sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас  /ХХААХҮЯ/ нийслэл хотноо зохион байгуулж буй Малчдын улсын зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд эхэлж, 21 аймгийн 330 сумын 800 гаруй малчид, фермерүүд оролцож байна.
 
Мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, аварга малчдын мал маллах арга туршлагыг солилцох зорилгоор зохион байгуулж буй зөвлөгөөнийг  ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн нээж үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож, малчдад хандан үг хэлсэн юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Малчдын маань уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар мал сүргийн тоо толгой түүхэндээ хамгийн дээд хэмжээ буюу 61.5 саяд хүрч, гурван их наяд гаруй төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. Энэ бол улс орны эдийн засагт манай малчдын оруулж байгаа томоохон хувь нэмэр юм” хэмээн онцоллоо.
 
Харин салбарын сайд П.Сэргэлэн  “Мал аж ахуйн салбар нь  дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх хөдөө аж ахуйн салбарын 80.0 орчим хувийг тогтвортойгоор үйлдвэрлэж хүн амыг хүнсээр, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангасаар ирсэн. 2010 оноос мал сүргийн тоо тогтвортойгоор өсөж, мал сүргийг хувьчилж байсан 1990 онтой харьцуулахад 2.5 дахин өсөж тэр хэмжээгээр мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөж байна. Мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд 15.0-20.0 сая толгойгоор өсөж байгаа нь малчин түмний нөр их хөдөлмөр, Төр, засгаас баримталж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлж байгаа орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийн үр шим гэж үзэж байна. Бидний өмнө энэ их баялгийг эдийн засгийн үр ашигтай, үнийн дээд төвшинд хүргэж дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, экспортыг нэмэгдүүлэх зорилт байна. Үүний тулд байгаль, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг дагаж мал аж ахуй эрхлэх арга барил, малын удмын сангийн талаарх ойлголтууд хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед дэлхийн чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх, үржил селекц, эрүүл мэндийн ажлыг оновчтой удирдан чиглүүлэх ажлыг хамтдаа бүтээцгээе” гэдгийг онцлов.
 
Зөвлөгөөнөөр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйг хөгжүүлэх талаар тусгагдсан олон арга хэмжээнүүдийг мал аж ахуйн салбарт ажиллаж буй малчид, мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж цаашид орон нутагт хэрэгжүүлэх юм. Мөн зөвлөгөөнд оролцож байгаа малчид, фермерүүд мал аж ахуйн салбарын гол эрх зүйн баримт бичиг болох Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдэд санал өгч хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо илэрхийлж хуулийн төсөлд тусгуулах аж.
 
 
Засгийн газраас мал аж ахуйн салбарт авч хэрэгжүүлэх зорилт нь: 
 
1. Мал эмнэлгийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, стандартын шаардлага хангасан мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх,
2. Малчид хөдөлмөрөө хоршин ажиллаж ажлын бүтээмж сайжруулан мал аж ахуйгаас олох орлогоо нэмэгдүүлэхээр Малчдын хоршоонд нэгдэж ажиллах боломж болон малын гаралтай түүхий эдийг малчдын хоршоогоор дамжуулж бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх,
3. Мал аж ахуйн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах, мал аж ахуйн хөгжлийн талаарх олон улсын туршлагыг судлах, нэвтрүүлэх.
4. Малыг бүртгэлжүүлж, малын гаралтай түүхий эд бэлтгэлийн чанар стандартыг дээшлүүлж, гарал үүслийг тодорхой болгох системийг бүрдүүлэх,
5. Малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж биотехнологийн ололтыг нэвтрүүлэн шинэ үүлдэр, омгийг бий болгох, мал үржлийн нэгжүүдийг чадавхжуулах,
6. Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах үйл ажиллагаанд зээлийн дэмжлэг үзүүлж, өвс тэжээлийн аюулгүй нөөцийг нэмэгдүүлэх,
7. Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, хөдөөгийн усан хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрт хөнөөл учруулж буй хортон мэрэгчидтэй тэмцэх зэргээр бэлчээрийн доройтлыг бууруулах,
8. Энэхүү зөвлөгөөнөөс зөвлөмж гарган бүх аймаг, сумдад хүргүүлж тухайн орон нутагт хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахаар зорьж байгаа юм. 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг