sonin.mn
ХОНКОНГ./TASS/. "Азийн Нобелийн шагнал" гэж тооцогддог “Shaw Prize” шагналыг энэ онд барууны орнуудын таван эрдэмтэнд гардуулна. Энэ тухай уг шагналын хороо мэдээллээ.
 
“Shaw Prize” шагналыг Хонконгийн хэвлэл мэдээллийн салбарын магнат Шао Ифу 2002 онд анх санаачлан бий болгожээ.
 
Одон орны салбарт тус шагналыг “Орчлон ертөнцийн бүтэц үүслийн судалгаанд” ихээхэн хувь нэмэр оруулсан Германы Макс Планкийн нийгэмлэгийн одон орны физикийн хүрээлэнгийн захирал Саймон Уайт хүртэх юм.
 
Анагаахын шинжлэх ухааны салбарт “Shaw Prize” шагналын эзнээр Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Ян Гиббонс, Сан-Франциско хотод байрлах Калифорни муж улсын их сургуулийн профессор Рональд Уэйл нар тодорчээ. Энэ хоёр эрдэмтэн эсийн дотор “ачаа” зөөхөд оролцдог кинезин, динеин гэдэг молекуляр уургийн бүтцийн онцлогийг судалжээ. Үүний үр дүнд хавдар болон мэдрэлийн өвчнийг эмчлэхэд томоохон ахиц гарах юм.
 
Математикийн салбарт уг шагналыг “алгебрийн геометрийн судалгааны олон салбарт гарамгай амжилт гаргасныг нь үнэлэн" Америкийн Принстоны их сургуулийн эрдэмтэн Янос Коллар, түүний хамтрагч Францын эрдэмтэн Кляйр Воисин нарт хүртээхээр шийдвэрлэжээ.
 
“Shaw Prize” шагналыг дагалдуулан 1,2 сая долларын мөнгөн шагнал олгодог бөгөөд уг мөнгийг шагналтнууд тэнцүү хуваан авдаг байна.
 
Шагнал гардуулах ёслол 9 дүгээр сарын 26-нд Хонконгт болно. Нийтдээ 70 гаруй эрдэмтэн уг шагналын эзэд болж байлаа. Шагналыг бий болгосон Шао Ифү 2004 онд 106 насандаа өөд болжээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг