжоор хангана.  Мөн олон хүнд цаг алдалгүй эмнэлгийн тусламжийг газар дээр нь үзүүлэх, ингэснээр амь нас эрүүл мэндийг нь хамгаалах боломж бүрдүүлж өгч буйгаараа ач холбогдолтой.
 
 
Улсын Гуравдугаар төв эмнэлэг жилдээ 10-13 мянган зүрх мэдрэлийн өвчний яаралтай тусламж үзүүлдэг. Гэвч  түргэн тусламжийн гуравхан машинтай. Тэдгээр нь дөрвөн ээлжээр 24 цагийн турш  нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт түргэн тусламжийн дуудлагын дагуу үйлчилгээ үзүүлдэг.  2007 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй, автомашины элэгдэл их байдаг талаар тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир хэллээ. Түүнчлэн нийт  зургаан  түргэн тусламжийн машинтай байх ёстой. Өнөөдөр нэг машин нэмж дөрвөн машинтай боллоо. Дуудлагын автомашины хангалт, хүрэлцээгүй үед ийнхүү түргэн тусламжийн иж бүрэн төхөөрөмжтэй автомашин хандивлаж байгаа нь тус эмнэлгийнхэн болон өвчтөнүүдийн хувьд маш том дэмжлэг боллоо гэв.
 
 
Харин П.Цагаан, “Би энэ эмнэлэгтэй зовлон, жаргалтай олон зүйлээр холбогдож байсан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулахад шагналыг нь авчирч гардуулж байлаа.  Эдийн засгийн байдал хязгаарлагдмал үед  хүн ардад нэн чухал,  эрүүл мэндийн тусламж  үзүүлдэг энэ энэлэгт  яаралтай түргэн тусламжийн машин дутагдалтай гэдгийг сонссон. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд иргэн хүний үүргээ биелүүлж энэ автомашиныг Японоос оруулж ирээд өгч байгаадаа баяртай байна. Энэ автомашиныг ашиглаж олон хүний амь нас, эрүүл мэндийг аврах болтугай. Төрийн үйлчилгээ түргэн, түргэн тусламж нь бүр хурдан байх ёстой.  Жолооч нартаа хандаж хэлэхэд эмнэлгийн машинд зам тавьж өгөх нь бусдын амь насыг аврахад таны оруулах нэмэр гэж ойлгож зам тавьж өгч байгаарай. Эрүүл байна гэдэг хамгийн дээд баян. Монгол хүн бүр эрүүл байгаасай гэж хүсье” гэв.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг