sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн төгсөгч, Москвагийн Политехникийн их сургуулийн хэвлэл мэдээллийн салбарын аспирант, Монголын орчуулагчдын холбооны ерөнхийлөгч Ононгийн Чинбаярын Оросын үргэлжилсэн үгийн алдарт зохиолч Андрей Платоновын “Чевенгүр” романыг монгол хэлнээ орчуулж шинээр хэвлэн гаргасны нээлт А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн лекцийн танхимд энэ сарын 18-нд болжээ.
 
Тус нээлтэнд А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн захирал А.Н.Варламовын урилгаар Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцов. Арга хэмжээг нээж А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн захирал А.Н.Варламов товч үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ XX зууны Оросын алдарт зохиолуудаас хамгийн агууд тооцогддог А.Платоновын “Чевенгүр” роман манай сургуулийг төгсөгч Ононгийн Чинбаярын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн ачаар Монголын уншигчдын хүртээл болж байгаа нь  утга зохиол сонирхогч, судлаачдын хувьд их том үйл явдал юм гээд “Хэрэв зохиолч Андрей Платонов өнөөдөр эсэн мэнд байсан бол өөрийн энэ бүтээлийг нь англи хэл дээр орчуулснаас илүү их баярлах байсанд эргэлзэхгүй байна” гэж тус орчуулгын ач холбогдлыг тодотгов.
 
Дараа нь орчуулагч О.Чинбаяр өөрийн орчуулсан бүтээлүүд, түүн дотроос “Чевенгүр” романыг орчуулсан түүхээс ярьж сонирхуулаад төгссөн сургууль болон одоо ч зөвлөн тусалж байгаа эрдэмтэн багш нартаа талархал илэрхийлж “Чевенгүр” роман нь дэлхийн 11 хэл дээр орчуулагдсан ба Азийн орнуудаас анх удаа монгол хэл дээр орчуулсандаа баяртай байгааг онцлов.
 
Элчин сайд Б.Дэлгэрмаа  А.Платоновын “Чевенгүр” романыг  монгол хэлнээ орчуулж шинээр хэвлэн гаргасны нээлтэнд урьсанд А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн захирал А.Н.Варламовт талархал илэрхийлээд ийм агуу зохиолыг зориглон орчуулсан О.Чинбаярт баяр хүргэж уран бүтээлийн амжилт хүсэн ерөөв. Мөн өөрийн аав, Монголын үргэлжилсэн үгийн алдарт зохиолч Намсрайн  Банзрагчийн сурч байсан А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд уригдан ирж байгаадаа баяртай байна гээд зохиолчийн гэр бүлд төрж, өссөн хүний хувьд болон орчуулагч, зохиолч хүний ажлын онцлогийг мэддэг хүний хувьд орчуулагч О.Чинбаяр бол алдарт “Улисс” романыг орчуулсан манай үеийн хамгийн сайн мэргэжлийн орчуулагчдын нэг гэдгийг энэ орчуулгаараа баталж буйг тэмдэглэн хэлэв.
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг