sonin.mn
Бид өнөөдөр урлагийн үнэт зүйлийг ойлгодог, шинэ сэргэг бүтээлүүд зохион төрөн гарч, Э.Бат-Үүлийн санаачилсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хэмжээнд олон сайхан тоглолт, “урлаг хэмээх зүйлтэй өөрийн биеэр уулзан хуучилж суух” мэт үйл ажиллагуунууд зохиогдох болсон. Яг одоо тэдний ихэнх нь уламжлал болгон зохиогддог урлаг, соёлын томоохон “эвент” болон хувираад байгаа билээ. Ингээд уншигчиддаа энэ зун болох урлагийн томоохон арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг хүргэе.
 
Хүннү фестиваль
 
 
2014 он хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс хөтлөлцөн алхаж, дугуй унаж, хүүхэдтэйгээ зугаалж, нохойгоо салхилуулдаг л газар байв. Харин тус онд цэцэрлэгт хүрээлэнд “Хүннү хөгжмийн фестиваль”-ийг зохион байгуулснаар уур амьсгалыг бүрэн шинэчилсэн юм. Ийнхүү Монголын хамгийн анхны олон улсын, орчин үеийн хөгжмийн шилдгүүдийг нэг дор цуглуулсан тус  фестиваль мэндэлсэн билээ.
 
Аялал жуулчлалын салбарт олон жил үйл ажиллагаа явуулж буй "Женко Тур Бюро" ХК Монгол угсаатны түүхийн үнэ цэнийг орчин үеийн хөгжимтэй хослуулан сурталчлах зорилготой "Hunnu music Festival - 2017" арга хэмжээг 6 дугаар сарын 30-аас 7 дугаар сарын 1 хүртэл “Цонжинболдогт” зохион явуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар Монгол Улсын аялал жуулчлалын хөтөлбөрийг орчин үеийн хөгжмийн арга хэмжээгээр баяжуулж, хөрш зэргэлдээх орнуудын жуулчдын анхаарал, сонирхлыг татах өндөр ач холбогдолтой юм. Түүнчлэн наадам нь электроник хөгжмийн бүхий л урсгал, чиглэлийг таашаан сонсдог залууст зуны амралтаараа чөлөөт цагаа цэвэр агаар, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх боломж бүрдүүлж өгдөгөөрөө онцлог билээ.
 
“Тоглох цаг” амьд хөгжмийн наадам
 
 
“Playtime -2017” амьд хөгжмийн наадам ирэх 7 сарын 7-9-ны хооронд “Монгол шилтгээн”-нд зохиогдох гэж байна. Энэ удаад наадмын эхний өдөр Японы Кобэ хотоос гаралтай инди рок, синти-поп урсгалаар тоглодог, хамгийн алдартай Ази инди рок хамтлагийн нэг болох “The Fin” хамтлаг дуулах болсноороо онцлог юм. Зохион байгуулагчид “Play time festival” хэмээх өөрсдийн пэйж хуудсаараа дамжуулан “The Fin” хамтлагийг “хэн сайн мэдэх вэ” уралдаан зарлаад буй бөгөөд ялагчийг гурван өдрийн тасалбараар шагнахаар болжээ.
 
Мэдээж энэ бол наадмын үнэн үзэгчиддээ зориул сан олон онцгой бэлэгнүүдийн нэг нь гэдгийг уншигчид тааварлаж буй биз ээ. Огт өөр хүн болчихоод буцаж ирэхийг хүсэн тэмүүлж, өдөр тутамд тохиолддог хүндхэн асуудлуудыг шуудхан мартаж орхиод тув тунгалаг зүрхтэй болчихоод, сайхан хөгжим сонсохоос гадна найз нөхөдтэйгөө цэвэр агаарт гарч, зугаалахыг хүссэн хэн бүхэнд “Play time” наадмын үүд хаалга нээлттэй байх болно.
 
Жаззтай үдэш
 
 
Австрали, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Австралийн “The Syncopators” жааз хамтлаг олон нийтэд нээлттэй, цоглог жааз хөгжмийн тоглолтоо энэ сарын 20-нд толилуулах гэж байна. Тоглолтонд “The Jazz Train” хамтлаг, дуучин Наагий, Ариу нар оролцоно.  
 
Энэхүү хөгжмийн дуугаралт найруулга нь ямар нэг тогтсон хэв маяг хэмжээ хэмнэлд баригдахгүй бөгөөд хурдан хэмнэлээс удаан, удаанаас хурданд шилждэг бөгөөд тоглогдож байгаа хөгжмийн элемент бүр өөр, өөрийн гоцлол хөгжмийнхөө өнгө төрх уур амьсгалыг илэрхийлж байдгаараа онцлогтой юм. Тоглолт үнэ төлбөргүй тул та бүхэн цаг заваа тохируулан хүрэлцэн ирж нэгэн амралтын өдрөө жааз хөгжмийн хэмнэлд өнгөрүүлэх боломжтой.
 
Цасан цагаан
 
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 12 удаагаа зохион байгуулагдах гэж буй “Silence White” хэмээх монголын тэргүүлэгч бүжгийн үдэшлэгийг ихэнх уншигчид мэднэ.  Тус арга хэмжээ нь Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох бөгөөд наадмын гоёл нь “цагаан” байх ёстой.  Хотын соёл, орчин үеийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлох, Монголын бүжгийн хөгжмийг хөгжүүлж, сурталчлан таниулах нь тус наадмын зорилго юм.
 
Шинэ санааны давалгаа
 
 
Хэн, ямар тогтсон систем, ойлголт, хэм хэмжээг шинээр тогтоож байгаа бол? Хувьсал шинэчлэлийн давалгааг бид манлайлан чиглүүлж чадах болов уу? Эдгээр болоод өөр олон асуултуудын хүрээнд санал бодол, шинэ санаа, санаачлага, амжилт бүтээлээ олон нийттэй хуваалцаасай хэмээн дор бүрнээ энгийн хийгээд агуу өөрчлөлтүүдийг эхлүүлсэн айсуй давалгааны эзэд болох эгэл жирийн боловч энгүй хүмүүсийн яриаг нийгэмд хүргэхээр “TEDxUlaanbaatar” үйл ажиллагааг “Айсуй Давалгаа” сэдвийн дор зохион байгуулах гэж байна.
 
Тус арга хэмжээ нь энэ сарын 27 –ны өдөр “The Corporate Hotel & Convention Centre Concert Hall”-д болох юм. 7 дахь жилдээ зохиогдож буй уг арга хэмжээ нь ашгийн бус бөгөөд улс төр, шашны болон өөр бусад нөлөөллөөс ангид байдаг ба тухайн бүс, нутагт гарч буй шинэ санаа, санаачлагуудыг нэгэн тавцанд цуглуулж, дэлхий нийтэд хүргэх зорилготой юм.
 
 Б.Алтанхуяг
Эх сурвалж: Монцамэ агентлаг