sonin.mn
ЛОНДОН./BBC/. Өдөрт тал хундага дарс эсвэл нэг аяга пиво уух нь хөхний хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг гэж Дэлхийн хавдар судлалын сангийн /WCRF/ мэргэжилтнүүдийн илтгэлд дурджээ.  
 
Хэрвээ эмэгтэй хүн өдөр бүр бага хэмжээгээр /10 гр алкоголь/ уусан ч гэсэн цэвэршилтийн дараа сүүний булчирхайн хавдар үүсэх магадлал 9 хувиар нэмэгддэг байна.
 
Эрдэмтдийн үзэж байгаагаар, биеийн тамираар тогтмол хичээллэх нь өвчлөх магадлалыг бууруулдаг аж
 
Хэрвээ эмэгтэй хүн тогтмол гүйж эсвэл дугуй унадаг бол хавдар үүсэх эрсдэл амьдралын идэвхгүй хэв маягтай хүмүүстэй харьцуулахад 10 хувиар бага байдаг байна. Үүний зэрэгцээ, хавдар үүсэхэд дааврын шүүрлийн хэмжээ, генийн суурь зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд дурджээ.
 
Хөхний хавдар үүсэхэд ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг нийтдээ 18 хүчин зүйлийг WCRF-ийн мэргэжилтнүүд дурдсан ба согтууруулах ундаа хэрэглэх нь тэдгээрийн зөвхөн нэг нь юм.
 
2016 онд Британийн эрүүл ахуйн ерөнхий байцаагч зөвлөхдөө "эрэгтэй болон эмэгтэй хүмүүс долоо хоногт 14-өөс илүүгүй нэгж /7 хундага дарс/ согтууруулах ундаа хэрэглэж байхыг зөвлөсөн ба зарим өдрүүдэд спиртийн төрлийн ундаанаас бүрэн татгалзах хэрэгтэй" гэжээ
 
Согтууруулах ундаа нь долоон төрлийн хавдрын өвчлөл, тухайлбал, амны хөндий, хоолой, төвөнх, элэг, нарийн гэдэс, хоол боловсруулах зам болон хөхний хавдар үүсгэх магадлалтай гэдгийг Их Британийн эрдэмтэд анхааруулжээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг